Аварга цолыг ард түмний шаардлагаар олгосон уу

Улсын начин Д.Азжаргалын хувьд хоёр, гурван цол алгасан шууд улсын арслан болсон нь аз, од гийснийх байсан биз. Өмнө нь буюу 1941 онд улсын начин Д.Цэрэн ийм амжилт гаргаж байсан бөгөөд Булган аймгийн харьяат хүчит бөх байлаа. Д.Азжаргал арслан ч нарийндаа Булган аймгийн Сайхан сумын хүн юм билээ.

Yзүүр, түрүүнд шалгаран үлдсэн хоёр бөхийн нэг нь ес, нөгөө нь арав давсан ч хоёуланд нь улсын арслан цол хүртээснээ Монгол Улсын Ерөнхийлөгч дахин зарлиг гаргаж, гарьд Д.Сумъяабазарт улсын аварга цол олгосон. Yнэндээ улсын их баяр наадамд дөрвөнтөө үзүүрлэсэн, чадалтай чансаатай гарьдид аварга цол олгоход дургүйцээд, харамлаад байх хүн байхгүй биз. Гэхдээ наадамчин олон шуугилдаж аваргаа өгөөч гэж орилолдсоны хүчинд улсын аварга цол олгосон мэтээр буруу зөрүү мэдээлэл намрын өвсөнд тавьсан гал мэт тархаж байна. Ард түмэн ч үнэхээр хүчтэй юм аа гэж бахархах, гайхах хосолсон яриа хүн бүхний амнаас ам дамжин яригдсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Х.Билэгтээс тодруулахад, эхлээд хоёуланд нь улсын арслан цол олгох Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Хуулиар улсын баяр наадамд ес буюу түүнээс дээш давсан бөхөд арслан цол олгоно гэж баяр наадмын тухай хуульд заасан байдаг. Yүний дагуу Д.Азжаргал, Д.Сумъяабазар нарт арслан цол олгосон. Арслан цолтнууд хоорондоо барилдаж Д.Сумъяабазар түрүүлсэн. Дээрх хуульд арслан цолтон улсын баяр наадамд түрүүлбэл улсын аварга цол олгоно гээд заачихсан байдаг. Энэ ёсоор улсын аварга цол олгосон тухай зарлиг унших хооронд жаахан зай гарсан. Журмын дагуу Улсын баяр наадмын комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчид шийдвэрээ өргөн барьдаг. Ерөнхийлөгч зарлигаа гаргаж тамга тэмдэг дарах, гарын үсэг зурах гээд процедурын юм бий. Ард олон Д.Сумъяабазарт аварга цол олгуулахыг хүсч байсан. Зарлигийг уншихад олон түмэн уухайлан хүлээж авсан шүү дээ. Yзүүр, түрүүний хоёр бөх барилдаж дуусмагц индрийн зүг ханддаг. Энэ хооронд бөхчүүдэд цол олгох зарлигийн төслийг Ерөнхийлөгчид танилцуулж, дахин засварлаад ёсчилж тамга тэмдэг дарах гээд багагүй хугацаа зарцуулдаг. Д.Сумъяабазарыг аварга болоосой гэж хүсэн хүлээж байсан наадамчин олон зарлиг гарахыг хүлээж тэвчилгүй тийнхүү орилолдсон хэрэг аж. Түүнээс биш хуулийн заалтын дагуу Д.Сумъяабазар аварга болох нь тодорхой байсан гэв.

Манайхан л болсон хойно хотын даргын өрөөнд давхиж ороод шахаанд хийж автобусны үнийг буулгуулдаг, өлсгөлөн суулт зарлаж байгаад амандаа орсон хэмжээгээр хохирлоо барагдуулчихдаг шигээ санаад өөрсдийгөө хүчтэй чадалтай байна хэмээн хошгиролдсон нь тэр юм байна.

Энэ жилийн наадмын барилдаан дээр хээгүй гүндүүгүй боловч ёс төртэй гэгддэг бөхчүүд маань дэндүү увайгүй зан гаргаж наадамчин олныг үл хүндэтгэсэн үйлдэл цөөнгүй гаргасан. Тухайлбал, улсын дархан аварга Г.Өсөхбаяр улсын харцага М.Баяржавхлантай наймын даваанд барилдахдаа бяр хүчээрээ аагархаж хайр найргүй ноцсоноос харцагын гарын булчин тасарч шинэхэн заан маань барилдааны дараа тэр өдөртөө Солонгос улсад эмчлүүлэхээр явсан байна. Ер нь энэ удаа М.Баяржавхлантай боевик бөхчүүд таарсан бололтой. Дархан аварга харцагын тахимыг авахдаа толгой дээгүүр нь гараараа даллангаа тохойгоороо ёвроод авна билээ.

Тавын даваанд улсын начин Д.Пүрэвсүрэнтэй барилдаж давахдаа дээр нь хальт уначихсан бололтой юм. Начин босч ирэнгүүт зүүн гараар түүний шанаа руу хүчтэй цохиод авч харагдсан. Иймэрхүү байдлаар монгол бөхийн ёс жудаг алдагдаж, зүлэг ногоон дэвжээ өгөө авааны талбар болж, өнгө мөнгөний наймаа явагдаж байгаад наадамчин олон сэтгэл эмзэглэж байгаагаа хэлж байсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button