Заамарт буун дуу гарч 1 хүн амь үрэгдэв

Энэ үеэр компанийн харуулын ажилчин буу хэрэглэсэн юм байна. Цагдаагийн ерөнхий газрын албаны хүний ярьснаар бол харуулын ажилчин үймсэн олон хүнд дохио өгөхөөр буудахад нэг хүнийг нь оночихсон гэнэ. Улсын наадам албан ёсоор өндөрлөж, цагдаагийн ажилтнууд 14-ний өдрөөс эхлэн амарсан тул болсон хэрэг явдлын талаар албаны тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр буудалцааны дуулиан тариад байгаа Заамар сум руу Төв аймгийн Цагдаагийн газраас албаны хүмүүс явжээ. Монполимет компанийн харуулын албаны дарга Төмөрийг Төв аймгийн мөрдөнд саатуулсан тухай ч тэрээр хэлсэн юм. Харин орон нутгийн нэгэн иргэний ярьснаас үзэхэд нинжа нарыг талбай руу дайрах үеэр харуулын ажилчин 24 настай Г-г буудсан гэнэ. Тиймээс нинжа нар компанийн захирлын машиныг эвдлээд, эзэмшил талбай руу нь дайран орж эсэргүүцлээ илэрхийлсэн бололтой. Заамарт нинжа нар бослого гаргахад бараг бэлэн болж, тэндхийн цагдаагийн хэсгийг шатаана гэж заналхийлэх болжээ. Тиймээс энэ хэсэгт цагдаагийнхан нэмэлт хүч гарган ажиллаж байгаа гэнэ.

Б.Сүрэн
2006.07.17 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button