Германы хамтлаг Монголчуудыг нутагт нь доромжлоод буцлаа

Энэ бол их хааны нэр зээлдсэн Германы эртний нэгэн хамтлагийн сүлд болсон дуу нь.
Яагаав дээ, санаж байна уу, аль социализмын үед л сахилгагүй бацаанууд улс төрийн хэрэг хийж байгаа шахуу гэрэвшин байж Чин Чин Чингисхаан, хээр очоод гэдсээ маажаад гэж дуулалддаг байсан шүү дээ. Тухайн үедээ уүнийг бид уг дууг гуйвуулсан хэлбэр нь гэж ойлгодог байв.
Харин яг эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойн үеэр энэ дууг амьдаар нь сонсох боломж олддог юм байна. Бүр төрийн арга хэмжээний хүрээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболдын урьж, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханы зохион байгуулж байгаа шоунд шүү,дээ.
Чингис хааны сүр хүчийг нутагт нь ирж үзүүлж байгаа герман хамтлагийн хамгийн гол имиж, гялтайж гялайлгаж байгаа зүйл болох бидний өмчлөх дуртай их хааны тухай дууны үгийг энд герман эхээр нь тавилаа, та харна биз. Зарим нэг хэсгийг нь утгачлан орчуулбал

Гударцгаая, дээрэмдэцгээе.
Бид монголчууд, нэмээд архи аваад ир, хул хулаар нь архиа ууцгаая /утгачлан орчуулсан нь.
Германчууд өөрсдийнхөөрөө шар айргийг метр, метрээр нь уух гэж ярьдаг/.
Чөтгөртэй уулзвал ч уулзъя, чөтгөр ирвэл ч ирэг,
Таалагдсан хүүхэн болгоноо майхан руугаа чирцгээе, бид нэг шөнө зургаан хүүхэд ч хийдэг.
Юу, юу гэнэ вэ? Дахилт нь бас дахин дахин энэ үйлдлээ давтъя гэсэн уриалсан утгатай. Энэ дуун дээр нь тэгээд хэдэн зуун монголчууд баярлалдан хөөрөлдөн,сэгсийтэл бүжиглэцгээгээдл…

Германчууд яахав дээ, өөрсдийнхөөрөө Чингис хаан алуурчин, дээрэмчин, зэрлэг бүдүүлэг гэж ойлгодог юм байж. Гэтэл монголчууд юундаа түүнд нь хөөрөөд, дэмжээд, орилолдож шүгэлдээд байгаа юм бэ?
Уг нь манайханд чинь хэлтэй устай, боловсролтой хүмүүс мэр сэр баймаар л юм. Ялангуяа герман хэл мэддэг хүмүүс мундахгүй л олон баймаар юм. Ядаж байхад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо сүртэй сайхан тэмдэглэлээ гэж хөөрөлхөж онгироод байгаа тэр комисс момисс гээчид нь ганц дууны мөр гадарлачих хүн баймаар л юм гэж бодохоор бүр гайхаш тасраад байна.
Эсвэл албаар ингэж Чингис хаанаа, монголчуудаа доромжлох гэсэн юм уу? Ядаж байхад тэр стадионд хөөрөн баярлан дуулж, орилж байсан хүмүүс дунд ганц герман хэлтэй хүн байгаагүй юм байх даа. Хэрвээ Напелоныг ч юм уу, Оросын Петр хааны тухай ийм маягтай дуу нутагт нь ирж дуулсан бол франц, оросууд мод чулуу барин дайрах байсан биз. Гэтэл монголчууд өөрсдөө ийнхүү урьж залж суйд болдог, нохойдоо хүртэл их хааныхаа нэрийг өгдөг, өөрсдийг нь доромжилж байхад баярладаг ард түмэн гэдгээ дэлхийгээр нэг зарлав. Германы мөнөөх алдарт хамтлаг нь Бид Монголд тоглолтоо хийгээд, Чингис хааны тухай дуу дуулж, ард түмэн баярлаад сүйд болсон гэж хөөрөлхөж байгаа даа.
Хамгийн гомдмоор нь юу ч мэдэхгүй өөрсдийгөө шоу бизнесмэн гэдэг хуүхдүүд мөнгө хийх гэж тэр дээр үеийн Герман хамтлагийг авчирч Чин чин Чингис хаан гэдэг ганцхан үгээр монголчуудыг хөөргөж тэнэгтүүлэх гэсэн бол ондоо. Гэтэл энэ удаагийнх бол бүр төрийн арга хэмжээ, дээрээс нь бидний татварын мөнгөөр тэр аймшгууд-ыг урьж ирүүлсэнд байгаа юм даа.
Хаа байсан Үйлдвэр, худалдааны сайд нь өөрийнхөө сайхан сэтгэлээр сак шоу зохион байгуулах гэсэн чинь төрөөс мөнгө өгөхгүй байна гомдоллож байсан, удахгүй хоёр тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж өгөх сурагтай. Засгийн газар ч юу байхав дээ, татвар төлөгч бидний мөнгөнөөс… За яахав, шоу баяр хийж мөнгө төгрөг цацдаг, бүр хэдэн тэрбумаар нь…

Гэтэл дээрээс нь их ойн баяраараа өөрсдийгөө мөнгө төлж доромжлуулж л байдаг. Арай ч ичмээр, гомдмоор юм. Сайд Су.Батболд, Б.Жаргалсайхан та нар төрийн мөнгөөр наадмаар байвал арай өөр бай сонгох нь яагаав? Тэрийгээ бас Герман битгий хэл дэлхийд алдартай хамтлаг гээд байгаа юм аа. Имиж, хувцас чимэглэл нь монгол үндэсний хувцасны донж маягаас санаа авсан нь амжилтынх нь гол үндэс болсон гээд байгаа юм аа, танилцуулга дээрээ. Ард нь бүжиглэсэн Чингисийн сүр хүч гэдэг хамтлаг нь анх удаа хилийн чанадад гарч үзэж байгаа юм гэсэн.
Юу гэж найрч урьсан бол? Манай монголчууд танай хамтлагийг шүтэн биширдэг. Гударцгаая гэдэг Чингис хаан дуунд чинь бүр ч дуртай гээгуй байгаа даа. Нарийн ярих юм бол манайх ч бас өөрсдийн Чингис хаан хамтлагтай гэж байгаа. Тэд арай ч Чингис хаан бол архи ууж, хүүхэн чирэх /бү-дүүлгээр хэлбэл хүчиндэх/-ийг уриалагч гэж дуулахгүй сэн дээ. Яана аа, бодохоос ч ичмээр бас уур хүрмээр. Б.Жаргалсайхан сайд аа, та герман хэл мэддэг хүнээс дууных нь үгийг нэг асуугаарай даа.

(Ардын эрх 135/413)
А.АЛТАНТУЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button