Ш.Перес Бидний цорийн ганц хүсэл бол амгалан тайван амьдрах явдал

Триполийн ойролцоох Абдех боомтод агаараас өгсөн цохилтын улмаас Ливаны цэргийн долоон албан хаагч амь үрэгдсэн байна. Хезболла бүлэглэлийн пуужингийн довтолгооны уршгаар Израилийн Хайфа хотод найман хүн амь насаа алдсаны дараа израильчууд ийнхүү Ливанд агаарын дайралт хийжээ. Израилийн Ерөнхий сайд Эхуд Ольмерт Хайфа хотыг пуужингаар харвасан нь холын үр дагавар дагуулах болно гэж хэлжээ. Дээрх халдлага энгийн ард иргэдэд чиглэсэн. Тиймээс Хезболла бүлэглэлийн явуулж буй дайн Израилийн иргэдийн эсрэг түрэмгийлэл юм хэмээн Э.Ольмерт онцолсон байна. Түүний орлогч Шимон Перес Израиль улс Хезболла-гийн зүгээс учруулж байгаа аюулыг л намжаахыг оролдож байгаагаас биш Ливаныг довтлох зорилго агуулаагүй.

Бид Ливанаас газар, ус, өөр юуг ч хүсээгүй, бидний цорын ганц хүсэл бол амгалан тайван амьдрах явдал гэж мэдэгджээ. Израилийн довтолгоо эхэлснээс хойш Ливанд 130 хүн амь үрэгдсэн гэж BBC мэдээлэв. Тэдний 23 нь өнгөрсөн ням гаригт Ливаны өмнөд хэсэгт алагджээ. Иранаас элит анги салбаруудын 100 орчим мэргэжилтнийг Хезболла-д туслуулахаар илгээсэн тухай Израилийн хэвлэлүүд бичиж эхлэв. Ираны зүгээс Ойрхи Дорнодод нүүрлээд буй хямралд тус улс огтхон ч хамаагүй хэмээн няцааж буй боловч аятолла Али Хаменеи нарын лидерүүд Хезболла-гийн үйлдлийг дэмжиж байгаагаа нуусангүй.
Сионистуудын хувьд Ливан бол шүдэнд орсон мах юм. Тэд биднийг хэзээ ч, яаж ч чадна гэж занадаг. Гэвч Ливан улс, тэдний Хекболла-гийн хүчтэй эсэргүүцэл сионистуудын энэ сэрүүн зүүдийг бодит хэрэг болгоогүй юм гэж Али Хаменеи хэлжээ. Эдгээрийг хэрэгжүүлсэн тохиолдолд буудахаа зогсоох болно гэсэн болзлыг Израилийн тал Италийн төлөөлөгчдөөр дамжуулан Ливаны талд шилжүүлэн өгсөн гэх мэдээ өнгөрсөн ням гаригт тарав. Израильчууд Хезболла бүлэглэлийнхнийг тус улсын өмнөд бүс нутгаас гаргаж, одоогийн хямралын шалтаг болсон хоёр израиль цэргийг хорионоос суллахыг шаардаж буй аж.

Олзлогдсон израиль цэргүүдийг Палестины дайчид Газын зурваст хорьж байгаа юм. Иймд Израилийн тал Газын зурваст агаарын цохилтоо сэргээжээ. Гэрчүүдийн ярьснаар Палестины Гадаад хэргийн яамны байр дахин бөмбөгдөлтөд өртөж хүмүүс шархадсан гэнэ.
Ливанаас ирсэн мэдээнээс үзвэл израилийн цэргийн хүчнийхэн Ливаны боомт хот болох Тирт агаараас ээлжит цохилт хийж 16 орчим хүний амь насыг бүрэлгэжээ. Израилийн хилээс холгүй орших Ливаны тосгоныг буудсаны уршгаар долоон хүн алагдсан байна. Израилийн тал өнгөрсөн ням гаригийн орой Ливаны олон улсын нисэх онгоцны буудлыг бөмбөгдөж шатахууны нөөцийн байрыг дэлбэлжээ. Израилийн тал Ливаныг тав дахь өдрөө бөмбөгдөж 120 гаруй хүний амь насыг хөнөөсөн гэж BBC мэдээлэв.

Харин Израилийн цэргийн мэдээллийн эх сурвалжаас үзвэл Хезболла-гийн дайчдын харвасан пуужингийн цохилтод Афула хот, Израилийн хилээс 50 км дотогш байрлах Назаретийн дүүрэг өртсөн аж. Өргөн хэмжээний дайралтад өртөж болзошгүй тул Израилийн дайчид Ливаны өмнө зүгийн нутгийн ард иргэдэд дүрвэхийг анхааруулсан байна. Гадаадын олон орны эрх баригчид Ливанд байгаа нутаг нэгтнүүддээ тус улсыг орхиж гарахыг анхааруулж, зарим нь иргэдээ татаж эхэллээ. Хямрал даамжирч буйд дэлхий нийтээрээ зовниж байна. Ойрхи Дорнодын хямрал даамжирсан энэ цаг үе ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж байгаа Их наймын чуулгантай давхцаж буй. Түүнд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Хезболла бүлэглэлийг өнөөгийн хямралын гол буруутан хэмээн нэрлээд байна. Яагаад Ойрхи Дорнодод энх тайван тогтдоггүйн шалтгаан одоо олон хүнд илэрхий болж байна. Өдгөө үүний шалтгааныг таних гэгээрлийн үе ирлээ. Бас Хезболла бүлэглэл төдийгүй тэднийг санхүүжүүлдэг иранчууд, нууж хаацайлдаг сиричүүдэд байр сууриа илэрхийлэхийн тулд хамтран нэгдэж ажиллахыг биднээс шаардсан тийм цаг үе юм гэж Ж.Буш мэдэгджээ. Өнгөрсөн ням гаригт Европын холбооны гадаад бодлогын зохицуулагч Хавьер Солана Ливаны Ерөнхий сайдтай хэлэлцээр хийхээр тус оронд ирэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бие төлөөлөгч тэнд очоод байгаа юм.

(Ардын эрх 135/413)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button