Монголоос Герман руу эрчим хүч экспортлох уу?

Монгол-Германы уул уурхай, түлш эрчим хүчний салбарынхны тавдугаар бага хурал боллоо. Наадмын хөөрлөөсөө салж чадаагүй байх магадлалтай манай уул уурхайн салбарынхан бүгд тэнд цуглаж. Хаа сайгүй Д.Сумьяабазар түрүүлж, А.Сүхбатын зодог тайлсан тухай цэц булаалдаж байх агшинд Чингис зочид буудлын хурлын танхимд хөрөнгө оруулалтын тухай яриа өрнөх аж. Учир нь тэд Монголоос Герман руу эрчим хүч экспортлох уу гэсэн асуултад боломжийн хувилбар олох санаатай санал солилцох аж. Уг нь саяхан Германы 10 орчим сэтгүүлч, төр засгийн түшмэдүүд, бизнесийн хүрээнийхэн ирээд явсан. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын урилгаар ирсэн тэдгээр хүмүүс энэ удаагийн бага хурлын уур амьсгалыг тандаж явсан бололтой. Герман улсын цахилгаан станцын нэг жилийн чулуун нүүрсний хэрэглээ 50-44 сая тоннд эргэлддэг. Үүний 60 хувийг нь импортоор авдаг бөгөөд Өмнөд Африк болон Польш улсаас 40 орчим хувийг нь авдаг. Улмаар Герман улсын эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр өөрийн орноос олборлох нүүрсний хувь хэмжээ буурч, 2012 онд гэхэд нийт олборлох чулуун нүүрсний хэмжээ 10 сая тонноор багасч, энэ салбарын ажиллах хүчний тоо 15 мянган хүнээр буурч, томоохон уурхайгаа хаахаар төлөвлөж байгаа аж. Ийнхүү тус улсын бизнес эрхлэгчид төдийгүй төр засгийн өндөрлөгүүд нь эрчим хүчний өөр эх үүсвэрийг хайж, хаана хөрөнгө оруулалт хийн, харилцан ашигтай гэрээ байгуулах талаар судалж буй бололтой.
Тэдний нэг эх сурвалж нь Монгол Улс байх магадлал өндөр байгаа бөгөөд энэ саяалаа ажил хэрэг болгох талаар энэ удаа ярилцав. Тэр үүднээсээ Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагууд өөрийн орны эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн. Мөн Түлш, эрчим хүчний яамныхан Монгол Улсын эрчим хүч болон уул уурхайн хөгжил, хүрэн нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хийсэн судалгааны ажлаа танилцуулсан. Тус яамныхны зүгээс Германы хөрөнгө оруулагчдад Цайдам нуурын ордын нүүрс шингэрүүлэх боломжийг онцгойлон танилцуулж байна билээ. Цайдам нуурын нүүрсний орд нь Төв аймгийн Баян сумын нутагт байдаг аж. Энэ орд төмөр зам, өндөр хүчдэлд ойрхон байрладгаараа давуу талтай. Дээр нь нүүрсний чанар сайны дээр нийт нөөц нь 6,8 тэрбум тонн учир газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэхэд ашиглахад тустай гэнэ. Монгол-Германы хооронд уул уурхай, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах нь сэдэвт бага хурал ийнхүү харилцан мэдээлэл солилцох хэмжээнд болж өнгөрөв. Гол нь уг уулзалтын үр дүнд Монголоос Герман руу эрчим хүч экспортлох уу гэсэн асуултад нааштай хариулт гарна гэдэгт хоёр тал итгэлтэй байна билээ.

2006.07.17 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button