Ашигт малтмалын хуулиас юу хүлээх вэ?

Энэ нь ч учиртай. Оюу толгой, Цагаан суварга, Асгатын мөнгөний орд гээд нөөцөөрөө Азид бүү хэл дэлхийд дээгүүр жагсах орд энэ үед хүмүүсийн сонирхлыг ид татаж байв. Хөрөнгөтэй гадаадынхан Монголын зүг нүд бэлчээж, мөнгөгүй бид дэмий л баялгаа харамлаж суух. Сүүлдээ 1997 оны хууль руу хамаг буруугаа чихэж энэ хуулийг өөрчилье гэх болов. Ингэчихвэл монголчууд хөлжиж баялгаа өөрсдөө олборлох мэт ярина. Ингэсээр өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн төсөл өргөн барилаа. Төд удалгүй Засгийн газар мөн хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлж, гишүүд өмнө нь өргөн барьсан хуулийн төслөө шинэчлэн найруулж, Засгийн газар мөн өөрсдийн төслийг мөн л шинэчлэн найруулж, ажлын хэсэг дундаас нь хууль босгож… Хуулийн төсөл утгаа, бас тоогоо алдав. Эцэст нь УИХ-ын даргын зөвлөснөөр ажлын хэсгийнхний боловсруулсан дундын хувилбарыг барьж авснаар Ашигт малтмалын тухай хуулийг гацаанаас гаргасан юм. Ийнхүү жилийн турш хэлэлцээд баталж чадаагүй хуулийг наадмын өмнө хоёрхон долоо хоногт хэлэлцээд баталсан юм. Нэгэнт баталсан эл хуулийг муу болсон гэж маргах нь одоо илүүц зүйл. Харин 1997 оны хуулиас юугаараа давуу байсныг эрэлхийлэх үлдлээ.

НӨӨЦИЙН ТАТВАРЫН НЭМЭГДЛЭЭС 30 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ОРНО

Энэ хуулийн нэг гол өөрчлөлт нь нөөцийн татварыг өндөр тогтоосон явдал. Урьд нь 2,5 хувийн нөөцийн татвар авдаг байсныг энэ удаагийн өөрчлөлтөөр таван хувь болгосон юм. Ингэхдээ дотоодын хэрэгцээнд зарцуулах нүүрсийг гишүүд харж үзэв. Өөрөөр хэлбэл, ийм нүүрст нөөцийн татварыг арай бага оногдуулахаар боллоо. Гэхдээ бүх л ашигт малтмалд нөөцийн татварыг нэмээд байсангүй ээ. Бууруулсан нь ч бий. Тухайлбал, алтны шороон ордоос 7,5 хувийн нөөцийн татвар авдаг байсныг таван хувь хүртэл бууруулжээ. Нөөцийн татварыг нэмэгдүүлснээр улсын төсөвт орох орлого 30 тэрбум төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо бий.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГYЙ БУЛТАХ БОЛОМЖГYЙ БОЛОВ

Иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг зүйл бол уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт хийдэггүй байдал. Бүр ломбо нь уначихсан шүд шиг гэж сэндийлүүлсэн газрыг хараад эмзэглэдэг. Харин Ашигт малтмалын хуулийн шинэчлэлээр энэ байдлыг халах болжээ. Учир нь нөхөн сэргээлт хийгээгүй компанийн хөрөнгөөс үл маргах журмаар хурааж авч хохирлыг барагдуулж болохыг хуульчилжээ. Мөн ашиглаж байсан лицензээ бусдад шилжүүлснээр нөхөн сэргээлт хийхгүй бултдаг байдлыг хязгаарлахаар болсон гээд энэ хуульд байгаль орчинд эерэг заалт нэлээд бий. Лицензийг бусдад шилжүүлж болох ч ашиглаж байсан газартаа заавал нөхөн сэргээлт хийсэн байх шаардлагатай. Энэ хуулиар орон нутгийнханд нэлээд эрх мэдэл өгсөн гэж болно. Ашигт малтмал эрж хайхдаа хууль зөрчсөн бол орон нутгийн засаг захиргааны саналыг харгалзан, БОЯ дүгнэлт гаргаж, лицензийг цуцалдаг байхаар болгожээ. Орон нутгийн төсөвт ч орлогын чамлахааргүй хувийг үлдээх болсон. Байгальд ноцтой хохирол учруулсан бол албан тушаалтан 2,5, албан байгууллагыг 5-10 сая төгрөгөөр торгох заалт бас бий.

ТӨР 50 ХYРТЭЛ ХУВЬ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

Стратегийн орд газар гэсэн нэр томъёо заалт гишүүдийн дунд нэлээд маргаан тарьж, хууль мэндлэхэд багагүй чөдөр болж байсан. ДНБ-ий таван хувиас доошгүй хувийг үйлдвэрлэдэг ордыг стратегийн орд хэмээн хуульд тусгажээ. Стратегийн ач холбогдол бүхий орд дахь төрийн оролцоог 50 хүртэл хувь байж болохоор хуульд заасан байгаа. Харин хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэл хувийг төр эзэмшиж болохоор хуульчилжээ. Yүнийг эсэргүүцэх нэгэн байхад Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, цаашдын хөгжилд мэдэгдэхүйц эерэг үр дүн авчирна гэх хүн ч байгаа юм.

МОНГОЛД ТАТВАР ТӨЛДӨГ ХУУЛИЙН ЭТГЭЭД Л ЛИЦЕНЗ ЭЗЭМШИНЭ

Энэ хуулийг лицензийн ченжүүдэд хохиролтой хууль болж байгаа гэж болохоор. Учир нь лицензийг арилжааны хэрэгсэл болгохоос сэргийлж, үнийг нь нэмж, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэсэн ажээ. Хайгуулын болон ашиглалтын лицензийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй татвар төлдөг хуулийн этгээдээр олгох болсон. Байгальд ноцтой хохирол учруулсан компанид 20 жил лиценз олгохгүй заалт мөн байгаа. Харин лицензийг барьцаалж, шилжүүлж болохгүй гэсэн хуулийн төслийн заалтыг хасч баталсан нь олонд таалагдаж буй.
Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийг Монголоос ажилчид ажиллуулдагүй гэж шүүмжилдэг. Yүнийг шинэ хуулиар хязгаарлав. Гадаадаас авч ажиллуулдаг ажиллах хүч 10 хүртэл хувь байж болно. Харин илүү гарсан хүн бүрийн тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж авах юм. Энэ нь одоогийн мөрдөж байгаагаар илүү гарсан хүн тутмаас 530 мянган төгрөг сард төлөх болж байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button