Гишүүд засгийг хөдөлгөх гэж бус шагналын цайллагад цугларчээ

Хэдийгээр төрт ёсны их баярын өдрүүд ч гэлээ албан ёсоор төрийн эрх барих дээд байгууллагын хуралдаан хаалтаа хийгээгүй болохоор гишүүд нутаг нугаа зориод явчихаагүй байгаа. Наадмын өмнө яригдаж байсан цуу үгээр бол УИХ дахь Ардчилсан намын 19 гишүүн гарын үсгээ жагсаачихаад М.Энхболдын Засгийн газарт итгэл хүлээлгэх боломж алга хэмээн Их Хуралд өргөн барихад бэлэн болсон гэлцэж байсан. Өчигдрийн байдлаар л лав дээрх асуудлаар ямар нэг ажиг сураг дуулдсангүй.
Найр наадам ярьсан цөөхөн гишүүд саарал ордонд цуглаж, улстөр биш, Улсын аварга Д.Сумьяабазар, А. Сүхбат нарын тухай хууч хөөрч өнжсөн. Үдээс хойш наадмын өмнөхөн төрийн цол тэмдгээр энгэрээ мялаасан гишүүд ангийнхнаа нэрэмжит цайллагадаа урьж бяцхан найрлаад авсан. Бас зарим нь аймаг, нутгаараа баг бүрдүүлж, орон нутгийн томоохон наадмуудыг зорихоор бүртгэл сэлтээ хийж эхэлсэн сурагтай.Энэ жилийн улсын баяраар уясан хүлгүүд нь одтой сайхан хурдалсан алдарт уяач төрийн түшээдийн өрөө бол бүр түгжээстэй. Мэр сэр ганц нэгэн туслах өрөөндөө үзэгдэнэ билээ. Үүнээс бусдаар эзэн Чингисийн сүрт баримлаар мануулсан Саарал ордонд өчигдрийн байдлаар л лав төдийлөн онц содон үйл явдал болсонгүй. УИХ завсарлаагүй учраас өнөөдрөөс УИХ-ын бүтцийн байгууллагууд хуралдаж, төрийн хэргийг хэлэлцэх нь мэдээж. Зун улстөр амардаг гэлцдэг ч энэ жилийн хувьд УИХ завсарлаж амжилгүй байсаар нөхөн сонгууль гээч улстөрийн бас нэгэн том үйл явцтай золгож байна. Төрийн их ой давхцаж байгаатай холбогдуулаад гадаадын өндөр хэмжээний зочид ч энэ зун тасрахгүй. Манайд ирэх гадаадын томчуудын цувааг угтах үдэх, албан ёсны уулзалтууд зохион байгуулах гээд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын Тамгын газар зав муутайхан зусах байх. Улстөр хэрхэн өрнөхийг манай сонин үргэлжлүүлэн уншигчиддаа хүргэнэ. Өнөөдөр АН-ын зөвлөлийн хурал болохоор зарлагдаад байгаа. Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар албаны эх сурвалж баттай мэдээлэл өгөөгүй, харин Засгийн газрын талаархи асуудлыг ярихгүй гэдгийг батлан хэлсэн юм.

2006.07.18 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button