Прокурор хахууль авахыг завджээ

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй прокурорууд өөрсдөө хуулиа зөрчих болжээ. Бусдын эрхийг санаатайгаар, ноцтой зөрчсөн байхад зарим нь тоомжиргүй байдлаасаа болж ийнхүү алдаа гаргасан байна. Прокурорын ёс зүйг уландаа гишгэсэн ажилтнууддаа Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг хариуцлага тооцон, ажилдаа тэнцэхгүйг нь халах тушаал гаргасан байна. Жишээлбэл, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Туул Дархан-Уул аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор П.Уламбаяр руу утасдан цагдан хорих байранд хоригдож байгаа Энхтөрийн камерыг сольж өгөхийг хүсч харьяаллын бус хэргийн холбогдогчийн талаар гуйсан, мөн туслах прокурор П.Уламбаяр нь Ц.Туул прокурорын дүү байна эргэлт оруулъя гэж очсон улсын цолтой хоёр бөхийг ямар ч зөвшөөрлийн бичиггүй, ам шийдвэрээр эргэлт оруулан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Тиймээс Ц.Туул, П.Уламбаяр нарын цалинг гурван сараар бууруулах арга хэмжээ авчээ. Мөн Төв аймгийн хяналтын прокурор Л.Батцэцэг БНХАУ-ын иргэн Яанг Хайвангд холбогдох эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, барьцааны 300 мянган төгрөгийг өмгөөлөгчтэй нь хуваан авсан. Улмаар хэрэг бүртгэгч Ч.Өнөрсайхантай хэргийн талаар маргалдаж аяга авч шидсэний улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан байх юм. Прокурор Л.Батцэцэг Д.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг мөн л үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосны дээр албан тушаалаараа далимдуулан байшингийн мод өг хэмээн нэхэж хахууль авахыг завдсан байна. Энэ мэт хууль бус үйлдэлд нь УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Л.Батцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч прокурорын ёс зүйг ноцтойгоор зөрчсөн тул УЕП-ын тушаалаар ажлаас халах шийдвэр гаргаж Хууль цаазын зөвлөх гэсэн зэрэг дэвийг нь хүчингүй болгожээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button