*Гаднаа гяланцаг дотроо планцаг Нархан хотхон*

Мөнгөтэй баян тарган хэн бүхэн л тэрхүү чамин сайхан нэртэй хотхонууд руу хошуурах моод дэлгэрсэн гэж болно. Оддын хотхон, Нархан хотхон, Хөгжил хотхон… гэх мэт шил шилээ дарсан шинэ хороолол тансаг харшууд өргөжсөөр.
Хүний ая тухтай амьдрах бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэх тансаг харшууд руу манай томчууд, хөрөнгөтнууд хошуурах болсон нь аргагүй.

Хотын төвийн хоёр гурван өрөө байр цагийн эрхээр манай баячуудад гологдож шинэ байр луу нүүх болсон нь аргагүй л *мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү* гэдэг лугаа. Нөгөөтэйгүүр зиндаа зиндаагаараа орчин орчингоороо амьдрахыг хүсэх болсон нь энд харагдаж байна.

Тэрхүү тансаг сайхан хотхон хаус байрнуудын үнэ …300 сая, 100 сая, 80 сая, 60… сая гээд л мань мэтийн ой тоонд багтамгүй дуулдах нь нүд бүлтийж чих дэлдийм.

Манай монголчуудын зарим нь үнэхээр баян тарган болжээ гэдэг нь ч эндээс харагдана.

Манай татварынхан, шинээр байгуулагдаж байгаа авилгалтай тэмцэх газрынхан энэ хавьцаанаас л ажлаа хийвэл их юм олдоно доо гэсэн хардах бодол төрнө.

Сарын 80.000 төгрөгийн цалингаараа арай гэж хоол байрандаа хүргэн амьдардаг мань мэт 500 мянгаар ганц монгол гэр авч өөрийн гэсэн орон гэртэй болж амьдарч дийлэхгүй *өрдийн бодол шөнийн зүүд* болж байж тэрийг бол мөрөөдөлтгүй хэрэг гэнэ.

Гэтэл тэрхүү тансаг орд харшууд маань гаднаа гяланцаг ч дотроо планцаг гэдгийн үлгэрээр тун тааруу байдаг тухай гомдол яриа чих дэлсэх болов.

Нэгэн жишээ гэхэд л Алтай констракшны *Нархан хотхон* гэхэд л наадмаар усгүй шахуу өнгөрөөсөн сурагтай. Нөгөө сайхан шинэ байранд ороод удаагүй эрхэмүүд ч ёстой боож үхэхээ шахсан аж.

Ер нь тус барилгын сантехник угсралтын хувьд тун муу гэж ярьдаг юм билээ. Учир нь ус тасрах, халуун ус байхгүй хэд хонох, заримдаа бүр хүйтэн усны цоргоор халуун ус гарч шалзлах шахах гэх мэт хүндрэлтэй тохиолдол бишгүй гардаг юм байх.

За тэгээд крант, 00 бөглөрнө гэдэг бол хэвийн үзэгдэл юм байх. Бас дээр нь плита нь хүртэл хуурч унаж байна гэх мэт оршин суугчдыг бухимдуулсан тав тух алдагдуулсан зүйл байдаг л бололтой.

Ямартаа ч баян тарган хүмүүсийн хобби, зиндаархал дээр тоглож их мөнгө салгахаа бодохоосоо урьтаж ядаж аятайхан чанартай барилга босгох тал дээрээ барилгын компаниуд анхаарах хэрэгтэй болжээ.

Гаднаа гяланцаг дотроо планцаг барилга байшин бүү олширог!

/Иргэдийн захидлаас/

/Борхүү/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button