Их наймын уулзалт өндөрлөө

Түүнд оролцож байгаа найман гүрний лидерүүд өнгөрсөн ням гаригт Израильчуудад хандан дээд зэргээр тэвчээртэй байх, харин Хезболла-чуудад Израилийн хоёр цэргийг суллахыг уриалсан билээ. Цэргүүдийг чөлөөлж, Хез-болла-гийн зүгээс Израилийн газар нутгийг пуужингаар харвахаа болих нь хүчирхийллийг зогсоох нөхцөл бүрдүүлэх юм гэж Их наймын тэргүүнүүд гаргасан мэдэгдэлдээ дурдлаа. ХБНГУ-ын Канцлер А.Меркель Их наймын лидерүүдэд хандан НҮБ-аар дамжуулж Ливанд шинээр цэргийн ажиглагчид явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Их наймын уулзалтын сүүлчийн өдөр тэдний бүрэлдэхүүн тэлж Хятад, Энэтхэг, Мексик, Бразил, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын төрийн тэргүүнүүд, олон улсын голлох байгууллагын төлөөлөгчдөөр бүл нэмэв. Тэд чуулга уулзалтад урилгаар оролцсон юм. Чуулга уулзалтын сүүлийн өдөр буюу өчигдөр зэвсэглэл, үй олноор хөнөөх хэрэгслийг дэлгэрүүлэхийн эсрэг Их наймын орнуудын лидерүүдийн нэрийн өмнөөс хүлээх үүргийг баталгаажуулсан Ө8-ын орнуудын өргөн түншлэлийн тухай илтгэлийг хэлэлцжээ. Химийн зэвсэглэлийг устгах, цөмийн шумбагч завийг ашиглах заавар, зэвсгийн үйлдвэрлэлийн салбарын эрдэмтдийн хөдөлмөрийн нөхцөл байдал зэрэг олон сэдэв үүнд тусгагдсан байна.

Их наймын орнууд хүрээгээ тэлж санхүүгийн салбарт өргөн түншлэлийг хэрэгжүүлэхээ ч ярилцжээ. Дэлхийн улс төр, эдийн засгийн байдал ч тэдний анхаарлын гадна үлдсэнгүй. Их наймыг өргөтгөх талаар санал солилцох үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөө үед олон улсын хэмжээний аливаа асуудлыг чуулга уулзалтад уригдаж иреэн орнуудын оролцоогүйгээр шийдэх боломжгүй гэдгийг хэлсэн байна. Энэхүү уулзалтад Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев анх удаа оролцлоо. Гэхдээ тэрээр төрийн тэргүүний хувьд биш, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын даргын хувьд хүрэлцэн ирсэн юм. Их наймын чуулга уулзалтаар хэлэлцсэн гол асуудал болох эрчим хүчний аюулгүй байдал, боловсролын хөгжил, халдварт өвчинтэй тэмцэх нь зэрэг сэдвээр тогтоол гарган баталсан байна. Түүнээс гадна Ойрхи Дорнодын асуудал, Худалдааны баримт бичгүүд, Дээд төвшний хүрээнд гарч буй авилгатай тэмцэх зэрэг асуудлаар 12 тогтоол гаргажээ. Хойд Солонгосын хийсэн цөмийн туршилтыг бас буруушаацгаав.

Найман гүрний төрийн тэргүүнүүд Наймын бүлгээс алан хядлагатай тэмцэх тунхаглал, Алан хядлагатай тэмцэх НҮБ-ын хөтөлбөрийг бэхжүүлэх тухай Их наймын мэдэгдзл, Тогтворжуулалт, сэргээн боеголтын асуудлаар хамтран ажиллах тухай тунхаглал зэрэг баримт бичгүүдийг баталжээ.
Москвагийн тал Орос-Хятад-Энэтхэг гэсэн гурвал Их наймын үлдсэн долоон оронтой энхийн уулзалт хийх шинэ санаа дэвшүүлээд байна. Санкт-Петербургт болсон найман гүрний уулзалтыг шинэ түүхийн сүүлийн 10 жилд болсон хамгийн ер бусын хурал хэмээн түүхэнд үлдэнэ гэж ажиглагчид үзэв. Их гүрнүүдийн чуулга уулзалт дайны эхлэлтэй зэрэгцэн нээлтээ хийж байсан тохиолдол үгүй гэж хэвлэлүүдэд бичжээ. Бас нэг сонин гэвэл ХБНГУ-ын Канцлер А.Меркель чуулган өндөрлөмөгц төрсөн өдрөө тэмдэглэв. Тэрээр 52 нас хүрч байгаа юм.

(Ардын эрх 135/413)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button