В.Путины гэрт уулзсан Их найм

Ийм уулзалт анх 1975 онд Их долоо-гийн бүлгийг байгуулснаас хойш жил бур болдог, ОХУ-ыг 1991 оноос урьж байснаа 1998 оноос Москва тарган муурнуудын уулзалтад бүрэн эрхтэй оролцох болсноос хойш G8″ буюу Их найм гэж нэрлэгдэх болсон билээ.

10,7 тэрбум рублийн цугларалт


Ноднин жил Их Британийн Шотландад Их найм уулзсаны дараа 2006 онд ОХУ тарган муурнуудын дээд хэмжээний найрыг даргалахаар тогтсоноос хойш Москвагийн эрх баригчид бүтэн жилийн турш эл уулзалтад бэлтгэжээ.
Энэ хугацаанд ОХУ-ын Еренхийлөгч төрж өссөн Санкт-Петербург хотынхоо зам харилцаа, дэд бүтцээс эхлэн эртний орд харшаа сэргээн засварлах талаар асар их бэлтгэл ажил өрнүүлжээ. Ер нь Путин төрийн тэргүүн болсноосоо хойш Санкт-Петербургийг /цаашдаа Питер гэж хураангуйлна Ц.Ц/ ямагт тордож, болж өгвөл Питерийг Оросын нийслэл болгох санаатай байдаг учир Их найм-ын ээлжит уулзалт сайхан далим болж, эртний түүхт хот улам өнгө орлоо гэж Оросын зурагтын тоймчид бичиж байна.
Тарган муурнуудын цугларалт дэлхийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой практик асуудлыг шийдэх ёстой. Ингэхгүй бол ийм уулзалт ашиггүй гэж В.Путин өмнө хэлж байсан бөгөөд тарган муурнууд гэдэг нь В.Путины үг болно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Питерийн Стрельнад хийсэн бөгөөд энэ нь Оросын төрийн тэргүүний нэгэн харш юм. Стрельнагийн хавьд байдаг Константиновын их ордонд Ж.Буш, В.Путин, А.Меркель, Р.Проди, Ж.Ширак, Ж.Коужими, Т.Блэр, С.Харпер нар дугуй ширээний уулзалт хийлээ. Тэд дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээтэй асуудал, тухайлбал, манай гарагийн эрчим хүч, хий, газрын тосны хүрэлцээ, хямрал, халдварт өвчин, боловсрол, дэлхийн хэмжээнд алан хядах, хорлон сүйтгэх, айлган сүрдүүлэх явдалтай хийх тэмцлээ цаашид яаж үр дүнтэй болгох, Иран, Ар Солонгосын цөмийн хөтөлбөр, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн асуудал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэрхэн уялдуулан зохицуулах, ДОХ, ядуурал гуйланчлалыг яаж багасгах, дэлхийн дулаарал, байгалийн гамшигтай хэрхэн хамтран тэмцэх, хөгжиж буй орнуудад яаж туслах гээд өдий төдий асуудлыг хөндөн ярилцав.
Яг энэ уулзалтын өмнөхөн Израиль, Ливаны дайн гарч Их найм-ын удирдагчдыг ихээхэн түгшээсэн тул энэ асуудлаар тарган муурнууд санал бодлоо илэрхийлж, Дундад Дорнодод жинхэнэ дайн эхэлснийг хэрхэн намжааж эвийн аргаар, хэлэлцээний замаар зохицуулахыг Ливан, Израилийн удирдлагад уриалж байлаа.
Ж.Буш Их найм бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглахаас нэг хоногийн өмнө буюу долдугаар сарын 14-нд Питерт ирж В.Путинтай албан бус яриа хэлэлцээ хийж хэвлэлийн бага хурал хийлгэж, В.Путины оюутан ахуй цагтаа унаж байсан хуучин Запорожец машиныг сонирхож байв. Их найм-ын энэ удаагийн уулзалтыг сурвалжлахаар гадаадын 14000 гаруй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин, найруулагч нар ирсэн бөгөөд тэдэнд зориулан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ж.Буш, В.Путин нар янз бүрийн асуултад дэлгэрэнгүй хариулж байлаа. Жишээ нь, Ж.Буш Бид Иракт ардчилал, эрх чөлөөг бий болгож байна гэхэд Путин дор нь өлгөж авч Одоо Иракт бий болсон шиг тийм ардчилал, эрх чөлөө оросууд бидэнд огт хэрэггүй хэмээн ярихад сэтгүүлчид инээлдэж, Буш эвгүй байдалд орж байлаа.
Стрельнагийн уулзалтад Их найм-ын удирдагчдаас гадна БНХАУ, Бразили, Энэтхэг зэрэг хөгжиж буй том орнуудын Ерөнхийлөгч нар уригдсан бөгөөд хоёр талын болон олон этгээдийн уулзалт яриа өрнүүлж байлаа. Албан ёсны бус аминчилсан энгийн уулзалт ярианд оролцогчид тухайн хоёр орны төдийгүй, дэлхийн том том асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд тэд үзэл бодлын хувьд өөр өөрийн байр суурийг хамгаалж, үг зөрж байсан ч ерөнхийдөө ийм дээд хэмжээний уулзалт үр дүнтэй нь харагдсан юм. ОХУ өнөө жил Европын зөвлөлийг бас даргалж байгаа бөгөөд зургаан сарын дараа даргын ажлаа дараагийн оронд шилжүүлнэ. Европын зөвлөлд 46 орон багтдаг бөгөөд 23 жилийн дараа Москвагийн эрх баригчид дахин Европын зөвлөлийг даргалах болно. Путин Их найм-ын удирдагчдыг гэртээ урьж цайллага дайллага хийх үеэрээ ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын тогтолцоог бий болгох санал, Иран, Ар Солонгосын цөмийн бөмбөг, Израиль, Арабын орнуудын мөргөлдөөн хямралын талаар өөрийн хатуу чиг шугамаа хамгаалав. Ялангуяа Европын холбооны нэлээд орон байгалийн шатдаг хийн хоолойг хөгшин тив рүү тавихдаа Оросын нутгаас авахгүй, энэ орноор дайруулахгүй тавих бодолтой байдаг. Үүнийгээ Эрчим хүчний НАТО хэмээн нэрлэдэг. Гэтэл В.Путин Оросын том том хийн корпорациудын бүтээгдэхүүнийг Европт гаргах талаар байнга хөөцөлдөж, санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд түүний хүсэл биелэх аваас ОХУ-д эдийн засгийн асар их ашиг унац бий болох юм. Гэвч энэ удаа Их найм энэ асуудлаар яг нарийн шийдэлд хүрсэнгүй. Учир нь Их найм-ын ээлжит уулзалтаас тусгайлсан тунхаглал мэтийн баримт бичиг ерөөсөө уламжлалтай. Ерөөсөө одоо Их найм гэж байгаа боловч ОХУ-ыг эдийн засгийн том асуудлыг шийдэхдээ оруулдаггүй, тарган муурнууд тусдаа цуглан шийддэг учраасИх найм-ыг заримдаадолоо дээр нэмэх нэг, долоо хагас гэх мэтээр нэрлэдэг.
Стрельнагийн уулзалтыг амжилттай хийж өнгөрүүлэхийн тулд ОХУ маш их хөрөнгө сул үржээ. Шинжээчдийн үзэж байгаагаар В.Путин долоон орны томчуудыг гэртээ хоёр гурав хонуулахын тулд дор хаяж дангаараа 10.7 тэрбум рублийг салхинд хийсгэжээ. Энэ их мөнгийг юунд зарцуулсан бэ гэвэл ирсэн зочин төлөөлөгчдийг дайлах, хамгийн гол нь эрхэм дээдсийн аюулгүй байдлыг хангахад зориулдаг байна. Питерт Их найм уулзах үеэр энэ хотыг ус, агаар, газраар гурван давхар хамгаалж, хэдэн мянган цагдаа, мэргэн буучид өдөр шөнөгүй ажиллаж, Санкт-Петербургийн алдарт салж нийлдэг гүүрийг хааж, хотын нисэх буудлыг ажиллахгүй болгож, зөвхөн галт тэргээр хүмүүсийг зорчуулснаас хэт их ачаалал үүсч, ард түмэн хараал урсгаж гудамжны золбин тэнэмлүүдийг хотоос зайлуулсан боловч согтуу ах нар гүүрийн хашлага түшин нойрсч /үүнийг НТВ, РэнТВ харуулав/ янхан хүүхнүүдийг зам дээр зогсон үйлчлүүлэгч хайхыг хориглосон гээд өдий төдий арга хэмжээ авчээ. В.Путины энэ удаа гаргасан үрэлгэн зардлыг түрүүчийн Их найм-ын уулзалттай жишихэд бага гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал, Наран улс 2000 онд тарган муурнуудыг уулзуулахдаа 800 сая доллар, Ж.Ширак 2003 онд эх орондоо Их найм-ынхныг урихдаа 700 сая доллар гаргаж байсан бөгөөд энэ бүхнээс ОХУ, Япон, Франц мэтийн орнууд ганц гапийны ашиг олоогүй, бөөн зарлага гаргажээ. Гэвч нэгэнтээ өөрийгөө том гүрэн гэдгээ харуулахын тулд бас улстөрийн нэр хүндээ дээшлүүлэх гэвэл улсын сангаас тэрбум доллар гарган үрэх юу ч биш хэмээн үздэг байна. Сүүлийн үед Их найм-ын зарим орнууд ийм их үрэлгэн байдлыг зогсоож, үүний оронд орчин үеийн холбооны техник ашиглан тарган муурнуудын дээд хэмжээний уулзалтыг дүрс бичлэгийн бага хурал болгон улс улсынхаа нийслэлээс удирдагч нар нь бага хурал хийлгэе гэсэн санал гарч байсан ч нэгэнт сурчихсан юмыг сураар боож болдог гүйн үлгэрээр дэлхийн баячуудын клубын эзэд жил болгон хаа нэгэн орныхоо буйдхан газар наргиж цэнгэхийн зэрэгцээ дэлхийн асуудлыг авч хэлэлцдэг зангаа болихгүй байна. Бас тэгээд Их найм-ынхан хоёр гурван хоногийнхоо уулзалтад яг хэчнээн доллар үрснээ нийтэд зарладаггүй. Питерийн уулзалтын үеэр даяарчлалыг эсэргүүцэгчид урьдын адил гудамж талбайд хэдэн мянгаараа жагсан баян орнуудыг эсэргүүцэж чадсангүй. Европоос Питерт цөөхөн хүн ирсэн. Үүнд 400-500 орчим даяарчлалыг үзэн ядагчид хотын цэнгэлдэх хүрээлэнд майхан шааж, цуглаан хийсэн бөгөөд Оросын найз нөхөд гудамжнаа жагссан ч цагдаа нар дор нь хөөн тараажээ. Нэлээд олон хүнийг баривчилсан бөгөөд энэ удаа даяарчлалыг эсэргүүцэгчид бусад оронд болдог шиг сүртэй том арга хэмжээ зохиож чадсангүй. Их найм-ын энэ удаагийн уулзалтын нэг онцлог гэвэл найман орны 13-17 насны хүүхэд багачуудын төлөөлөгчид Их найм-ын удирдагчидтай дугуй ширээ тойрон сууцгааж дэлхийн том асуудлаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн явдал байлаа. Их найм-ын удирдагчид өчигдөр төгсгөлийн баримт бичиг гаргаж В.Путины бэлдсэн цай уултад оролцож, зураг татуулснаар өндөрлөлөө.

2006.07.18 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button