Эрчүүд ч жирэмсний хордлогоор шаналдаг

Энэ үед нь та нөхөртөө бухимдах хэрэггүй гэнэ. Учир нь хань тань яг л тантай жирэмсний хордлогоор шаналж байгаа нь тэр аж. Өөрөөр хэлбэл, коваде хам шинжийн / couүade syndrome / талаар ярьж байна. Уусах, нэвчих гэсэн франц үгээс гаралтай энэ ойлголт нь муусайн эрчүүд жирэмсэлдэг бол гэж боддог бүсгүйчүүдэд сайхан сонсогдох нь мэдээж. Тийм ээ, эрчүүд ч жирэмсэн эхнэрийнхээ адил огиулан, жин нэмж, бас хоолны үнэр авч чадахаа больж, өөрөөр хэлбэл жирэмсний хордлогод ордог аж.
Коваде хам шинжийн талаар анх XIX зуунаас эхлэн эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж эхэлжээ. Гэвч энэ нь эрчүүд саяхнаас жирэмсэлдэг болсон гэсэн үг биш л дээ. Бүр мянга мянган жилийн өмнөөс эрчүүдийн жирэмслэлттэй холбоотой зан үйл улс үндэстнүүдэд байсаар иржээ. Тухайлбал, Шинэ Гвинейн эрчүүд эхнэр нь жирэмсэн болсныг мэдээд овог, аймгаасаа хол газар овоохой барин өөрийгөө бүхнээс тусгаарладаг аж. Эхнэрээ төрөн төртөл тэр хэнтэй ч уулзахгүй. Харин эхнэр нь амаржих болоход овоохойдоо эхнэрийнхээ төрөх үеийн үйлдлийг дуурайн хэвтдэг заншил одоо ч бий. Эхнэр нь хүүхдээ тэврэн овоохойд нь иртэл хөөрхий нөхөр тэндээ орилоод л хэвтэж байдаг аж. Энэ бол жирэмслэлт нь есөн сарын өмнө секс хийсний үр дүн гэдгээс арай илүү үүрэг хариуцлагыг эрчүүдэд мэдрүүлж буй заншил хэмээн үзэх хүмүүс ч байдаг гэнэ. Гэвч энэ зууны судалгаанууд эрчүүдийн жирэмслэлт бодитой түгээмэл тохиолддог үйл явц болохыг тогтоожээ. Судалгаанаас үзэхэд эцэг болохоор бэлдэж буй нөхрүүдийн 80 орчим хувьд ямар нэг байдлаар Коваде хам шинж илэрч байжээ. АНУ-ын Техасын их сургуулийн Анагаах ухааны салбарын профессор Клейн Коваде нь түгээмэл тохиолддог ч багахан судлагдсан ойлголт бөгөөд эцэг болох гэж буй нөхөрт физиологийн тодорхой шалтгаангүйгээр жирэмсэн эхнэрийн адилаар бие махбодийн хувьд хам шинжүүд илрэхийг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Хоолонд дургүй болох, хоолны үнэр авч чадахаа байх, жин нэмэх, дотор муухайрч огиулах, шүд, нуруу өвдөх, толгой эргэх, арьс загатнах гээд жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог шинж нөхрүүдэд нь яг адил илэрнэ. Эрдэмтэд Ковадегийн шалтгааныг тайлж чадаагүй ч хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, энэ нь хайртай хүнийхээ зовж шаналж байгаад сэтгэл зовсон нөхрийн бие махбодийн хариу үйлдэл, хосуудын бие биеэ энэрэх, хайрлах сэтгэл, эхийн гэдсэнд байгаа ураг болон эцгийн жам ёсны холбоог сануулсан хэрэг гэх зэргээр тайлбарласан байдаг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button