Олон санаат оргож босно

Хөгшчүүлийн нэгэн насандаа үзсэн олон төрийг орчин үеийнхэн хэдхэн жилийн дотор үзэх шив дээ. Арван жилийн сургуульд байх үед түүхийн хичээлээр монголын төрийг авч явж байсан сайд нарын түүх намтрыг цээжлүүлдэг байсныг мартаагүй биз. Харин бидний хойч үеийнхэнд л жаахан асуудал үүсэх нь дээ. Тэд жил биш, хэдхэн өдрийн настай эасгийн газрын сайд нарын нэрийг цээжлэх гэж бөөн юм болох бий вий. Тэр сайдын намтрын талаар дурьдаад ч хэрэггүй. Угаасаа цээжилж барахгүй. Төрийн байгаа байдал нэг иймэрхүү л янзтай. Барилдаж буй бөхчүүд шиг нэг нэгнийгээ хөнтөрсөөр байгаад адаг сүүлд нь төрийн сайд болж үзээгүй монгол хүн гэж байхгүй боллоо. Нэгнийхээ хийж байгаа ажлыг өөчилж, гоочилсоор байгаад л ажлаа амжуулчихна. Алдарт XX зуунтай золгосноос хойш манай засгийн газрууд дараалан дампуурсаар л. Ард түмэнд нь энэ сайдыг огцруулж, оронд нь түүнийг гарга гэх тэнхэл ч алга болжээ. Жагсаал цуглаанаас залхаж, дайжсанаас хөдөөнөөс хот руу суурьших их нүүдэл зогсонги байдалд оров уу. Засгийн газрууд сүржин нэр шошготойгоор гарч ирээд сүр бадруулан унадаг болж. Эвлэрлийн, Эв нэгдлийн, Зөвшилцлийн гээд л оноох нэр олон, ойчих шалтаг мундахгүй. Зөвшилцлийн засгийн газрыг нэр хүндтэй хоёр нам элбэж байгуулаад Ц.Элбэгдоржийг сайдаар тавьж, хоёр жил сайн ажиллаарай гэж хошигруулаад л хоёр сарын дотор дэгээдчихсэн. Үүнд толгойлон opoлцсон нь М.Энхболд. Түүнийг Элбэгээг оролдож эхлэх тэр үед л дараагийн ерөнхий сайд болох нь гэдэг таамгийг хэлэлцэж эхлэв. Энэ нь оносон доо. Ард түмэн дургүйцэж, төрөөрөө тоглож байгаа эрх баригчдыг шүүмжилж л байсан. Гэвч ард түмнийхээ үгийг нохой хуцахаас дорд үздэг түшээд авч хэлэлцэлгүй зүтгэсээр засгийн газраа огцруулсан. Гэтэл одоо Энхболдын засгийн газрыг унагах гэсэн санаархал нам дотроос нь цухуйх болов. Ардчилсан нам болон бусад хүчнүүдийн байр суурь тодорхой. Тэд засгийн газраа ойр ойрхон ингэж унагах нь одоо үед арай л зохимжгүй гэж үзжээ. Ер нь энэ засгийн газрыг унагах гэсэн шалтгаан нь зарим нэг сайд нарынх нь хийж байгаа ажил салбарыйнханд нь таалагдахгүй байгаагаас үүдэлтэй. Үүнд Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайгийн хийж байгаа албан тушаалын халаа, сэлгээ. Найр наадам, их ой тохиох гэж байхад өөрийн улсын нэр төрд хар толбо суулгах гэж байгаа юм шиг ингэх нь утгагүй. Ядаж төрийн наадам өнгөрсний дараа энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэг шийдвэрийг гаргасан шиг байгаа юм. Төрөөрөө тоглож, бахаа хангагсадаар саарал ордон дүүрээ юу даа гэсэн бодол төрөх шив сүүлийн үед.

2006.07.17 Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button