Айдас дагуулсан өршөөл

Бас зарим нь, Баярын нэрээр бага ч болов, нэр хүндээ ахиулах гэсэн хэсэг бүлэг хүн, хавтгайрсан өршөөлөөр хүчний байгууллага, тэнд ажиллагсдынхаа олон жилийн хөдөлмөр зүтгэлийг ганцхан хоромд хийсгэчихлээ гэлцэнэ. Нөгөө хэсэг нь, Өршөөл уучлал нь жинхэнэ эзнээ олбол хайр хүндэтгэл болдог. Эс олбол түмэн муу үр дагавар дагуулдаг хэмээн ярьцгааж байна.
Ямартай ч долоон мянга гаруй хоригдлынхоо тал хувьд нь өршөөл үзүүлж, 1600 шахмыг нь баярын өмнө нар салхинд гаргалаа. Хоригдлууд суллагдсанаас хойшхи нийслэлийн дүр зургийг нэг цухасхан харъя.
Автобусанд, бараан өнгийн костюм өмсч, дөрвөн тал малгай духдуулсан, дөч эргэм насны эр орж ирлээ. Дуу нь автобусаар нэг хадаж, зорчигчид бүгд л хулмагнан чичирлээ. Та нар муу сайн бөөснүүд юу юм бэ? Би гуйж шоронгоос суллагдаагүй. Шаравдорж даргын гарын үсэгтэй бичиг энэ байна гээд нэг цаас барьчихаж. Түүнд ойртож зүрхлэх хүн нэг ч алга. Халамцуу эр ийнхүү хашгирсаар яваад Ленин клуб-ын буудалд буухад автобусны ар, өврийн суудлуудад сууж явсан дөрвөн залуу нийлээд тавуул боллоо. Хэрвээ хүмүүс түүнийг эсэргүүцсэн бол автобусанд дөрвөн хамсаатан нь бэлэн байж.
Өршөөлийн тухай хуулиар суллагдсан Б.Ренчин гэгч хорин нэгэн настай залуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, хууль бус үйлдэл хийснийх нь төлөө шаардлага тавьсан төрийн цагдаагийн эрх чөлөөнд халдан танхайрсан хэрэг гарлаа.
Өршөөлийнхөн гэдэг маань ийнхүү суллагдсан өдрөөсөө л хэрэг түвэгт холбогдон гай гамшиг удсаар. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Авгай хүүхэд, аав ээждээ оччихоод гэмшиж хүмүүжсэнээ яриад, ажил албанд ороод явж байгаа хүн алийг тэр гэхэв. Суллагдагсад нэртэй бүх хүнийг харлуулахын аргагүй. Гэхдээ, өршөөл, уучлал гэдэг бол маш нарийн зүйл гэдгийг бичих гэсэн хэрэг. Өршөөлийг, Монгол Улсын Их Хурал хууль гаргаж хэрэгжүүлдэг. Уучлалыг ганцхан Монгол Улсын Ерөнхийлөгч л бүрэн эрхийнхээ хүрээнд үзүүлдэг. Ерөнхийлөгчийн уучлал эзнээ олохгүй байгаа талаар би нэлээд хэдэн жилийн өмнө бичиж байснаа санаж байна. Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, төрийн цагдаагийн амь насыг аймшигтайгаар бүрэлгэсэн хүний цааз яланд уулчлал үзүүлсэн.
Гэтэл нөгөө ялтан нь төрийн тэргүүнийхээ хайрыг даалгүй, Авдрантад хоригдож байхдаа хэдүүл нийлэн, хамт нэг хорих ангид хоригдож байсан хэд хэдэн хүнийг бүрэлгээд, зэвсэглэн оргож ууланд бүгэн ямар сүр дуулиантай юм болсон гэж санана. Тэгээд баригдах үедээ буудуулж нас барсан л даа. Үүнтэй холбогдуулж, дараа дараагийн Ерөнхийлөгчид санаж болгоож аваасай гэхдээ, Үрэгдэгсдийн амийг танаас нэхвэл яах вэ? гэсэн өгүүлэл нийтлүүлж билээ. Би энэ өгүүлэлдээ, төр засагт хандсан олон асуудал тавьсан юмсан. Тэр болгонд Монголын төр, эрхэм дээдэс одоо хүртэл хариу өгдөггүй! Тухайлбал маш олон хүн цааз ял авсан. Түүнийг уучилдаг юм уу, гүйцэтгэдэг юм уу, бүү мэд. Сураг тасардаг. Заримыг нь асар их хахууль өгөөд нууцаар гадаадад гаргачихсан гэнэ гэсэн мэдээлэл сонин хэвлэлд хүртэл гарсан.
Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол их л сонин зүйл чих дэлсдэг л дээ. Тэр бүхнийг нууц гээд хав дардаг, ард түмнээсээ нуудаг. Хохирогчид бол, уулчилсан, суллаад явуулчихсан, гүйцэтгэсэн, алин болохыг албан ёсорр мэдэгдсэнгүй гэж насан туршдаа гомдож, дээлтэйгээ хатаж явдаг.
Ардчилсан, коммунист, хаант засагтай олон улс орон, цааз ялыг манайх шиг нууцлаад байдаггүй юм билээ. Цахилгаан тогоор хороож байгааг телевизээр хүртэл харуулна билээ. Манайх шиг ингэж их нууцлаад байдаггүй. Манайхны ингэж их нууцлаад байгаагийн цаана маш их но бий гэж би хувьдаа боддог. 1990 оноос хойш цааз ял авсан хэчнээн хоригдол байгаа хэдийг нь ямар цаг мөчид хаана хэн гүйцэтгэсэнийг нь шалгаж тогтоох юмсан гэж боддог. Маш сонин үзүүлэлт, магадгүй ноцтой зүйлүүд ч үүний цаанаас илрэхийг байг гэх газаргүй. Өршөөл гэдэгбол нарийн зүйл. Хэнийг өршөөх вэ гэдгээ судалж үзэлгүй, хуулийн хэдэн заалтад хамруулан хавтгайруулснаас, бид түрүү түрүүчийн өршөөлөөр яаж алдаж байлаа даа. Олон хүн эргэж шорондоо очсон. Түрүүнийхээсээ бүр аймшигтай хэрэг хийчихээд очсоныг санаж л байгаа байх. Өршөөлд хамрагдагсдыг олон түмэн, хувь хүмүүс, гэр бүлийнхэн нь янз янзаар хүлээж авдаг. Авгай нөхөр нь салаад явчихсан, хүнтэй суучихсан, шоронд орохоос нь өмнө сайн сайхан харилцаатай байсан хадмууд нь зүс буруулаад танихаа больсон, найз нөхөд нь хүн чанараа таниулсан зэргээс болж гомдож горойсон хүмүүс олноор гарч ирдэг. Тэд сайн сайхан амьдрая гэхээсээ атгаг санаа өвлөдөг. Иймээс дахин аймшигтай хэрэг хийх явдал түрүү түрүүчийн өршөөлөөс ажиглагдаж байсан. Тэр байтугай А-гийн хүүг суллагдахаас өмнө үхэх юмсан гэж ярьж байсан хүний сураг байдаг.

Галсангийн Жамьян /Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн/
2006.07.18 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button