МОНГОЛОО хөгжүүлэх бодлогын философи

Ф.Фукуяма Великий разрыв гэдэг номдоо нийгэм, эдийн засгийн амьдралын утгаар Нийгмийн капитал бол ердөө л бүлгийн гишүүд нь хүлээн зөвшөөрч, энэ бүлэг дотооддоо хамтран ажиллах бололцоог буй болгож байгаа тэрхүү албан бус үнэт зүйлс юм уу, хэм хэмжээ юм (с. 30) хэмээн бичсэн байна. Ингэхээр нийгмийн капитал гэдэг нь бүлэг хүний дотоод хамтын ажиллагааг шийдвэрлэн тодорхойлж буй хэм хэмжээ юм. Тэдний зан авирыг хамтарч ажиллах чанар руу хөтөлж өгдөг албан бус хэм хэмжээний цогцолборыг нийгмийн капитал гэж үзнэ. Энэ капитал бол сэм хуйвалдаж авцалдана гэсэн үг биш.
Ийм нийтлэг хэм хэмжээ, үнэт зүйлийн дүнд харилцан итгэлцэл гарч ирнэ. Эл итгэлцэл дээр сайн дурын нэгдэл суурилна. Итгэлцэл бол аминч үзлийн эсрэг тал нь. Социологчдын хэлж буйгаар энэхүү итгэлцэл нь эдийн засгийн тодорхой чухал үр төлийг агуулж байдаг байна.
Хэрэв нэгэн пүүст хамтаараа ажиллаж байгаа хүмүүс ёс суртахууны нийтлэг хэм хэмжээнээсээ хамааран бие биедээ итгэдэг бол тэнд үйлдвэрлэлийн алдагдал бага гардаг гэнэ. Ийм нийгэмд зохион байгуулалтын шинэ шинэ хэлбэр тасралтгүй нэвтэрч байх ихээхэн бололцоотой аж.
Харин бие биедээ итгэхгүй байгаа хүмүүс зөвхөн албан ёсны дүрэм журам, дэг маягийн хүрээнд л хамтран ажиллаж болно. Тэд байнга бичиг цаас солилцож, тохиролцож, заримдаа шүүхдэлцэж, гүйцэтгэлийг хүчээр хангах зэргээр ажилладаг. Итгэлцлийг сольсон эрх зүйн ийм байдал алдагдлыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, нийгэмд дэлгэрсэн үл итгэх байдал нь нийгмийн эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд итгэл өндөр төвшинтэй нийгэмд байдаггүй тийм хэмжээний нэмэлт алба гувчуур төлөхөд хүргэдэг байна.
Итгэлцэл ноёрхож буй нийгэм хүмүүсийн ажлыг илүү уян хатан, илүү хамтач үндсэн дээр зохион байгуулах чадвартай, ийм нийгэмд доод төвшинд илүү хариуцлага оногддог байна. Энд түр зуурын итгэлцлийн тухай огт яриагүй байна шүү. Харин үл итгэх явдал ноёрхож буй нийгэмд ажлын байр бүхнийг хүнд суртлын дэг журмаар хэсэгчлэн хуваадаг. Энэ нь үр бүтээл гаргахад бэрхшээл учруулдаг аж.
Итгэлцэл бол аж ахуйн амьдралын зарчмын чухал хүчин зүйл мөн гэж Макс Вебер бичжээ.
Ф.Фукуямагийн үзэж буйгаар, нийгмийн капитал бол хамтын ажиллагааны хүмүүнч нийтэч хэм хэмжээ, харин итгэлцэл бол эл хэм хэмжээний гол дагавар бүтээгдэхүүн нь юм. Хүмүүс оногдсон үүргээ биелүүлж, харилцан ойлголцох хэм хэмжээгээ хүндэтгэж, буруу зөрүү ааш гаргахгүй байж чадвал эл бүлэглэл амархан бүрэлдэж болно. Xарин ингэж бүрэлдэж чадах юм бол нийтийн зорилгодоо хүрэх хамгийн үр ашигтай аргыг олох болно гэнэ. Энэ шинжлэх ухаанч чухал санааг хувийн нүдээр унших хэрэггүй, уншаад ч ашиг тус өгөхгүй.
Итгэлцэл бол нийгмийн капиталын гол хэмжүүр юм. Тэгэхдээ энд ёс суртахууны утгаархи итгэлцлийг яриагүй, энд ярьж буй итгэлцэл бол ёс суртахууны үнэт зүйлсийн дагавар бүтээгдэхүүн юм. Ёс суртахууны хэм хэмжээг хэн ч зааж өгч чадахгүй шүү дээ, угаасаа л байдаг юм чинь. Тэгэхээр энд ярьж буй итгэл нь шинжлэх ухааны утгатай. Хүмүүс хоорондоо харилцахдаа үнэнч шударга, бие биедээ гэсэн сэтгэлтэй байгаа, ингэхээр бие биетэйгээ хамтран ажиллах чадвартай байгаа үед л итгэлцэл үүсэж гарна. Энэ бол нийгэмд холбогдсон итгэлцэл. Харин энэ утгаархи итгэлэл манайд байна уу, үгүй юу. Улс орон ч бай, хоршоо пүүс ч бай, аль алинд нь шинжлэх ухааны утгаархи эл итгэлцэл чухал юм.
Итгэлцэл нь хувийн болон нийгмийн төвшинд үүсч гарна. Нийгмийн төвшин дэх нь доороос нийгмийн байгууллагууд, алив институц, төрд итгэх итгэл юм. Энэ төвшин дэх итгэл суларсан үед хөгжил цэцэглэлт удаашрах нь ойлгомжтой. Чухамхүү итгэлцэл дэвшлийг тодорхойлдог, итгэлцэл бол, Фукуямагийн үзсэнээр, хөгжингүй нийгмийн гол шинж юм. Ф.Фукуяма, тодорхой нийгэм өөрийгөө авч явах амжилт нь зах зээлийн зарчмуудаас ч, уламжлалаа хэт дагаж мөрдсөнөөс ч хамаардаггүй. Харин Хаа сайгүй дэлгэрсэн байдаг соёлын нэг л элемент, тухайлбал, нийгэмд оршин буй итгэлцлийн төвшнөөс хамаардаг гэсэн нь сонирхолтой юм. Тэгээд тэрээр АНУ, Герман, Японыг итгэлцлийн төвшин хамгийн өндөр улс орнууд гэж үзжээ.
Эдийн засгийн дэвшил бол нийгмийн дотоод найрслынх нь төлөө олгогдож буй нэг ёсны шагнал урамшил юм гэж тэрээр дүгнэжээ.

МОНГОЛ УЛС ӨӨРТӨӨ ДYЙЖ ХӨГЖИХ ЁСТОЙ

Бид улс орныхоо хөгжлийн тухай ярьж хэлэлцэхдээ өөрийгөө гээчихгүй байх бүх нөхцөлийг харгалзаж үзэх, гээлгэчихгүй байх тийм шинэ шинэ нөхцөлүүдийг бүрдүүлэх талаар ихээхэн бодолцох ёстой болов уу. Хөгжүүлэх бодлого боловсруулахдаа үндэсний онцлог, тусгаар тогтолын баталгаа зэрэг зүйлээ чухалчлан анхаарах нь зүйтэй. Тодруулж хэлбэл, бид хөгжиж буй нь энэ гээд Монгол гэсэн шинж чанараа гээж, төрөл арилжчих ёсгүй. Төрөл арилжих гэдэг нь уг юм мөхөж сөнөлөө гэсэн үг билээ.
Ийм болохоор өөрийгөө хадгалж, өөртөө дүйж хөгжих бодлого бидэнд хэрэгтэй. Бид хэчнээн хөгжлөө ч монгол хүн, монгол газар нутаг, монгол соёл зан үйл, Монгол Улс маань байж л байх ёстой. Ирээдүйд Чингисийн Монголын нутаг газар гэдгээс өөр юм үлдэхгүйд хүргэх суурь тавихгүй байхаар бид эдүгээ хөгжлийн бодлогоо боловсруулах хэрэгтэй юм.
Дэлхийн бусад улс орноос аль ч талаараа дутуугүй, харин зарим талаараа давуутай мөртлөө өөрийн нүүр царай бүхий Монгол орон болоход бидний зорилт оршино. Монголоороо орчин үежсэн Монгол орон бидний ирээдүй байх ёстой.
Эдгээр зүйлийг ярихдаа бид эдүгээ даяаршлын нөхцөлд амьдарч байгаатайгаа холбон үзвэл зохих нь яахын ч аргагүй билээ. Одоо цагийн даяаршлын нөхцөлд Монгол орон маань геополитикийн янз бүрийн сонирхлын огтолцлын бүсэд орчихоод байгаа нь бас хэн бүрт илэрхий. Ийм тохиолдолд өөрийгөө авч үлдэх асуудал даяаршилд оролцох асуудалтай давхар явж байгаа.
Yүнтэй холбоотойгоор улс төр, эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай асуудал аяндаа гарч ирнэ.
Улс төрийн гэдэг нь төр улсын тусгаар тогтнол, бие даасан байдалтай холбогдсон асуудал. Бидний улс жижиг орон учраас тусгаар тогтнолоо хамгаалах, хамгаалуулах гэсэн хоёр чиглэлээр энэ салбарт ажилладаг билээ. Бид цэргийн хүчээр өөрийгөө хамгаалж чадахгүй. Иймд учир ургавал өөрийгөө хамгаалуулах хэрэг гарна. Энэ чигийг ямагт баримталж байх нь манай төрийн дипломат бодлогын үндсэн гол цөм болж байх ёстой.
Харин тусгаар тогтнолоо хамгаалах гэдэг нь бидний өөрийн хэрэг. Энэ чиглэл эдүгээ үед хоёр утгыг агуулдаг болчихлоо. Нэг утга нь, тусгаар тогтнооо хамгаалахад чиглэсэн манай байнгын гадаад бодлого. Хамгаалах бодлого л хамгаалуулах бодлого болж чадна. Нөгөөх утга нь, бид тусгаар тогтнолоо өөрснөөсөө дотоод бодлогоороо хамгаалах. Энд эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний үнэн бодит эв нэгдлийг хангахад чиглэсэн зөв бодлого явуулах тухайд би ярьж байна. Бид алдаа гаргах эрх байхгүй. Бидний алдаа өөрснөө тусгаар тогтнолоо хөнөөхөд хүргэнэ, өөрөөр хэлбэл, бид тусгаар тогтнолын цаад учрыг харгалзан бодохгүй бол, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулна. Иймд алдаа гаргахгүй байх ёстой тэр зүйлүүдээ төр засаг тодорхойлж, нийтэд мэдээлж байх хэрэгтэй.
Эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнолын нэг үндсэн баталгаа мөн гэдэг нь тодорхой. Улс орныхоо эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх талаар болон эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар мэргэжлийн эрдэмтэд сэтгэн бодож байгаа буй заа. Гэтэл тэд маань эдийн засгаа улс төртэй зөв холбож бодох талаар анхаарахгүй байвал яах вэ. Миний хувьд, Монгол орныг гадаадын илүүдэл бүтээгдэхүүнийг хүн арддаа борлуулдаг зах дэлгүүр болгочихгүй байх ёстой гэж бодож явдгаа л хэлье.
Мөн хөгжлийн бодлогын философи дахь мөнгөний асуудлаар ганц санаа хэлье. Улс орон өөртөө дүйж хөгжихөд мөнгө хэрэгтэй нь лав. Мөнгийг оролцуулахгүйгээр улс орны хөгжлийн тухай ярих үндэсгүй. Иймд энд мөнгөний бодлого яригдах учиртай. Төрийн мөнгөний хэмжээ, ашиг өгөөж нь төрийн ухааны дүн. Түүнчилэн төсвийн мөнгийг хаана, яаж зөв байршуулж улс орноо хөгжүүлэхэд ашиглах нь ч төрийн ухааны дүн. Улс орноо хөгжүүлэхэд хувийн секторын мөнгө хөрөнгийг яаж ашиглах нь ч төрийн бодлогод орох учиртай. Сүүлд нь гадаадын зээл, тусламжийн асуудал байна. Хэдэн үеэрээ төлж барахгүй өр тавьж байж хөгжинө гэвэл мунгинасан хэрэг болохсон. Бас үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжинө гэвэл Монгол орон өөртөө дүйж хөгжих чадвар алдагдана.
Бидэнд мөнгө алга, гадаадын хөрөнгө оруулна, манайханд ч ажлын байр буй болно гэчихээд монголчуудаа өөлж шоолон гадуурхаж, бас гаднын хүнийг оруулан ирж өндөр үнэ төлж ажиллуулах нь хэр зэрэг ирээдүйтэй вэ. Бид өөрсдөдөө итгэж, өөрсдөдөө даалгаж, хийж бүтээхийн сэтгэл, ур ухаан, эв дүйд монголчуудаа одоо л сургахгүй юм бол хэзээ вэ.
Гадаад хүн, гадаадын хөрөнгө Монгол орныг хөгжүүлэх үү, эсвэл монголчууд бид өөрснөө эрүүл саруул байж эх орноо цэцэглүүлж хөгжүүлэх үү.
Нийгмийн хөгжил гэдэг бас хүмүүсийн хоорондын харилцаа ёс суртахуунлиг, сайн сайхан болсноор илэрдэг, хүний зан аашийн байдлаар тодорхойлогддог гэдгийг дахин хэлье. Тэгвэл монголчуудын харилцаа л манай нийгмийн харилцаа шүү дээ. Тэгэхээр энэ харилцаа монголчуудаар л тодорхойлогдох ёстой. Бид гадаад хүнийг улс орондоо импортлон оруулж ирээд монгол хүн болгож, монгол хүний чин зүрхний үнэлэмжийг түүнд суулгаж чадахүй нь лав. Монгол орон өөртөө дүйж хөгжих ёстой. Энэ бол Монгол орон өөрийнхөөрөө хөгжиж, Монголоороо үлдэнэ гэсэн үг.
Монгол орон асрамжийн нутаг байх ёсгүй ээ, бүхнийг бид өөрснөө хариуцах ёстой. Хэн ч бидний өмнө, бидний өмнөөс хариуцлага хүлээхгүй.
Монгол хүний оюун санааны тусгаар тогтнол бол улс орноо хөгжүүлэх чухал хүчин зүйл юм.
Шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо, чанар, үр ашгийг дэлхийн тэргүүний төвшин рүү ойртуулан хөгжүүлж, үндэсний соёл урлаг, зан заншлыг өвлөн шинэчлэх ажлыг зөв зүйтэй хийж, үр дүнг ашиглах нь монголчуудын оюуны тусгаар тогтнолын баталгаа юм. Даган дуурайхыг хумьж, дагуулан өөрийнхөөрөө санаачлахыг нэмж үндэсний онцлогоо урлаг, соёл, шинжлэх ухаандаа сайтар харгалзаж чадахгүй бол оюуны тусгаар тогтнолын тухайд худал хоосон ярианаас хэтрэхгүй. Эдүгээ энэ тухайд ярих ч үгүй, бодох ч үгүй буй нь харамсмаар.
Оюуны тусгаар тогтнол нь эх оронч сэтгэлгүйгээр оршин байж, үүргээ гүйцэтгэж чадахгүй.
Эх орон гэдэг философийн үүдээс харвал чамайг бойжуулж буй нийгмийн харилцаа (энэ тухайд би жич өгүүлэл бичнэ); гарал үүслийн үүднээс харвал аав ээж, ах дүү, амраг садан, ард түмэн чинь; газар дэлхийн үүднээс харвал чиний өсч өндийсөн өлгий нутаг. Хялбарчилж хэлэхэд энэ.
Аль ч утгаар нь үзсэн хүнд эх орон ганц. Хоёр дахь эх орон гэж байдаггүй. Харин яахав, чи эх оронтойгоо бараг адилаар үздэг болсон тийм өөр бусад улс орон байж болох биз ээ. Түүнээ л жинхэнэ эх орноосоо нуух хэрэггүй.
Эх оронч сэтгэл бол дээр дурдсантай холбогдсон сэтгэл зүйн үзэгдэл юм. Эх оронч сэтгэл нь хүнийг төрөхөд өлгийдөж авсан хүн ард (аав ээж), газар шороондоо хандсан хайр.
Хүн арддаа хандах хандлагын талаар би дээр товч хэлчихлээ. Одоо газар нутаг!
Газар нутгийн тусгаар тогтнол гэдэгт, мэдээж хэрэг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил хамгаалалтын асуудал орно. Yүний дээр, шинэ зүйл гэвэл, ялангуяа манай эдүгээгийн нөхцөлийн үед, газрын хэвлий хамгаалалт шаардах боллоо. Газрын хэвлийн хил гэж гарч ирэх нь ээ. Тэр хилийг хамгаалах цэрэг нь хэн бэ, гадаад хэргийнх нь хэн бэ, гадаадынхан ямар визээр яаж эл хилийг давах вэ, төр улс яаж зохицуулах вэ.
Гадаадынхан энэ хил рүү ямар болзолтойгоор орж ирвэл Монгол оронд ашигтай вэ. Эл шинэ чухал хилийг хамгаалах бүхий л нөхцөлийг нь тооцоолж гарсан хууль манайд байна уу.
Хөгжих хөрөнгө гаднаас олох нэрийн доор явцуу сонирхлын үүднээс энэ хилийг улс оронд ашиг багатайгаар давуулах нь Монголын газар нутгийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг шударга бусаар алдагдуулж байна гэсэн үг болно. Хэрэв гадаадынхан манай сайхь хил рүү манайд ашигтайгаар нэвтэрч байгаа бол ийм яриа гарахгүй. Ер нь аливаа хилийн асуудал ч цаана цаанаа ийм байдаг бөлгө.
Цаашилбал, Монгол орон өөртөө дүйж хөгжихөд хот, хөдөөгийн асуудал онцгой учир холбогдолтой. Нэгд, бид ХХ зуунд хотжиж эхлээд удаагүй, хоёрт, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нь манай нэг онцлог болж байдаг зэрэгт үүний учир оршино.
Хотууд маань цэвэр цэмцгэр, амгалан тайван, ердөө л айлын гэр орон шиг байх нь хөгжлийн бас нэг үзүүлэлт биз дээ. Байгаа хотоо хэрхэн тохижуулах, байгалийн болзошгүй аюул учирвал яаж дааж тэсэх, барих хотоо яаж байршуулж, яаж эдүгээгийн цаг үетэй зохилдуулах нь хөгжлийн бодлогын философид байраа эзлэх ёстой (Аристотель Улс төр зохиолдоо хот байгуулалтын асуудлаар дэлгэрэнгүй бичсэн нь санамсаргүй хэрэг бус буй заа) гэдгээр би энэ хувь дахь үгээ хязгаарлая.
Монгол орон өөртөө дүйж хөгжихөд манай хөдөөгийн хөгжлийн асуудал онцгой чухал учир холбог-
долтой юм.
Хөдөө гэдэгт би эзэнгүй газар нутгийг хэлээгүй, харин монголчууд бидний дунд гарсан энгийн ойлголтоор ярьж байна. Энэ ойлголт ёсоор бол нийслэлээс гарвал бүгд хөдөө. Эл хөдөө гэдэгт аймгийн төв хотууд, сумын төв, бусад суурин газар, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг хүн ам оршин сууж буй нутаг дэвсгэрийг ойлгож байна. Энд хөгжлийг хэрхэн өрнүүлэх вэ гэдэг талаар бид сайтар тунгаан бодох ёстой. Yл нуршин шууд хэлчихвэл хөдөөг хөдөөд нь хөгжүүлэх ёстой гэж үзмээр байна. Монголын хүн ам хөдөөгөө хаяж цөөн хотод ирж төвлөрснөөр Монголын хөгжил тодорхойлогдохгүй, харин ч ингэвэл өөртөө дүйж хөгжих, өөрийгөө хамгаалан хадгалах чадвараа алдана.
Эдийн засгийн маань гол суурь үндэс болсоор байгаа манай эдүгээгийн мал аж ахуй бидний шавхагдашгүй ганц бодит баялаг юм. Цаашдаа ч олон он жилд ийм байж таарах нь. Манай одоогийн мал аж ахуй бол нүүдлийн мал аж ахуй биш ээ; тэр цаг аль эрт өнгөрсөн. Гэтэл бид нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр буй гэж онолдсоор л суух уу. Одоо бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байна. Энд суурьшлын олон элемент нэвтрэн орсон. Эдгээр элементийг нь л бүх талаар бататгаж, янз янзаар нэмэгдүүлж бэхжүүлж, үр ашигтай болгох хэрэгтэй болж байна.
Хөдөөгийн хүн ам улс орныхоо нийт хөгжлийн үр шимийг шууд хүртдэг төдийгүй өөрсдөө эл хөгжилд хувь нэмрээ оруулдаг байх ёстой. Аймаг, сум, баг, суурин газар бүр өөр хоорондоо холбогдох зам харгуйгаа өөрсдийнхөө хүч санаачилгаар засч сайжруулж, тээвэр холбоо, сэргээгдэх эрчим хүчээр хангагдах талаар төрөөс нэн анхаарах нь чухал юм. Улмаар, амьдрал ахуйгаа сайжруулахад хэрэгтэй бүхнийг хамтран сэтгэж хийх ёстой.
Ажил хэргийг ийм чиглэлээр зохион байгуулахад төрөөс анхаарах учиртай. Эс тэгвээс хөдөөнөөс хүн ам төв суурин газар руу нүүдэллэж хөдөө нутаг эзгүйрэхэд хүрэх нь одоо нэгэнт ойлгомжтой болоод байна. Хүн ард нутаг орондоо бат суурьшиж дутагдаж гачигдах, ирээдүйдээ санаа зовох, итгэл алдах зүйлгүй сайн сайхан амьдрах бүхий л нөхцөлийг нь бүрдүүлэх талаар ойрын жилүүдэд ихээхэн анхаарахыг амьдрал үнэхээр шаардаж буй. Улсын хил орчмоор амьдран суудаг иргэдэд, жишээ нь, татварын хөнгөлөлт болон өөр бусад тусламж дэмжлэг үзүүлж урамшуулах зэргээр тэнд нь сэтгэл ханамжтай байхаар суурьшуулж хил хамгаалах үүргийг давхар хүлээлгэсэн ч болохгүй гэх газаргүй бизээ.
Монгол орон өөртөө дүйж хөгжихөд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэй хэмээн бодогдож байна. Олон түмний хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол иргэний нийгмийн бүрэлдэхүүн хэсэг мөн. Нийгэмд дөрөв дэх эрх мэдэлтэй гэдгээрээ ХМХ онцлог юм. Олон түмний хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс орноо хөгжүүлэхэд эл үүргээ ашиглах ёстой, зохих эрх мэдлийг нь ашиглуулах ч ёстой бизээ. Олон түмний ХМХ иргэний нийгмийн зүгээс тавих хяналтыг хэрэгжүүлэх төрөлх үүрэгтэй учир сайныг өргөж дээдлэх, саарыг шүүмжлэн засуулах ажил хийж чадсанаараа улс орноо хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж болох юм. Улс орноо хөгжүүлэх асуудлаар нийгэмд шинэ санаа өгч, амжилтыг таниулах, улмаар гэгээрүүлэх, ухааруулах, ичээх, гэмшээх бүх л хүч чадал олон нийтийн ХМХ-д бүр цаанаасаа агуулагдсан юм. Хагалж бутаргасан хов живийн хоосон хэрүүл маргааныг сурталчлах нь олон нийтийн ХМХ-ийн үндсэн үүрэгт орохгүй л болов уу. Ихэс дээдэс хүртэл олон нийтийн ХМХ-ээр шалигүй зүйлийн төлөө маргалдан сөргөлдөөд, өнгөрснөө санан хилэгнэж хожимдсон тулалдаан хийгээд байвал улс орон яаж өөдөө гарах вэ! Өнгө зүс нь яаж өөдтэй сайхан байх вэ.

ХӨГЖИЛ БА УЛС ОРНЫ НYYР ЦАРАЙ

Ба гэсэн холбоос үгийг би энд зориуд хэрэглэж буй нь тэр үгээр эл хоёр үзэгдлийн харилцан хамаарлыг тэмдэглэх гэсэн хэрэг юм.
Улс орны хөгжил, улс орны нүүр царай гэдэг хоёр ойлголтыг ялган салгах хэрэгтэй.
Хөгжлийн асуудлаар санаа бодлоо түрүүнд нэлээд тодорхой хэлчихлээ. Одоо нүүр царайны тухай, энэ ойлголт хөгжлийн тухай ойлголттой хэрхэн холбогдох талаар товч дурдъя.
Улс орны нүүр царай буюу өнгө зүс гэдэг бол хөгжлийнх нь төвшний нэгэн илэрхийлэл юм. Хөгжил нь сайн байвал нүүр царай нь сайхан байна. Гэхдээ л эл хоёр ойлголт яг давхцахгүй, өөрөөр хэлбэл, шууд бие биеэрээ харилцан тодорхойлогдохгүй. Ухаандаа, түрүүлж яваа улс орнуудын хөгжлийн өндөр түвшинд аль нэг тухайн улс орон хүрээгүй ч гэсэн сайн сайхан өнгө зүстэй байж болохсон билээ. Энэ нь айл өрх сүрхий баян чинээлэг биш ч гэсэн амьдралаа товхийтэл зохицуулж чаддагтай агаар нэг буюу.
Нөгөө талаас, улс орны нүүр царайг өөд татах нь түүний хөгжилд хувь нэмэр оруулж, түргэн хөгжих орин нөхцөлийг нь сайжруулж байна гэсэн үг болно.
Тэгвэл, улс орны нүүр царай юугаар тодорхойлогдох вэ. Энд тэнд бичсэн нарийн ширийн юм гэж дайралдаагүй учир үндсэндээ мэдээжийн гэгдмээр авч өөрийн санаагаа дугаарлалгүйгээр дурдсугай.
-Хүн эрх, эрх чөлөөгөө (мэдээж хэрэг хуулийн хүрээнд) хэрхэн эдэлж буй нь чухал зүйл. Улсынхаа Yндсэн хуулиар тогтоосон эрхээ иргэн хүн бүрэн эдэлж чадахгүй байгаа бол энд эрх чөлөөний тухай ярихын ч хэрэггүй. Хүний хууль ёсны эрх баттай хамгаалагдаж чадахгүй байгаа бол улс орны нүүр царай уруу дорой байна гэсэн үг.
-Нийгэм ном ёсны эмх цэгцтэй, зохион байгуулалттай байх ёстой гэдэг нь хэн нэгний дурын хүсэл бус, амьдралын шаардлага юм. Эл шаардлагаа хэрэгжүүлж чадахгүй байгаа улс орныг өнгөтэй өөдтэй гэж хэн ч хэлэхгүй нь ойлгомжтой.
-Хээл хахууль газар авчихсан, гэмт хэрэг гарах нь бараг ерийн зүйл болчихсон улс орон байвал тэр орныг сайхан нутаг улс байна гэж хаанахын хэн ч хэлэхгүй нь лав. Нийгмийн биен дээрх ийм яр шарх хүнийх лугаа адилаар муучлагдан хэлэгдэх зовлон зовиуртай, эмээн сэжиглэгдэх үндэстэй зүс царай юм аа.
-Хүмүүсийн сэтгэл санаа, ааш авирын байдал төрх нь нийгмийн нүүр царайг харуулах бас нэг үндсэн үзүүлэлт юм. Хов жив, хэрүүл маргаан, атаа жөтөө, хоосон хардалт сэртэлт, явуургүй булхайд идэгдчихсэн нийгэм, байгууллыг хэн ч таашаахгүй билээ. Ийм үед итгэлцэл гээч хөгжлийн чухал хүчин зүйл нийгмийг хамаарсан үзэгдэл болж чадахгүй.
-Хоол хүнсний аюулгүй байдал, чанар чансаа гэдэг чухал үзүүлэлт бий. Хүн хэрэгтэй үедээ ходоод руугаа зүгээр л ямар нэг юм чулуудахад зориулсан бус, амт чанараараа хүнд таашаал өгдөг, эрүүл мэндээ сахин хамгаалж бэхжүүлэхэд нь хүнд тусалдаг тийм хоол ундтай нийгэм зүс царай сайтай болой. Хоол унд гэдэг эм тариа ажээ.
-Yүн дээр залгаад хэлэхэд ахуйн үйлчилгээ гэж байна. Yйлчилгээний соёлоор улс орны нүүр царайг хардаг нь дэлхий дахины ёс горим болжээ. Yйлчилгээнд худал инээмсэглэл юу ч биш, материалын элбэг дэлбэг байдал, хүний чин зүрхний хандлага чухал билээ.
-Цэвэр цэмцгэр байх гэдэг улс орны нэгэн гоёл буюу. Хот суурин нь хог новшиндоо дарагдчихсан, байгаль орчин нь бохирдчихсон тийм улс орон байвал арчаагүй болж буйн шинж.
-Хувийн сонирхол, улсын сонирхол хоёр ямагт зарчмын ялгаатай билээ. Энэ ялгаа хувийн сонирхол давамгайлсан тэр газарт, тэр цэг дээр арилдаг. Ингэж арилж буй нь нийгэм, улс орны хамгийн муу муухай шинж юм. Төрд нь энэ арилахуй үүссэн бол улс орон нь өнгөтэй зүстэй, өөдтэй нүүр царайтай байж яагаад ч чадахгүй билээ.
Улс орны нүүр царайны асуудал гэдгээр наад зах нь эдгээрийг дурдан хэлж болно. Yс сайхан бол зүс сайхан гэж монголчууд хэлдэг. Yс толгой дээр, зүс нүүрэн дээр байдаг бөлгөө.
Монгол орон хөгжин цэцэглэж, улс маань улс шигээр мандан бадрах болтугай.

БYДРАГЧААГИЙН ДАШ-ЁНДОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button