Ювентус шившгээ тарилаа

Гэтэл хөгжөөн дэмжигчид нь улсынхаа зарим багийн увайгүй үйлдлээс болж нүүр хийх газаргүй болжээ. Учир нь, Италийн хөлбөмбөгт нүүрлээд байсан шуугиант явдал эцэслэн шийдэгдэж буруутай хүмүүс шийтгэлээ хүлээв. Италийн багууд улсынхаа аваргын тэмцээний үеэр тохиролцож, харилцан буулт хийсэн нь тогтоогдож шившгээ дэлгэлээ. Хээл хахуулийн энэ хэрэгт нэр хүнд бүхий олон хүн холбогдсон юм.
Италийн хөлбөмбөгийн холбооны шийтгэлд хамгийн их өртсөн нь алдарт Ювентус болж таарлаа. Энэ баг сүүлийн хоёр жил дараалан аварга болсон. Аварга цолыг нь хурааж В лигт тоглуулах болжээ. Шийтгэл үүгээр зогссонгүй. В лигт Ювентус хасах 30 оноотой тоглох юм. Тэгэхээр энэ баг дээд лигт буцаж ороход дор хаяж хоёр жил шаардлагатай болж байна. Милан дээд лигтээ үлдэж чадлаа. Гэхдээ ирэх улирлын тэмцээнийг хасах 15 оноотойгоор эхэлнэ. Тэд Аваргуудын лигт тоглох эрхгүй.
Фиорентина, Лацио багууд мөн л В лигт тоглох болжээ. Мөн эдгээр багийн удирдлагыг тодорхой хугааагаар хөлбөмбөгт ойрхон байхыг нь хоригложээ. Нэгэнт баг нь доод лигт тоглох болж байгаа учир тэдгээр багийн шилдэг тоглогчид өөр багийн эрэлд морджээ.
Одоогоор Ювентус-ын хаалгач Буффон Милан-д, Эмерсон, Каннаваро нар Реал-д, Тони, Вйера нар Интер-т тоглох нь бараг тодорхой болоод байна. Ибрагимович, Трезеге нарыг Интер сонирхож байгаа ажээ. Хэдийгээр байдал хэцүү байгаа ч Ювентус-ын шинэ дасгалжуулагч Д.Дешам багаа алдрын оргилд дахин хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Багууд давж заалдах нь тодорхой ч үр дүнд хүрэх найдвар байхгүй гэдгийг холбооны удирдлага мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button