Хөвсгөл, Булганд үертэй, Архангай, Дорнодод боомын хориотой байна

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын аврах отрядын бүлэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан ажээ. Энэ хугацаанд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Архангай аймгийн нутгаар үргэлжлэн орсон их борооны улмаас голуудын усны төвшин үерийн төвшингээс 30-40 см илүү давсан аж. Үүний улмаасХөвсгөл, Булган аймгийн зарим сумын нам дор сав газрууд дахь айл өрх, хүн, мал, өвөлжөө, хаваржаа үерт автан зам, гүүр, байгууламж эвдэрчээ.

Хөвсгөлд хүний амь нас эрсдсэнгүй
Наадам эхлэхээс хоёр хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвийн 21 өрхийн 154 хүн үерт боогдож, 200 гаруй үхэр усанд урссан бол Эрдэнэбулган сумын нутаг дахь Эгийн голын үерт 12 айлын 50 хүн, 1400-гаад мал усанд автжээ. Холбогдох албаны хүмүүс аврах тусгай ангийн 26 аврагч, хоёр нисдэг тэргээр 10-ны өдрийн үүрийн 05.30 цагт Хөвсгөл аймагт нисч хүрсэн байна. Тусгай ангийнхан цаг алдалгүй ажиллан айлуудыг нүүлгэн шилжүүлсэн тул ард иргэд амь насаараа хохирсон тохиолдол гараагүй байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай хоёр өвчтнийг аймгийн төвд нисдэг тэргээр хүргэжээ.

Булганд осолдсон зургаан хүний нэг нь олдоогүй байна
Хөвсгөл аймагт орсон борооны ус 10-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд хүрсний улмаас Энт гэдэг газар зусч байсан хоёр айл үерт автан 21 хүн боогдсон байна. Тэдний долоо нь гуя онгоцоор үерээс гарах гэж байгаад осолдон нэг хүн амьд гарчээ. Осолдсон нэг эмэгтэйн цогцсыг одоо болтол олоогүй байна. Үерийн улмаас тус сумын нутаг дахь Эгийн голын гүүр эвдрэн цахилгаан холбооны шон унаж, одоогийн байдлаар холбоо, гэрэл, тээвэр тасарсан хэвээр байна. Хохирлыг арилгахын тулд үерийн ус татрахыг хүлээх хэрэгтэй байгаа тул сэргээн засварлах ажлыг эхлүүлэх боломжгүй байна. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Эрдэнэ-Ус гэдэг газарт буусан хүчтэй мөндрийн улмаас хоёр гэр нурж, нэг илүү гэр урсч алга болжээ.

Жуулчны бааз усанд автав
Өнгөрсөн 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэр дэх Эгийн голын дагуу гэнэтийн үер бууж Чинбат эзэнтэй жуулчны баазын 11, малчдын таван гэр, зуны гурван байшин усанд урссан байна.

Сэлэнгэ мөрний далан 30 метр сэтэрлээ
Өнгөрсөн 1-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд болсон үерийн улмаас Сэлэнгэ мөрний усны төвшин 110 см-ээр нэмэгдсэний улмаас гүүрийн доод талын далан хоёр газраар тус бүр 30 метр сэтэрчээ. Мөн Шошийн хоолойд усанд автсан нэг гэр бүлийг болон 56 айлын 191 хүнийг аварч нүүлгэн шилжүүлсэн байна.

Төв аймагт дахин нэг хүн осолджээ
Өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сум дахь Тэрэлжийн голд нэг хүн осолдсон бөгөөд цогцсыг аврах багийнхан хайж байна.

Морь галзуу өвчний шинжтэй үхэв
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар Архангай, Дорнод аймагт боом өвчний хорио цээртэй байна. Харин Ховд аймагт иргэн А-гийн нэг морь галзуу өвчний шинжтэй үхсэн тул дээж аван шинжилгээнд явуулжээ. Хариу нь өнөөдөр гарах ажээ.

Ой, хээрийн түймэр гараагүй
Баярын өдрүүдэд ой, хээрийн түймэр гараагүй. Харин нийслэлийн хэмжээнд 23 дуудлага иржээ. Ноцтой нь гэвэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн С-ийн өвлийн байшин шатан гурван хүн их хэмжзэгээр түлэгдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Сэрэмжлүүлэг
Увc, Завхан, Баянхонгор, Хэнтий, Төв, Архангай, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар уржигдар их хэмжээний бороо орсон байна. Өнөөдрөөс баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох бөгөөд борооны өмнө салхи тур зуур ширүүсэх цаг агаарьн урьдчилсан төлөвтэй байна. Иймд үер усны аюулаас болгоомжлохыг ард иргэддээ Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

2006.07.17 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button