Манай улсын гадаадын өр сэрэмжлэх түвшинд хүрч болзошгүй байна

Сангийн Сайдын хүсэлтийн дагуу мөн ҮАГ-ын энэ оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн ҮАГ-аас хийсэн гүйцэтгэлийн аудитай хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлээр хэрэгжүүлж байгаа 31 төсөл хамрагдав. Төслийн нийт ажлын 80-90 хувийг инженер зөвлөх компани, 14 хувийг гадаадын зөвлөхийн үйлчилгээ эзэлж байна. Гадаадын зээлээр санхүүжиж байгаа төслүүдийн бодлого, зохицуулалт, хэрэгжилт, үр дүн, зөвлөхийн ажлын цар хүрээний байдалд хийсэн аудитын энэхүү дүгнэлтэд Гадаадын зээлээр санхүүжиж байгаа төслүүдэд нэгдсэн бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байна гэжээ.

Гадаадын зээлээр санхүүжиж байгаа төслүүдэд нэгдсэн бодлого, зохицуулалт дутагдаж байна

Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуульд Төрийн бодлогод нийцүүлэн гадаадын зээл, тусламжийг авч хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, батлах гэж заасан бий. Үүний дагуу Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон ажлын хэсэг гадаадын зээл, тусламжийг авч хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги боловсруулахаар 2005 оны III capaac эхлэн ажиллаж байгаа боловч энэ ажил одоо болтол дуусаагүй байна. Энэ нь төслүүдийг нэгдсэн удирдлагаар хангах боломж бүрдээгүй байгаа хэрэг юм. Аудитад хамрагдсан 31 төслийн зээлээс 2005 оны XII сарын 31-ний байдлаар 648,5 сая ам. долларыг зарцуулж, төслийн ашиглалт 62,8 хувьд хүрчээ. Ашигласан зээлийн 84,1 хувь буюу 545,5 сая ам. долларыг эдийн засгийн салбарт, үлдэх 15,9 хувийг нийгмийн салбарт зарцуулжээ. Олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас авсан зээлийг эрчим хүчний компаниудад дамжуулан зээлдүүлэхдээ зээл төлөгдөхгүй байх эрсдэлээс хамгаалах зорилгоор хүүг нь 0,2-4,75 хувиар нэмэгдүүлсэн аж. Энэ нь зээлийн хүүгийн эрсдэлээс хамгаалж байгаа хэдий ч хүүгийн түвшинг өсгөж, төлөх хугацааг нь багасган, ингэснээр эрчим хүчний компаниудын хүүгийн зардал өндөрсөж, тэд өрийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлжээ. Төслийн санхүүжилтийн нэхэмжлэлийг 7-9 хүн хянаж, гарын үсэг зурдаг нь дотоод хяналт сайн байгааг харуулах боловч аль шатанд хэн, хэд хоног, хэрхэн хянах нь тодорхой бус, үүнээс шалтгаалж хугацаа алдах, аливаа алдаа гарахад хариуцлага хүлээх тодорхой эзэнгүй болгож байна.

Төслийн удирдах нэгжийн ажилтнуудын цалин хөлс харилцан адилгүй, зарим нь тэмээ, ямаа шиг

Зарим төсөл дээр ажлын голыг нугалдаг монгол 6-9 мэргэжилтний сарын цалингийн зардал нийлээд 912-994 ам. доллар байхад зөвхөн төслийн удирдагчийн сарын цалин 1100-1543 ам.доллар байна. Гадаадын зөвлөхүүд голдуу зам тавих зэрэг дэд бүтцийн салбарт ажиллах сонирхолтой байдаг гэнэ. Мөн хэрэгжүүлэх төслийн зорилт, зорилго давхарддаг бөгөөд энэ нь ялангуяа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хийх ажил, хэрэгжүүлэх төсөл дээр илүү олон гардаг байна. Иймд тэдгээрийг нэгтгэх, багцлах шаардлага байгаа юм. Нөгөө талаар зарим төслийн хэрэгжих хугацаа хэтэрхий урт, товлосон цагтаа дуусах нь ховор, гадаад зөвлөхүүд ч төслөөс юу үлдэх нь чухал биш, өндөр цалин, тохилог орчиндоо хоргодож, хугацааг нь сунгах сонирхолтой байдаг бололтой.

Гадаадын зээлээр хэрэгжих хөрөнгө оруулалтын шинж чанартай арга хэмжээ улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, гүйцэтгэлд тусгагдахгүй байна

Улсын төсвийн 2005 оны хөрөнгө оруулалт, их засварын зардалд ЭМ-ийн Сайдын багцад 3448,0 сая төгрөг баталжээ. Гэтэл энэ салбарыг хөгжүүлэх II шатны төслийн санхүүжилтээр дээрх хөрөнгийн 87,0 хувьтай тэнцэх хэмжээний 3014,4 сая төгрөгөөр эмнэлгийн барилга, их засварын ажил нэмж хийсэн байна. Мөн 2003-2005 онд ХЗДХЯ-анд Шүүх эрх зүйн шинэтгэл төслийн санхүүжилтээр нийт 419,6 мянган ам. долларын хөрөнгө оруулалтын чанартай ажил хийжээ. Зээлийн хөрөнгөөр хийж байгаа хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн дүнд оруулахгүй, гүйцэтгэлийг нь тайлагнахгүй байгааг аудитын шинжээчид анхааруулж байна. Ялангуяа нийгмийн шинж чанартай, эдийн засгийн үр ашиг муу, эргэж төлөх боломжгүй, өртөг зардал нь байнга нэмэгдэж байдаг идэмхий салбарт олгох гадаадын зээлийг багасгах хэрэгтэй байна гэж үзэж байна. Төслийн нэгжийн удирдагч нарын дунд санал асуулга явуулахад тэдний 70-аас илүү хувь нь гадаадын зээлээр хэрэгжиж буй төслүүдийн талаарх нэгдсэн бодлого, зохицуулалт оновчтой биш, мөн гадаадын зээлэар хэрэгжиж байгаа төслүүдэд тавих хяналт үр дүн муутай гэж хариулжээ. Төслүүдэд хяналт тавих үүрэг хүлээдэг тогтолцоон дотроос Сангийн Яамны гүйцэтгэж буй ажил үүргийг аудит хангалтгүй гэж дүгнэв. Аудитын тайланд эр зөрчлийн талаар жишээ дурдсан байлаа.

Урт хугацааны зээлийн өрийг төлж барагдуулах манай чадвар жил бүр буурсаар, суларсаар

Судалгаагаар манай улсын гадаад өрийн дарамт аюулын харанга дэлдэж, дунд хугацаанд сэрэмжлэх түвшинд хүрэх дөхжээ. Засгийн газрын шугамаар өмнө нь авсан гадаад зээлийн өр нь төсөв, төлбөрийн балансын алдагдлыг нөхөх, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбогдон үүссэн байна. Иймд цаашид гадаад зээлийг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л авч байх, гадаад өрийн дарамтад орохгүй байх бодлого барьж ажиллах нь чухал байна.

Гадаадын зөвлөхийн ажлын чанар, үр нөлөөг хянах тогтолцоо одоо ч бүрдээгүй байна

Инженер-зөвлөх компаниуд төслийн ажлын 80-90 орчим хувьд хяналт тавьж, зөвлөгөө өгч үйлчилдэг аж. Аудитын судалгаанд хамрагдсан төслийн зөвлөх үйлчилгээний нийт ажлын 14,0 хувь буюу 274,8 хүн /cap нь гадаадын зөвлөх, 86,0 хувь буюу 1704,0 хүн/ cap нь дотоодын зөвлөх гүйцэтгэхээр зээлийн гэрээнд тусгажээ. Ажлын ачаалал ийн харьцангуй их, бага өөрөөр хэлбэл гадаадын зөвлөх нийт ажлын 4,3-19,8 хувийг гүйцэтгээд харин цалингийн 84,3-92,8 хувийг хүртэж суудаг аж. Бүр тодруулбал гадаад зөвлөхийн дундаж цалин дотоодын зөвлөхөөс даруй 7,6-16,7 дахин их байдаг ажээ. Уг нь Сангийн Яамны Өрийн удирдлагын хэлтсээс зээлийн гэрээнд тусгасан нийт зардалд гадаад зөвлөхийн зардлыг таван хувиас хэтрүүлэхгүй бодлого барьж байгаа гэх боловч зарим төсөл дээр энэ хувь 45,3-д хүрчээ. Үүний хажуугаар гадаадын зээлээр санхүүжиж байгаа зарим төсөл дээр ажиллах чадвартай үндэсний боловсон хүчин, өндөр боловсролтой залуучууд бий болж байгааг дэмжиж, гадаад зөвлөхийн зардлыг багасгах бодлого барьж байгааг хэлэх хэрэгтэй. Бид ийм залуусаа хэр ашигладаг вэ? Өндөр хөгжилтэй орнуудад докторантур, магистрт 2000-2005 онд Төрийн сургалтын сангийн зардлаар жилд дунджаар 70-121 хүн суралцаж, 15-32 хүн төгсч ирдэг гэнэ. Тэдний ихэнх нь төслийн үндэсний зөвлөхөөр гэхдээ гадаадын зөвлөх компанид ажилладаг байна. Ажлын талбарт гадаад зөвлөх богино хугацаагаар, харин үндсэндээ дотоод зөвлөхүүд ажилладаг гэх боловч гэрээнд энэ талаар тусгадаггүй, ерөөс дотоодын зөвлөхийн асуудлыг хөндсөн тодорхой зүйл ховор бололтой.

Гадаад зөвлөхийн ажлыг хэн хянах ёстой вэ. Тэд үүргээ хэр биелүүлж байна?

Энэ хүний ажилд шат дараалсан хяналт тавих ёстой. Гадаад зөвлөхүүд ажилласан хугацааны тайлангаа төслийн удирдах нэгж, төсөл хэрэгжүүлэгч яам, Сангийн яаманд өгдөг номтой. Танай яаманд гадаад зөвлөхийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх хяналтын тогтолцоо бий юү? гэж асуухад 65 хувь нь байхгүй гэж хариулжээ. Яагаад тэднийг хянадаггүй гэж? Хариулт нь яамны зүгээс зөвлөхийн ажлын гүйцэтгэлд тавих хяналтын механизм байхгүй, байсан ч тодорхой бус, тайланг нь хэлэлцүүлдэг боловч цаашид түүнийг хэрхэн ашиглах нь тодорхой бус, төслийн удирдах нэгжид итгэдэг учир хяналт тавьдаггүй, Сангийн Яамны бодлого зохицуулалтын газар хяналт тавьдаг, тэндхийн төсөл хариуцсан мэргэжилтнүүд ажлаа муу мэддэг, олон улсын хэмжээнд арга хэмжээ авах тухай гэрээний заалт байдаггүй, ажлын гүйцэтгэлийн чанарыг үнэлэх, хэрэгжүүлэх механизм шаардлагатай байна, төслийн үндсэн баримт бичигт тухайн яамны санал дүгнэлтийг тусгадаггүй, гэрээнд энэ талаар заалт байхгүй гэх мэтээр хариулсан байна. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн удирдлага, хэрэгжүүлэгч яам, СЯ-анд гадаад зөвлөхийн ажлын тайланд дүгнэлт өгч, саналаа илэрхийлсэн албан ёсны баримт алга байгаа нь хяналтын тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна. Аудитын дүнг хэлэлцсэн хурлаас дээрх тайланг батлах, зохих хувийг СЯ-нд хүргүүлэх, хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, энэ тухай мэдээллийг энэ оны XII сарын нэгний дотор ҮАГ-т ирүүлэхийг даалгасан шийдвэр гаргалаа.

Ч.Мөнхтуяа
2006.07.17 Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button