УИХ-ын гишүүн З. Энхболд Бөхийн өргөөний барилгад дутаад байгаа 100 сая төгрөгийг Сумъяабазараар гаргуулах хэрэгтэй

Уг нь манай тэнд 12 айл байдаг юм. Ихэнх нь хөдөө гадаа яваад ирээгүй. Би бараг ганцаараа л тэнд наадлаа.

-Морь, бөх рүү яагаад яваагүй юм. Өвөрхангайчууд бөх нь аваргалж, морь нь хурдалж сайхан наадлаа ш дээ?


-Нээлт үзээд соёолон үзээд бол оо. Би ерөөсөө бөхийг цэнгэлдэхэд үздэггүй, зурагтаар үзэх нь амар байдаг юм. Бөхөө ч танихад амар. Энэ наадмаас санаа авмаар юм их л байлаа. Анх удаа ийм олон хүн цуглуулж том ой тэмдэглэлээ. Замынхаа менежментийг сайн бодох хэрэгтэй байж, бөглөрөл их байлаа. Уг нь нэг урсгал гаргаад арга хэмжээ авсан ч гэсэн тооцоо жаахан буруу хийж. Соёолон дээр Улаанбаатарын бүх машин очсон юм шиг байна, тэр тал тэр чигээрээ хүн машинаар дүүрсэн. Багцаагаар лав 10 мянган машин, 50-60 мянган хүн байна лээ. Автобус, машин, зам, хуушуур, бүх юмны ачаалал хэтэрсэн. Мобиком, Скайтел ажиллахгүй, хүмүүс бие биенээ олохгүй
байлаа. Урьднаас бодож төлөвлөх, зохицуулах юм их л дутмаг байлаа. Угаасаа ч бид тийм олон хүнтэй арга хэмжээ урьд өмнө нь зохиож байсан биш. Хуушуур нь дээр хийсэн бодлого буруу байлаа. 50-60 мянган хүнээс ядаж 20 мянга нь хуушууранд очерлосон гээд бодохоор дор хаяж 1 сая хуушуур идэж байгаа. 1 сая хуушуурыг газар дээр нь хийх ямар ч боломжгүй ш дээ. Хаа нэг газар хийгээд авчирч халаагаад өгдөг ч юмуу. Тэгэхэд хот өөрөө их буруу шаардлага тавьсан байна лээ л дээ. Гадаадын олон зочид гийчид ирнэ, тэдэнд хаа нэг газар хийсэн хуушуур авчирч зарж болохгүй ээ, яг нүдэн дээр нь махаа татаад гурилаа элдээд хуушуураа хайр гэдэг шаардлага тавьсан юм билээ. Төр өөрөө оролцоод ирэхээр буруудчихаж байгаа юм л даа. Хуушуурчдыг өөрдсөө мэдээд та нар ханга аа гэсэн бол хийж л орхино.

-Соёолонгийн тоосонд очоод хуушуур идэж чадсан уу?


-Олоогүй. Стадионы гадаа олоогүй. Харин Батхүүгийн уяагаар орж айраг ууж, Бат-Эрдэнийн гэрээс хуушуур идсэн. Гэхдээ наадмын талбайн хуушуур биш л дээ.

-Түрүү морины байнаас хүртсэн л биз дээ?


-Батхүү надад 10 мянган төгрөг өгч байна лээ. Таван насны морь уралдуулснаас гурвыг нь будилуулаад л хаячихна лээ. Жил болгон л морь будилж байдаг. Гэхдээ энэ жилийнх шиг ингэж их будилсан түүх байхгүй. Yүнийг шийдэхэд амархан ш дээ. Морь уядаг хүмүүсээр морины комисс хийгээд байгаа нь л буруу байхгүй юу. Жишээ нь надаар хийлгэсэн бол би хамгийн сайн шийдлийг олно. Энэ хэд чинь болохоор олон жил явсан арга барилаасаа гарч чадахгүй байгаа байхгүй юу. Заавал эндээс гараа руугаа явдаг, гараан дээрээсээ буцаж эргэдэг. Тэгээд дутуу эргэлээ барилаа гээд бөөн зарга болдог. Би бол шал өөр шийдэл олно. Бүгдийг нь нэг дороос гаргадаг болгоно. Сундуйн Батболдоор наадам даргалуулахаар яаж олигтой юм болох вэ дээ, өөрөө уяач хүн шүү дээ. Морины комиссын дарга нь БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Борбаатар генерал, бөхийн комиссын дарга нь ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Батсуурь ч гэл үү. Төрийн хүмүүсээр наадмаа даргалуулаад явахаар яаж ард түмний наадам болох юм, хэдэн дарга нарын л наадам боллоо ш дээ. Төр өөрөө өөрийгөө баясгах гэж хэдэн дарга нараараа наадам зохион байгуулдаг юм биш ш дээ. Уяачдын холбоо морио, бөхийн холбоо бөхөө зохион байгуулаад явах ёстой. Дараа нь хэрүүл гарсан ч төр өөрөө шүүхдүүлээд байхгүй амар. Цолыг нь Ерөнхийлөгч өгдөг ч буруу, одоо бас хууль зөрчсөн гээд л шүүмжлүүлнэ. Уг нь бол хууль зөрчсөн юм байхгүй. Даваа болгонд шагналтай гэж хуульчилсан мөртлөө 10-ын давааг тооцоогүй л хаячихсан байхгүй юу.

-Та өөрөө яагаад морь сонирхож уядаггүй, бөхийн гал хэсдэггүй хүн бэ? Одоо чинь бөх, морьгүй хүн улс төр, бизнес дотор байхгүй болоод байгаа юм биш үү?


-Би харин соёолон дээр очсон, Батхүүгийн гэрээр хоёр ч орсон. Миний сонирхол ингээд л бол оо. Найз нарынхаа гэрээр ороод, морины тухай яриаг нь сонсоод сэтгэл ханадаг. Морь бол их үнэтэй зугаа цэнгэл ш дээ. Би дийлэхгүй. Харин миний хийсэн юм гэвэл энэ наадмаар араб морийг тусад нь уралдуулъя гэж наадмын комисст бичиг өгсөн, тэгээд ч тусдаа уралдлаа. Манай нутагт араб морьд байдаггүй, монгол морьдоо уядаг жирийн монголчууд. Өвөрхангайн морьтой хүн болгон морь уядаг юм. Тэднийхээ захиасаар ийм юм хийлээ. Араб морь монгол морь хоёрыг уралдуулна гэдэг чинь мэргэжлийн боксчин, сонирхогчийн боксчин хоёрыг нэг рингэнд гаргасантай адилхан.
-Өвөрхангайн нутгийн зөвлөл, Өвөрхангайн гишүүд шинэ аваргынхаа найрыг хэзээ хийх гэж байна?

-Одоо хийх л байх даа.


-Цэнгэл сайдын соёолон түрүүллээ гэж нутгийн бизнесмэн нь 60 саяын үнэтэй байр бэлэглэж байна гэсэн.

Залуу аваргаа танайхан тэрнээс дутуугүй л ханштай мялаах юм байгаа биз дээ?


-Тэр улсуудад тийм юм өгөх ямар ч шаардлагагүй улсууд ш дээ. Тэд харин буцаагаад аймгийн бөхийн өргөөнд хандив өргөнө үү л болохоос биш. Өвөрхангайд бөхийн өргөө барьж байгаа. Улсын төсвөөс 640 сая төгрөг гаргасан. 100 гаруй сая төгрөг дутаад байгаа. Сумъяабазарын дүү, асашёрюү Дагвадорж бас хандив өргөе гэсэн байна лээ. үлдэж байгаа зуун хэдэн саяыг Дагваа, Сумъяа хоёр өгөх байлгүй /инээв/

-Ер нь бас алсуураа Архангай Өвөрхангайнхан нийлж байгаад энэ наадмыг авчихсан гэх яриа байх юм. Наадмын дэвжээн дээр нэлээн хэдэн тэрбум төгрөг эргэсэн гээд. Сухбатыг ч нэлээд хавчсан юм биш үү?


-Баянаа аваргын яриаг би зурагтаар сонссон. Тэр л нэлээн үндэстэй байх. Зөвхөн энэ жилийн наадам биш, жил жилийн л наадмаар бөхийн холбооны элдэв зөрчил хэрүүл ил гарч байдаг. Сүхбат ч нэлээн хавчигдаж байсан юм шиг ойлгогдсон. Дээр нь тэр бэртэл мэртэл ч нөлөөлсөн л байх.

-Ярилцсанд баярлалаа.

Сэрүүлэг сонин 22, 23

Б.Заяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button