Х.Баатар үгүйсгэж, Б.Даваажав хүлээн зөвшөөрсөн 64 сая төгрөгийн авлигын хэрэг хэзээ шийдэгдэх вэ?

Дэд бүтэц сайн хөгжсөн улсуудад авлигын хуулийг сайтар чандлан баталж өгсөн байдаг агаад манай улсад энэ хууль хэрэгжих гэж эгээ л дуншин, базалж, чаддаг нь чармайж, чаддаггүй нь ханиаж явна. Өнгөрсөн жилийн өдийгөөс яригдаж, дуулсан бүхний сонорыг цочоосон дуулиант мэдээ Х.Баатараас өөр хэн байх вэ. Анх Ханбүргэдэй дэлгүүрийн орчим биллиард тоглох гэж зугаалж яваад цагдаагийнхны гарт орсон тэрээр өөрийгөө чамгүй сайн өмгөөлдөг нэгэн аж. Бүр унаж явсан машиных нь суудал дороос 5000 ам.доллар гарсныг ч үгүйсгээд амжсан. Гаалийн даргын алба хэмээх өндөр сэнтийд тодорхой хугацаанд суухдаа хэдэн ч аавын хүүгээс хээл хахууль авсан нь нууц хэвээр. Мөн энэ нь хаана ямар үйлдвэр, худалдаа болон хувираад байгааг мэдэх аргагүй. Гэвч хуулийн хүрээнийхэн энэ хэргийг шийдвэрлэхээр ажилдаа ороод байгаа ба нууцгүй хэлэхэд хавтаст хэрэгтэй танилцах цаг хугацаа тэдэнд олдоогүй гэнэ. Монгол л болсон хойно Шүүхийн байгууллагын 80 жилийн ойн баяр гээд дээр доороо орон баярлацгаасан гэх. Энэ бүхний эцэст сөхөө авч Х.Баатарын шүүх хурал зургадугаар сарын 15-нд болох магадлалтай байна. Харин түүний хэргийг нотлох хангалттай баримт байгаа аж. Бичигтийн боомтын дарга Б.Даваажав албан тушаалдаа тогтохын тулд Х.Баатарт 64 сая төгрөг өгснөө хүлээн зөвшөөрөөд байгаа. Мөн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвын дүү .Батболд 4000 ам.доллар Х.Баатарт өгсөн, Б.Даваажав, Х.Баатар нар Таван тэрбум орчим төгрөгийн хар тугалга хилээр давуулсан, УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү Х.Баатарт дөрвөн сая гаруй төгрөг өгсөн, Ө.Энхтүвшин сайдын гэргий Собу компанийн менежер Ж.Булганаа татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл авах гэж Х.Баатарт долоон сая төгрөг өгсөн зэрэг баримт бий. Үүгээр ч үл барам Ө.Энхтүвшин сайд Гаалийн ерөнхий газраас 40 сая төгрөг гарган, хотын төвд тохилог орон сууц авч өгсөн гэгддэг ч Ө.Энхтүвшин сайд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Ямартай ч Х.Баатарын авлигын хэрэгтэй холбоотой нотлогоо ийнхүү эхнээсээ нээгдэж эхлээд байгаа юм. Гэвч харамсалтай нь, Х.Баатар энэхүү нотолгоог ямар ч үндэслэлгүй хэмээн үзэж байгаа аж. Хуулийнхны нүдэнд өргөс хийх гэж галзуу солиотой болж жүжиглэж нэг үзэж, өвчилж нэг үзсэн Баатарын ээлжит сюрприз юу байх нь одоогоор тодорхойгүй байна.

2006.06.20 Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button