Аварга шар хээрээ алдсан Баянхонгорын уяач Дүгэрсүрэн нүдэндээ нулимстай буцлаа

-Наадмын комисс зөвхөн их нас будилсан гэж байгаа ч бүх насны морьд будилаантай уралдсан гэж уяачид бухимдаж байна. Наадмын салбар комиссыг шүүхэд өгнө. Гомдлоо шүүхээр шийдүүлнэ гэсэн байр суурь чинь хэвээрээ юу?

-Монголын морин спорт уяачдын холбооноос гаргасан мэдэгдлийг бид гардуулна. Тодорхой хугацаа зааж бид хариугаа авна. Наадмын салбар комиссыг морьд будилаантууллаа гэж зөвхөн Аравгар хээр холбооноос эсэргүүцээд шүүх цагдаадаа тулаад байгаа юм биш. ММСУХ-ноос ийм шийдвэр гаргасан. ММСУХ гэдэг маань 21 аймагт салбартай, 50 000 орчим гишүүнтэй том холбоо. Наадмын комиссоос улсынхаа баяр наадмаар ард түмнийхээ хийморийг сэргээж морин уралдаанаа хийж чадсангүй. 6 насны морь бүгд будилсан. Зөвхөн их нас будиллаа бусад нь ном журмаараа сайхан явагдлаа гэж мэдэгдсэн ч хөшигний цаана бүгд худлаа байсан. Наадмын комиссын зүгээс уралдааны зайг огт бариагүй. Шүдлэнгээ хязаалангийн зайнаас уралдуулсан. Их нас 28 километрээс гарах ёстой. Яс юман дээрээ 23 километрээс л гарсан. Азарга бөөндөө дутуу эргэсэн. Ийм будилаан хутгаснаа комиссынхон л мэдэж байгаа бусад нь мэдээгүй. Манай холбооноос 6 насны морьд дагасан учраас бүх но-г нүдээр харсан. Уяачдыг, телевизийнхэн, сэтгүүлч сурвалжлагчдыг оргуулаагүй ш дээ. Морь дагасан 1000 орчим армийнхан, цагдаа нар зөвхөн будилаан хутгах л ажил хийсэн. Тэд армийнхан мэн л байгаасай гэж залбирч байна. Цэргийн хувцас өмссөн өөр зорилготой хэсэг хүмүүс байсан юм биш байгаа гэж хардаж байгаагаа бид нуухгүй. Бодит байдлыг нүдээр харсан бол үнэхээр зүрх шимширмээр байсан. Чингис кино хийнэ, дайн байлдааны байгаа. Тэнд бараг тийм дүр зураг харагдаж байсан. Цэргүүд улайм цайм хүүхдүүдийг зодсон ш дээ. Сүхбаатар аймгаас 16 уяач 60-70 морьтой ирлээ. Увс, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнодоос олон уяач ирсэн. Зарим нь бараг нүдэндээ нулимстай буцлаа. Төрийн их баяр наадам, 800 жилийнхээ ойд морьдынхоо тоосыг өргөхөөр ирсэн тэд ийм шударга бус байдлыг хараад гонсойхгүй яах юм. Тэд баян хүмүүс биш ш дээ. Хэдэн малаа мөнгө болгоод төрийнхөө их ойг хүндэтгэж, эхнэр хүүхдээ дагуулж, тогоо шанагаа үүрээд морь, сэтгэл хоёроо л дагаж яваа хүмүүс. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Дүгэрсүрэнгийн аварга шар хээр нэртэй сайхан морь үхлээ. Ноднин өндөр гэгээний наадамд 10-аар давхиж, нутгийнхаа наадамд 9 удаа түрүүлсэн хурдан буян. Хаана ч очоод уралдсан тархинд уралддаг шандаст хүлэг. Сая 10-аар давхиж яваад энэ будилааны золиос боллоо. Дүгэрсүрэн уяач комиссынхон дээр очиж новшнууд минь, энэ дэвжээн дээр чинь дахиж би хэзээ ч ирэхгүй гэж хэлээд буцлаа. Энэ мэтчилэн хүмүүс бухимдаж байна. Бидэнд их нас уралдсан ориг бичлэг байгаа. Yүнийгээ наадмын комисст үзүүлж, тэднээр хийсэн буруу үйлдлийг нь засуулж ард түмнээсээ уучлалт гуйлгана. Тод манлай уяач Сундуйжав, Даваахүү, Аюуш, Дуламсүрэн зэрэг алдарт уяачид үүний төлөө нэгдэж байгаа.

Их нас будилснаас болж эхний 70 орчим морьдыг ухрааж барих болсон нь уяачдыг ихээхэн бухимдуулж байна. Хурд шандсаараа ард түмэндээ танигдсан ямар ямар морьд ухарчихав?


-Соёолон уралдах үеэр морьд бариандаа гүйцэж очоогүй шахам дохио өгснөөс эхний 60 орчим соёолон тасарсан. Жиптэй хүмүүс урдаас нь шахаж ганц нэгийг нь үлдээгээд үлдсэнийг нь арын морьдтой нийлүүлж тавьсаар байтал түрүүлж давхисан ганц нэг морьд 2-3 километрээр тасарчихсан явж байх жишээтэй. Их нас ч мбн л ийм юм болсон. Дээр дурьдсан Баянхонгорын харъяат Дүгэрсүрэнгийн аварга шар хээр эхний аравт давхисан. Макс Ганбаатарын хээр түрүүлж ирлээ. Асгатын гаралтай, халхад хаа ч уралдана гэдгээ баталчихсан сайхан хурдан буян байна. Гоё халиун цээжинд ирлээ. Хязааландаа улсад түрүүлсэн, соёолондоо аман хүзүүдэж байсныг ард түмэн мэднэ. Хавчиг насандаа аман хүзүүдсэн халхын цуутай хурдан хүлэг гээд нэрлээд байвал маш олон хурдан буянуудыг нэрлэж болохоор байна. Билэгдэмбэрэлийн Буган халиун 100 гаруй морьдын араас явсаар эхний 5-д ороод ирсэн нь монгол телевизийн бичлэг дээр харагдаж байгаа. Гэтэл 100 гаруй морьдын урд гарч айрагдсан Буган халиуныг ухрааж Батхүү сайдын морь түрүүлж, Женко Баттулгын морь айрагдаж байгаад хүмүүс бухимдаж байна. Буган халиуныг мэдсээр байж ухрааж байгаад бид дургүйцэж байна. Ард түмэн наадам наадам биш болж нэр бүхий цөөн хүнд үйлчилдэг, үйлчлэхийн тулд наадмыг хүссэнээрээ будилаантуулдаг болж. Ялангуяа армийнхан энэ хутгаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна гэж ярьж байгаа нь оргүй үг биш. Манай ард түмэн тэнэг хүмүүс биш шүү дээ.

-Энэ наадмаар 9 азарга үхсэн. Маш олон хүүхэд унаж бэртлээ. Азаргаа алдсан уяачид холын зайд хурдтай хөөснөөс боллоо гэж гомдоллож байгаа?


-Энэ бол үнэн. Богино хугацаанд маш хурдтай хөөснөөс олон сайхан азарга үхлээ. Хэд хэдэн азарганы хөл хугарсан. Бараг 40 километр цагийн хурдтай хөөсөн гээд бодохоор аргагүй шүү дээ.

-Энэ жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү будилсан нь уяачид морины холбоодын хагарал туйлдаа хүрчээ гэсэн ойлголтыг хүмүүст өгч байна?


-Манай уяачид, морины холбоодын дунд ойлголцдоггүй нэгддэггүй юм бий. Yл ойлголцол зөрчлөө моринд гаргах ч асуудал гарч байсан. Нэг нэгнийхээ морийг хатгах, гэмтээх болчимгүй зүйлүүд ч гардаг. Ноднин тод манлай уяач Сундуйжав гуайн уяан дээр ийм хэрэг гарсан. Хоёр жилийн өмнө дөө Өвөрхангай аймгийн алдарт уяач Сосорбарамын Их хурдын сунгаанд түрүүлж олны хараа булааж байсан хонгор морийг Их хурдад ачдагийн шөнө алдаад өнөөдрийг хүртэл сураг ч гаргаж чадаагүй. Сосорбарам уяач Хонгор морь минь хуушуур болчихсон байх гэж уйлж суудаг юм. Морь гэдэг угаасаа шунал хор шар дагуулсан шидтэй амьтан. Уяачдын дотоод зөрчил нэг иймэрхүү. Харин наадмын будилаанд уяачид ч буруугүй, морины холбоод ч буруугүй. ММСУХ жилд 400-аад наадам зохиодог. Их сайхан наадмууд болдог. Наадмын комиссоос жилдээ ганц удаа бие дааж зохиодог наадам бол улсын их баяр наадам. Гэтэл үүнийгээ ч зохион байгуулж чадахгүй булайгаа дэлгэж суугаадаа ичих хэрэгтэй. Комиссоо үндсээр нь өөрчилҗ мэргэжлийн хүмүүс оруулах, эсвэл баяр наадмынхаа хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг шүүмжлэл ортой. Эсвэл баяр наадам зохиох эрхээ ММСУХ өгчих хэрэгтэй. ММСУХ чадахгүй бол үндсээрээ огцорсон нь шударга шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Сэрүүлэг сонин 22, 23

Ц.Төмөрхүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button