Бидний мэдэхгүй ТУРК

Ийн эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 17-д ордог Турк Улсад хөл тавих боломж олгосон Нийслэлийн ЗДТГ болон Турк Улсаас Монголд суугаа ЭСЯ-ныханд эн тэргүүнд талархал илэрхийлье.Шөнийн нэг цаг өнгөрч байхад Стамбул хотноо онгоцноос буухад яг л саун шиг чийглэг, халуун уур амьсгал биднийг угтан авсан юм. Аян замын нэг нөхрийн маань Анкара руу нисэх онгоцны нислэгийн цаг зөрж байсан тул бид нисэх онгоцны буудал дээр байрлах зуучлагч байгууллагын туслалцаатайгаар цагаа хойшлуулснаар Стамбулд нэг хонох завшаан тохиосон юм. Харин маргааш нь бид Анкараг зорьсон.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ДЕМИРЕЛЬ МОНГОЛЧУУДАД ХYНДЭТГЭЛ YЗYYЛЭВ

Нийслэлийн Засаг даргын айлчлалын анхны өдөр Туркт суугаа манай ЭСЯ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан БНТУ-ын төр, засгийн албаны хүмүүс, Анкара дахь гадаад орны дипломат газруудын тэргүүн нар болон хамтран ажилладаг хүмүүст зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн юм. Хүлээн авалтад Туркийн ес дэх Ерөнхийлөгч Сулейман Демирель, Туркийн Yндсэн хуулийн цэцийн дарга хатагтай Тулай Тугсу, Yндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд Е.Алпоган нарын төрийн өндөр албаны болон бизнесийн төлөөлөгчид, Анкара дахь дипломат төлөөлөгчийн газрын гээд 600 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.
Хүлээн авалтын үеэр зочдод уртын дуу, морин хуур, хөөмий, монгол ардын бүжиг, уран нугаралтын гайхамшгийг сонирхуулсан юм. Тус ЭСЯ-наас турк хэл дээр хэвлүүлсэн Монгол Улс, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын яамтай хамтран хэвлүүлсэн Монголчууд номоо энэ үеэр тараасан. Ер нь тус улсад суугаа манай ЭСЯ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө, мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан их зүйл хийж байгааг энэ үеэр харж болох байлаа. Тэд мөн ирэх арваннэгдүгээр сараас Анкара, Стамбул хотноо Чингисийн тухай үзэсгэлэн гаргах гэж байгаа хэмээн Элчин сайдын яамны зөвлөх Р.Жадамбаа ярьж байлаа.
Улсаа, их ойгоо хилийн чанадад сурталчлах энэ арга хэмжээнд Туркт, ялангуяа Анкара хотноо суралцаж буй манай оюутнууд идэвхтэй оролцож байсныг тэмдэглэх хэрэгтэй. Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд Монголд айлчлах үеэр Туркт 50 оюутан нэмж сургах талаар тохиролцсоны дагуу оюутнуудын тоо нэмэгдсэн ажээ. Зөвхөн Анкарад л гэхэд Монголоос 250 оюутан байдгаас нь 50 нь хэлний бэлтгэлд сурч буй.

АНКАРА ЧИНГИС ХААНЫ ПАРКТАЙ БОЛОВ

Анкара хэмжээгээрээ Стамбулын дараа орох том хот. Таван сая орчим хүн амтай. 1920-иод оноос жижиг тосгоноос хот болон өргөжиж, 1923 онд Анкара Туркийн нийслэл болсон. Анх МЭӨ 1200 онд Анкараг үндэслэн байгуулжээ. Жижиг хот гэж нэрлэдэг байсан ч гайхалтай зөөлөн шинж чанараараа алдаршсан ангор бэлтгэдэг байснаар нь тус хотыг сайн мэддэг. Анкара нийслэл болсноос хойш шинэ, хуучин хэмээн хоёр хэсэгт хуваагдсан байдаг. Хуучны байшин, гудамжуудыг халж, шинэ хороолол босгож буй. Харин хотын шинэ хэсэгт орчин үеийн барилгууд сүндэрлэжээ. Ер нь Туркт олон улсын сүлжээ томоохон зочид буудал, байгууллагаас өөр өндөр барилга ховор юм билээ. Ихэвчлэн 4-5 давхар байшингууд. Барилгууд нь өвөрмөц хийцтэй, нэг онцлог нь ихэнх нь улаан дээвэртэй, бор саарал өнгөтэй. Анкара, Стамбулыг уулан дээрх хот гэж болно. Зам нь өгсч уруудахаас гадна дов жалгыг хүртэл өвөрмөц хийц загвар бүхий барилга, усан сан, цэцэрлэгт хүрээлэнгээр чимчихнэ. Гудамжууд нь тахиралдсан голдуу нэр урсгалтай. Хотын төвийн томоохон замууд нь 6-10 урсгалтай, өргөн. Хот дотроо машинууд нь их хурдтай явах юм билээ. Цагт 80-100 км хурдтай явах нь энгийн үзэгдэл. Харин хотоос гараад бол цагт 200 км хурдтайгаар давхиж явахад л хажуугаар нь түүнээс ч илүү хурдтайгаар өнгөрдөг тухай тэнд суугаа манай элчингийнхэн ярьж байсан. Зам үнэхээр сайн. Дэд бүтэцдээ эн тэргүүнд анхаардгийг нисэх онгоцны буудлаас хот хүрэх замд бэлхнээ харж болно. Замыг тодорхой хугацаатайгаар ашиглана. Ашиглалтын хугацаа дууссан л бол ямар ч эвдрээгүй сайн замыг янзалдаг. Аваар осол мэдээж гарна. Гэхдээ манайхаар бол тохиролцчихож болмоор, бүр багахан гэмтлийн үед ч замын цагдаа, даатгалын газрын төлөөлөгчөө хүлээгээд зогсчихно. Учир нь, тэнд бүх машин даатгалтай.
Анкара найман дүүрэгтэй. Хоёр нь Улаанбаатарын Сүхбаатар, Баянзүрх дүүрэгтэй найрамдалт харилцаатай юм билээ. Нийслэлийн Засаг даргыг айлчлах үед Сүхбаатар дүүрэгтэй найрамдалт хамтын ажиллагаатай Чанкаяа дүүрэгт Чингис хааны нэрэмжит паркийн нээлт болсон юм. Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Халиун паркийн нээлтэд оролцохдоо Чингис хаан 800 жилийн өмнө байгуулсан энэ их улсын ойн баяр болж байна. Бид энэ түүхт их хүний үр удам, ач гуч юм. Өнөөдрийн байгуулж буй энэ цэцэрлэгт хүрээлэн бидний хойч үе, хүүхэд, залуучууд ах дүү ёсоор найрамдан хамтран амьдрахад тус болно гэж бодож байна. Энэ арга хэмжээ мөн Улаанбаатар, Анкара хотын хамтын ажиллагааны нэг илрэл гэж тэмдэглэсэн юм.

ДАХИН НЭГ ДYYРЭГ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА ТОГТООВ

Нийслэлийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн засаг дарга П.Цогтбаатар явсан. Тэрээр Анкарагийн Алтында дүүрэгтэй найрамдалт харилцаа тогтоосон. Нийслэл хотын хөгжилд дүүргийн үүрэг маш их. Алтында дүүрэг нь Анкарагийн соёл урлаг, түүх дурсгал, аялал жуулчлалын төв болдог төдийгүй үйлдвэрлэлийн район ч бий. Анх Анкараг тус улсын нийслэлээр тунхаглахад Алтында гол дүүрэг нь байсан. Хот, дүүрэг өргөжихийн хирээр хөдөөнийхөн нүүдэллэж эхэлсэн бөгөөд төлөвлөлтгүй байр барьж байсан нь хотын өнгө үзэмжид нөлөөлсөн нь мэдээж. Нисэх онгоцны буудлаас Анкара орох замд нураасан байшин, барилгын балгасаас гадна шинэ орон сууц маш их тааралдаж байв. Энэ нь тус дүүргийн нэг хэсэг байсан юм билээ. Тус дүүргийн дарга Вейсель Тиряки дүүргээ хэрхэн шинэчилж байгаа талаар ярихдаа, би хоёр жилийн өмнө сонгогдсон. Дүүргээ шинэчилж, шинэ дүүргүүдтэй жишихүйц болгоход анхааран ажиллаж байна гэсэн юм. Тус дүүрэгт хөдөөнөөс нүүдэллэн ирж суурьшихдаа дур мэдэн барьсан хуучин байшингуудыг нурааж, газрыг нь худалдан авахдаа иргэдэд аль болох ашигтай хувилбараар шийддэг юм билээ. Төлөвлөлтийн дагуу шинэ барилгууд нь голдуу 50 айлын орон сууц. Нэг барилгын компани ийм 900 айлын орон сууц бариад 500-г нь өөрсдөө борлуулж, үлдсэн 400-г нь дүүргийн захиргаанд бэлэглэсэн гэж байсан. Эсвэл иргэдээс газрыг нь худалдан аваад бага хүүтэй зээл авахад нь туслах зэргээр шийддэг юм билээ. Тухайн айл хотоос алслагдмал газарт суурьших бол эн тэргүүнд дэд бүтцийг нь шийдэж өгдөг. Тэрээр дүүргээ тэргүүлэх дөрвөн жилийн хугацаанд 10 мянган төлөвлөөгүй барилгыг нураана гэж бодож байгаагаа ч дуулгасан. Мөн дүүргийн 28 захиргааг 14 болгон цомхотгож, захиргааны ажилтнуудаа ч цөөлсөн юм билээ. Өдөр ирэх тусам энэ дүүрэг хурдацтай хөгжиж буй одоогоор 500 мянган хүн амтай.

МОНГОЛД ЖИЖИГ ДУНД YЙЛДВЭРИЙН БYС БАЙГУУЛАХАД ТУСАЛНА

Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярын Анкара хотод хийх айлчлалын хөтөлбөрт тусгагдаагүй нэгэн өөрчлөлтийг тус улсад суугаа манай ЭСЯ-ныхан өөрийн нь хүсэлтээр оруулсан билээ. Тэрээр үйлдвэрлэлээ дэмжихэд Туркчуудын туршлагаас суралцаж, ажил хэрэгч уулзалт хийх хүсэлтэй байсан. Анкара хотын захад орших Остим хэмээх жижиг, дунд үйлдвэрийн бүсэд зочилж, бүсийн ажил байдалтай танилцахын дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцсон юм. Остим-ийн ерөнхийлөгч Орхан Аедин түүнийг хүлээн авч бүсээ дэлгэрэнгүй танилцуулав.
Туркт 150 хүртэл ажилчидтай үйлдвэрийг жижиг дунд үйлдвэр гэж тооцдог. Цөөн хүнтэй ч томоохон үйлдвэрлэл явуулдаг 500 аж ахуйн нэгжийг багтаасан 50 мянган га талбайтай энэ бүс төрийн бус, харин хувийн хэвшлийн захиргаатай. Иймээс дүүргийн эрх мэдлээр шийдэгддэг гаднын болон барилга барих, аж ахуйн нэгж шинээр байгуулах зэрэг олон лиценз зөвшөөрлийг өөрсдөө олгодог, зарим тохиолдолд дүүргээс илүү эрх мэдэл эдэлдэг юм. Остим-ийн бүс байгалийн хий, цахилгаан эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэгчдийнхээ боловсрол, нийгмийн асуудалд ихээхэн анхаардаг. Компаниуд нь дундаа нэг судалгааны төвтэй. Мөн Европын холбооны улсаас ирсэн гадаадын томоохон төслүүдийг удирддаг тусгай төвтэй, барааны чанарын баталгаажилтыг бүс дотроо хийдэг гэх мэтээр тусгаар тогтносон чөлөөт бүс юм байна. Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр Остим-ийг байгуулсан туршлагаараа Монголд бүс байгуулж, Туркийн компаниуд үйлдвэрлэл явуулан, Монгол болон манай хоёр хөрш рүү гаргах боломж байгааг уулзалтын үеэр дуулгасан. Остим бүсийн ерөнхийлөгч Улаанбаатар хотын газар зүйн нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, нийслэлд алслагдсан дүүрэгтээ үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого барьдаг зэргийг сонсоод их олзуурхан хүмүүсээ илгээж судалгаа хийлгэн ажил хэрэгчээр хамтарч болно хэмээн илэрхийлээд, Азербайжан, Судан, Египтэд жижиг дунд үйлдвэрийн бүс байгуулахад тусалсан туршлагатай гэсэн юм.
Туркт Остим шиг жижиг дунд үйлдвэрийн 270 бүс байдгаас Анкарад дөрөв бий. Остим үйлдвэрийн бүсийн хувьд зөвхөн хог тээвэрлэлтээ хотын захиргаагаар хийлгэж, бусдыг нь бие даан гүйцэтгэдэг. Гэсэн хэрнээ сард 20 турк лир буюу 16 долларын татвар хураамжийг л авдаг нь бидний гайхашралыг төрүүлсэн. Харин байгаль орчны нөхөн төлбөрийг Анкара хотын захиргаандаа төлдөг, төвдөө ойр эсэх байрлал, талбайн хэмжээнээс хамааран жилд дунджаар 150 турк лир буюу 100 долларыг экологийн төлбөрт өгдөг юм байна. Зөвхөн энэ бүсийн 500 аж ахуйн нэгж тус бүртээ 100-200 долларыг төлөөд байна гэхээр эргээд байгалийг хамгаалах, сэргээх санхүүжилт хотод нь хангалттай бүрддэг, түүнийгээ ч зориулалтаар нь зарцуулж чаддаг нь харагдаж байв.

ДЭЛХИЙН ХОТУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг даргын Анкарад хийх айлчлалын гол хөтөлбөр нь дэлхийн хотуудын удирдлагын тавдугаар чуулга уулзалтад оролцох байв. Чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй хотын дарга, 50 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгч оролцсон юм. Хотууд дэлхийн аль ч өнцөгт оршиж байлаа ч хүн төрөлхтөн харилцан бие биеэсээ үл хамааран оршин хөгжих боломжгүй гэдгийг мэдрүүлж, шашин шүтлэг, хэлний бэрхшээлийг даван дангаараа биш, хамтаараа аливаа асуудлыг шийдэж, харилцан ойлголцож, бие биедээ дэм болж, орон нутгийн онцлогийг хадгалан хамтдаа хөгжих нь гол үндэс гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байлаа. Нэг үгээр хэлбэл, бүгд нийлж, хамтран ажиллаж, хөдөлмөрлөж байж даяарчлагдаж буй энэ үед хөгжих ёстой гэх хандлагыг баримталсан. Ц.Батбаяр дарга чуулга уулзалтын үеэр Хотуудын электрон сүлжээний хөтөлбөр, нээлттэй, үр өгөөжтэй, найдвартай засаглал сэдвээр илтгэл тавьсан юм. Улс орнуудыг хөгжлөөр нь ангилалгүйгээр эдийн засгийн үр ашгийг тэгш хүртэх боломжийг цахим технологи олгож байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн юм.
Ийнхүү Улаанбаатар хотын даргын Анкарад хийсэн таван өдрийн айлчлал үр бүтээлтэй болж, хоёр хотын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг тэрээр айлчлалынхаа эцэст тэмдэглэсэн. Анкара хотын дарга Мэлих Гөхчек, Анкара мужийн амбан захирагчтай уулзав. Анкара хотын дарга хот төлөвлөлтийн инженерүүдийг сургахад туслалцаа үзүүлье гэсэн. Ногоон байгууламж, хот цэцэрлэгжүүлэх тал дээр туслалцаа үзүүлж, машин, техник тоног төхөөрөмж нийлүүлэхээ ч амласан байна. Айлчлалын үеэр Стамбул хотын даргатай мөн уулзаж, тодорхой асуудлаар ярилцсан. Туркийн гурав дахь том хот болох Измирт байх автобусны үйлдвэрийг Монголд хамтран байгуулах саналыг хэлж байсныг тэрээр онцлов. Нэг автобусны үнэ 50 гаруй мянган евро болж байгаа бөгөөд тээврийн болон бусад зардлыг шийдчихвэл боломжтой гэсэн юм.

ТУРКТ ЧИНГИС НЭРТЭЙ ХYН ОЛОН

Турк бол Ази, Европт нэгэн зэрэг оршдог өвөрмөц онцлогтой, лалын шашинт орон. Гэхдээ ихэнх хэсэг нь Азид хамаарагддаг. Хар далай, Дундад газрын тэнгис зэрэг дөрвөн тэнгисээр хүрээлэгдсэн бөгөөд Болгар, Грек, Сири, Ирак, Иран, Армян, Гүржтэй хиллэдэг. Газар нутгийн хувьд Монголоос хоёр дахин бага буюу 780 мянга ам км нутагтай. 70 сая хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 16-д ордог. Онгоц, машинаас эхлээд шилдэг брэндийн сэлбэгийг үйлдвэрлэдэг, мөн Ази, Европыг холбосон газарзүйн байршлаараа бас давуу гэж Элчин сайдын яамны ажилтан ярьсан.
Цаг агаарын нөхцөлөөрөө хотууд нь эрс тэс ялгардаг юм билээ. Стамбулд чийглэг уур амьсгалтай байхад Анкарад хуурай. Гэхдээ биднийг тэнд тав хоноход 26-28 градус дулаан байсан нь бага зэрэг сэрүүссэн гэж хүмүүс ярьж байсан. Хэчнээн тийм халуун ч уур амьсгал нь зөөлөн, далайгаар хүрээлэгдсэн болохоор тэр үү, манайх шиг хэт халж, бүсгүйчүүдийн хувьд хамгийн их эмзэглэдэг арьс харлах, түлэгдэх зовлон байхгүй мэт санагдсан. Зундаа халуун, өвөлдөө харин хүйтэн бөгөөд хур тунадас ихтэй, цас их ордог гэсэн. Зуны улиралд бороо үе үе орно. Гэхдээ нартай байснаа гэнэт бүрхээд л том том ширхэгтэй ширүүн бороо орж байснаа гэнэт зогсчихно. Яг л далайн ус шиг давслаг болохоор туркүүд бороо ороход дургүй гэж тайлбарлана лээ.
Туркийн байгаль их өвөрмөц. Африк, Европ, Азийн мод, ургамал ургадаг. Өөр ийм олон өвөрмөц байгалийн шинжийг бүрдүүлсэн орон байхгүй гэж бардам хэлэх юм билээ. Yр тарианы ургамал, хүнсний ногоо, жимс болон тамхи, цай тарьж газраа ашигладаг.
Дэлхийд алдартай Туркийн Анталия наран шарлагын газар бүхий дүүрэгт хэт халуун, хуурай ч дөрөвдүгээр сараас аравдугаар сард усанд сэлж, наранд биеэ шарахаар гадаадаас тус хотыг зоригсдын цуваа тасардаггүй юм билээ. Туркт сурч байгаа оюутнууд амралтаараа нутаг руугаа яарахаас илүү ажил хийж, ойр зуурын хэрэгцээний мөнгөө олохыг чухалчилдаг. Цагийн ажил үнэлгээ багатай тул гадаадынхан олноор цуглардаг Анталия шиг газар орчуулга хийдэг тухай сонирхуулж байна лээ.
Туркт зузаан хувцастай залуучууд явахтай их таарна. Бидэнтэй хамт явсан оюутан залуугийн ярьснаар, тэд биедээ буу авч яваа гэх. Туркт иргэддээ буу эзэмшихийг хуулиар зөвшөөрсөн тул эрчүүд нь хүсвэл буугаа халаасалчихна. Томоохон дэлгүүрүүд нь бүгд хамгаалалттай, цүнх, гар тээш шалган нэвтрүүлэх хаалгатай. Хоёр жилийн өмнө нэг том дэлгүүрийг дэлбэлсэн хэрэг гарсан гэж байсан. Гудамжинд гэнэт л буун дуу гардаг аж. Бидэнтэй хамт явсан монгол оюутан залуу нэг удаа яг л аймшгийн кино шиг санагдсан гэж ярьсан. Дээгүүр нь бууны сүм шунгинан өнгөрөхөд зугтан, хогийн савны араар орж нуугдаж амьд гарсан гээд, түүнээс хойш нэг хэсэгтээ айдас түгшүүртэй явсан гэнэ билээ.
Туркийн гудамжаар явахад зөвхөн нүүр, гараа ил гаргаж бусдыг далдлан алчуураар халхалж явах эмэгтэйчүүдтэй их тааралддаг. Битүү хар нөмрөгтэй явах нь ч бий. Лалын шашиндаа үнэнч эмэгтэйчүүд нь голдуу тэгж явдаг гэж тайлбарласан. Тэд зөвхөн гэр бүлийнхэн, ойр дотнынхныхоо дэргэд л нөмрөгөө тайлдаг. Туркт байх хугацаанд өдөрт таван удаа мөргөлийн дууг чанга яригчаар сонсоно. Мөргөлийн цаг нь өглөө нар мандах цагаас эхлэн өдөрт таван удаа үргэлжилдэг. Хороо бүрт сүмтэй. Мөргөлийн цагтаа сүмдээ очиж мөргөнө. Мөн албан газруудын хонгилд тусгай тохижуулсан мөргөлийн өрөөтэй. Сүмд очиж амжихгүй нэг нь тэндээ мөргөдөг юм билээ. Yнэнч шашинтнуудад гахайн мах, архийг хориглодог. Мөн өөр шашинтны гаргасан малын мах иддэггүй гэх мэт нарийн дэг жаягтай. Дээхэн үед эмэгтэйчүүдэд маш хатуу дэг журам тогтоосныг одоо ч зарим тосгонд мөрддөг. Эмэгтэйчүүд ямар нэг гаж буруу үйлдэл хийж, нүгэл хураасан бол тосгоноороо энэ булайг нь хүлээдэг.
Зоогийн газруудад зөөгч, тогооч нь, дэлгүүрүүдэд худалдагч нь, ер нь үйлчилгээний газруудад эрчүүд дандаа ажилладаг юм билээ. Туркүүд монголчуудтай ураг төрлийн холбоотой гэж ярих дуртай. Тэнд Чингис нэртэй хүн олон байх нь сонирхол татсан шүү.
Тэнд мах их үнэтэй. Нэг кг нь 20 орчим доллар болдог. Цагаан сараар бууз хийхийн тулд Болгар руу явж махаа кг-ыг нь таван доллараар худалдаж авсан тухай тэнд суугаа ЭСЯ-ны ажилтан ярьсан. Манайхан шиг махсаг хүмүүст хэцүү байгаа биз. Туркүүд ч гэсэн махтай хоол идмээр санагдсан үедээ зориуд очдог тусгай зоогийн газартай. Туркүүд бас талхаараа дайлах дуртай. Мөн кофены шаараар мэргэлдгээрээ алдартай гэдэг.

Л.ТУНГАЛАГ
Улаанбаатар-Стамбул-Анкара

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button