Замын хөдөлгөөнийг өөрчиллөө

Өнөөдрийн байдлаар Энхтайваны гүүрийг бүрэн хаагаад байна. Yүнтэй холбогдуулан Зайсан, Яармаг, Нисэхийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслүүд Гурвалжингийн гүүр, Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн газрын хажуугаар буюу Олимпийн гудамжаар явна. Гэхдээ Гурвалжингийн гүүр, Олимпийн гудамжаар ачааны автомашин явахыг хориглоод байгааг анхаарах хэрэгтэй. Олимпийн гудамжаар зөвхөн төв зам, гүүрийн зөвшөөрөлтэй ачааны автомашинууд 22.00-06.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрчээ.
Мэргэжлийн хяналтын газраас Гурвалжингийн гүүрний даац муудсан гэж үзсэний үндсэн дээр ачааны автомашины хөдөлгөөнийг мөн 44 дүгээр зөрлөг рүү орох хөдөлгөөнийг хязгаарлаж механик хаалт хийгээд байна.
Нисэх, Зайсан, Яармагийн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд хот талаасаа явахдаа Энхтайвны гүүрний хойд талд ирээд баруун тийш эргэж гүүрний доогуур ороод Нарны замаар Замын цагдаагийн газрын хажуугаар баруун тийш эргэж Цэнгэлдэх хүрээлэнгийн хойгуур явна.
Харин энэ чиглэлээр хот руу явах нийтийн тээврийн хэрэгслүүд Цэнгэлдэх хүрээлэнгийн хойгуур яваад Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар дээр ирээд зүүн гар тийш эргэж, Хүүхдийн паркийн баруун талаар төв замтай нийлнэ.
