Энхтайвaны гүүрийн засварыг есдүгээр сарын 1-нд дуусгаж амжихгүй гэв

Энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл Энхтайваны гүүрийн авто замын хөдөлгөөнийг хаасан. Хотын мэр Ц.Батбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Мөнхбаяр болон албаны хүмүүс Энхтайваны гүүрийн засварын ажлыг яаравчлуулахаар өчигдөр газар дээр нь очиж ажиллалаа. Энэ ажлыг гүйцэтгэгч Хятадын компанийн удирдлага хотын мэрийг таагүй мэдээтэй угтсан. Тухайлбал, бид засварын ажлаа ирэх аравдугаар сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй гэсэн. Бас наймаас дээш тн даацтай тээврийн хэрэгслийг хотын төвөөр нэвтрүүлэхийг хориглосноос болж ажил саатсан гэж аар саар зовлон хэлж угтсан. Хотын дарга тэдэнд шахалт үзүүлж, 24 цагаар ажиллаж, ирэх есдүгээр сарын 1 гэхэд Энхтайваны гүүрээр автомашин зорчихоор, харин явган хүний хөдөлгөөнийг аравдугаар сарын 31 хүртэл хааж болно. Амжихгүй гэж байгаа бол туслан гүйцэтгэгч ав хэмээн тулгав. Гэвч ажил гүйцэтгэгч талтай хэл амаа олсонгүй. Тэд өөрийн Элчин сайдын яамаараа дамжуулан энэ асуудлыг шийднэ хэмээн том толгойлов. Эцэст нь хотын мэр ямар ч гэсэн засварын ажил цагтаа амжихгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохоо сануулснаар уулзалт өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button