Их Монголын хийморь-Яруу найраг

Уг наадамд 126 яруу найрагч шүлгээ ирүүлснээс II шатанд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ Б.Лхагвасүрэн, Т.Галсан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир, А.Баянтунгалаг, Ж.Нэргүй, яруу найрагч Ц.Батбаатар, Л.Хасар, Ш.Лхамноржмаа, Л.Ганзул, Ж.Сарантуяа, Н.Гантулга нарын 30-аад шүлэг шалгарч үлдэн, шүлгэн хүлгээрээ уралдсан юм. Тус наадмын онцлог нь дэд болон гутгаар байрт тус бүр хоёр яруу найрагчийг байлсан агаад тэргүүн байрыг Тангадын Галсан эзэлж, дэд байрт Бавуугийн Лхагвасүрэн, Ларь. Сүхбаатар, гутгаар байрт Ц.Ойдов, Б.Сарантуяа /Хөвсгөл/ нар шалгарсан юм. Ийнхүү үеийн үед эх орон, газар шорооныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж явдаг Их Монголын хийморь болсон зарим найрагчдын шүлгийг уншигч танаа дээжлэн толилуулж байна.

Ардын уран зохиолч, СГЗ Тангадын Галсан
Эх орон төрийн ивээс Энхсайханы мөнхийн гэрээс
Алты нь авчихсан хувхай газар-
Амьсгал нь тасарсан хурдан морь!
Амий нь тасарсан хурдан морь-
Алты нь ухчихсан хувхай газар!
Нүүрсий нь тоночихсон ил уурхай-
Нүдий нь тоншчихсон хар ухархай!
Нүдий нь тоншсон хар ухархай-
Нүүрсий нь тоночихсон ил уурхай!
Үнэт эрдэнэсгүй уул тал-
Үүдэншүдгүй улаан буйл!
Үүдэн шүдээ булгалуулсан улаан буйл-
Үнэт эрдэнэсээ суйлуулсан уул тал!
Эрдэнэс баялгий нь цөлмөчихсөн нутаг-
Илч, гэрлий нь бөхөөчихсөн сөнөмөл гараг!
Илч гэрэл нь бөхсөн сөнөмөл гараг –
Эрдэнэс баялгий нь цөлмөж дууссан эвий нутаг!
Энэ бол их төрийн ивээс Энхсайханы мөнхийн гэрээс!
Тэнгэрийн харанга
Ширхэг цасны хайлах нь
Яс яйрахаас чимээтэй
Ширэг газар цоолох нь
Мөс хагарахаас чимээтэй
Шилүүсний хумс хугарах нь
Мэс эмтрэхээс гарзтай
Шим ертөнцийн шаналан
Найрагч миний зовлон!
Луу сүрэглэсэн
Эрт галавын дэлгэц манайх!
Лус хааны
Эрдэнэсийн сан биднийх!
Улсынхаа өмчийг бид
Уудлах дархтай!
Удмынхаа өвөөс бусдад
Уутлуулах цаазтай!
Хөвч нь үгүй бол Уул
Чандруу нүцгэн!
Хөрс нь үгүй бол Тал
Чармай шалдан!
Эрдэнэс нь үгүй бол монголчууд
Үгээгүй гуйлагчин!
Эх орон минь үгүй бол бид
Үүрдийн өнчин
Буяндэлгэрийн Сарантуяа
Xүүдээ үлдээв өв
Хүү минь хөл дороо өндөлзөх газар шороогоо хайрла
Бүр тэвэр
Тэнд миний элэнцийн эпэнц их өвгөд нойрсож
Тэнгэрийн зарлигийг сонсож амирладаг
Ээжийнх нь судсаар энэ шороо урсаж
Элсний ганцхан ширхэг болж чи минь ургаж ирсэн
Хэвлээсээ би хамтдаа өндийж
Хэнзхэн эх орон минь диваажин болсон
Аугаа түүхийн гэрч судар-Эх орон
Алтан ургийн гэрээслэл тарни газар шороогоо
Аминаасаа илүү хайрлаж ирсэн
Алтан түүхийн хуудас эргэдгээрээ эргэж байна
Миний нутгийн газар шорооноос эхийн сүү үрийн зулай үнэртдэг
Миний нутгийн уснаас хаадын цус, хатадын нулимс амтагддаг
Миний эх орны уулс нь тэргүүнээ өргөж өндийдөг
Миний Монгол нутгийн чулууд нь хүртэл дуулж сэрдэг ээ
Амьд энэ ертөнцийн сүнс нь болсон үр минь
Атгасан нөж бүхэн ширхэг элсний үнэтэй
Тэмцэж, сөхөрч, сөгдөж, хамгаалсан эх орноо
Тэвэрч, хайрлаж, шүтэж амьдраарай,
Миний хүү
Эдийн дээд эд, өвийн дээд өв
Эе эвийн хүйн газар шороогоо хүүдээ үлдээе
Уулс нь аавыг чинь орлох
Урсгал нь эхийн сүүгээр ундрах
Хэзээ ч урвахгүй эх орноо
Хэнзхэн цээжиндээ тэвэрч амьдар
Миний хүү
Тусгаар тогтнолоос өвөг дээдсийн түүх хөвөрдөг
Эрин эриний түүхтэй хаадын алтан ураг
Эхийн сүүн замаар ивэлсэн мөрний урсгал
Ертөнц даяар дуусах их түүхийн өлгий
Ерөөсөө Монгол гэдэг тусгаар тогтносон улс
Чилийтэл татсан сум эрэмгий баатруудын дууль
Чимэг үгүй бардам босоо зургаан үсэг
Чилүгэний хуурын аялгуунаас хөг авсан эгшиг
Чингисийн үеэс л Монгол тусгаар тогтносон ард түмэн
Халуун цусаа буцалгаж харамлаж өмөөрсөн нутаг
Хан тэнгэрт сонсогож хатуу дархалсан омог
Сая сая монголчуудын зүрхний мэгшилтийг мэдэрсэн
Саран хатан Мандухайгаас тусгаар тогтносон улс
Хаадын суудал дагасан хагарч бутарсан тэмцэл
Халуун амины үнэтэй амьд газар шороо
Хүсэл хясал хоёрын жаргалд дуудсан зовлон
Хүн зонтойгоо Монгол тусгаар тогтносон улс
Хацар гоо охидоо богтолж өгөхөөс аргагүй
Хан тэнгэрийн зарилга тэдэнд үйлчилж байсан юм
Ханцуйндаа гараа атгаж нулимсаа дотогшоо залгисан
Халх олон ноёд тусгаар тогтнол байсан юм аа
Хүлхсэн гуниг задарсан аиьдрал бүхэн
Бүтээсэн сөнөөсөн цадиг бүхэн
Бидний төлөө урсаж хөвөрсөн он жилүүд бүхэн
Бүрэн эрхэт улсын тусгаар тогтнол байсан юм
Хярд нь чоно хийморь дуудаж улисан
Бэлд нь жингшийн цуваа хөвөрсөн
Алтан чулуугаар хонио эргүүлж хариулсан
Аавын хайртай сайран хөлтэй жаалууд
Амин нутгийн минт тусгаар тогтнол байсан юм
Тусгаар тогнолоос зориг, цус, хөлс үнэртдэг
Тусгаар тогтнолоос урвасан урвагчид, тэмцсэн баатрууд харагддаг
Тусгаар тогтнолоос жаргал зовлон, нулимс амтагддаг
Тусгаар тогнолоос өвөг дээдсийн түүх хөвөрдөг
Хэнээс ч урвадаггүй ганцхан эх орон минь
Хэлхээтэй он жилүүд цаг хугацаа минь
Орчлонгийн олон олон хүний хэлээгүй бүхнийг нууцалж дархалсан шороо минь
Одоогоосоо илүү үнэтэй тусгаар тогтносон Монгол эх орон минь
МЗЭ-ийн шагналт зохиолч Дагвын Жүгдэрбарам
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Дагвын Жүгдэрбарам нь өдгөө Ховд аймгийн Ховд суманд ажиллаж амьдарч байна. МЗЭ-ийн Ховд дахь Алтай салбарын эрхлэгч тэрээр Уул усны эзэн өгүүлэг туужийн номоо 2000 онд хэвлүүлэн гаргасан төдийгүй өөрийн дууны уран бүтээлийн концертоо 1996 онд төрөлх нутгийнхаа зон олонд толиулсан аж.
Хамхуул өвс мэт бид
Бор санаатанд би дургүй
Болор мэт төрийг минь тэд булинrapтyyлcaн юм
Цагаан санаатанд бүр дургүй ээ
Цаанаа хар санаа нуугдаж байдаг юм
Хар санаатанд би талархдаг
Харин тэднээс цагаан санаа гарахгүй ээ
Хоёр хоёрын дөрөв хэмээн
Хоосон номлогчид би дургүй ээ
Дутааж орхивол өртөн болдог юм
Дуусгаж орхивол ядуу болдог юм
Өсгөж чадвал баян болдог юм
Үржүүлж чадвал ямбатан болдог юм
Тансаг ордон юутай харамч
Тархи оюун минь юутай дүлий
Дүлийрсэн тархиа сэрээхээр гарлаа, би
Газар тэнгэр дүүрсэн тоос угтлаа
Хацар урах нь энэ тоос
Хамхуул өвсний үлгэр шинвнэлээ
Хаашаа яарч яваагаа
Хариулж мэдэхгүй байна аа, бид
Жирийн бус аялгуу
Үүлс тойрон бүжсэн Алтайн уулс
Үргэлжийн амгалан мөнхийн сүрлэг ээ
Яг энд би
Ян үзэсгэлэнгийн онгонд согтож
Эрхийн тэнэгээ гэнэт орхиж
Эрийн омгоо мэдэрч хонолоо
Уураг бүрэх анхны шим
Унаган дагшинг эвдсэн нь эмзэгхэн ч
Үүрдийн жаргал байдгийг ухаарлаа
Алсад азарган чоно ульж
Аниргүй уулс цуурай давтаж
Ая эгшиг нэмсэн юм
Одод алсалж Алтай сэрэхүй
Орчлон өөрөөр угтаж сэтгэл уяслаа
Хос цэцэг гурвалсан байлаа
Холын ууланд бүргэд үүрээ тойрон эргэж байлаа
Тэнгэрийн баярын нулимс
Хурын дусал нь хос байлаа
Хөхрөх Алтайд нэгэн аялгуу
Удахгүй нэмэгдэнэ
Хөг дийлэх тэр аялгуу
.
Миний араншинг илүүтэй давтавч
Мянган өнгө нь өөр, жир бус сонсогдож вий
Цэвэгжавын Батбаатар
Эх орон минь чиний модны мөчир дутуу байвал хүүхдүүд чинь бүтэн хувцастай яваа. Чиний хөрсөнд
Эх орноо би хайрлаж чадахгүй ээ
Энхрий зөөлөн дуугаар хүүхэмсэж бүүр ч чадахгүй
Эмс охидыг таалах шиг тэгж худлаа нялуурах ч үгүй
Эзэн хүний ёсоор тарвага гөрөөсийг нь тас буудна
Эвий хөөрхий яанаа гэж уулга алдан чарлахгүй ээ
Эцэг өвгөдийн хутгаар голыг нь тасалж ганзага мялаана
Ийм зүрх цээжинд минь цохилж яваа цагт
Илүү дутуу донгосч цэцэг навч үнэрлэхгүй ээ
Эх орноо хайрла гээд цохонд буу тулгасан ч
Эгц урдаас нь шулуухан чадахгүй ээ гэж сөргөж чадна
Эрдэм номгүй мангаруудыг мунхруулж хаясаар байгаад
Эсэн бусын юмнууд сүүлдээ бүр амташжээ
Элгэн халуун нутгаа хайрлах хэрэгтэй гэж
Энгэр заамнаас зууран агсам тавьж ч байх шиг ээ
Элдэв таваар зүхүүлж эргүү тэнэгээ дуудуулсан ч
Инээд хүрмээр тийм дурд би хувирч чадахгүй ээ
Эрүү шүүлт үзүүлж, эзэрхий цааз тулгасан ч
Энэ гоёлын цамцаа хар болгочих вий гэхээс
Илүү тийм юманд санаа зовж чадахгүй ээ
Чамирхаж худлаа маяглаж чадахгүй ээ
Чадах юм аа л хэлнэ
Чангааж татсан ч ухрахгүй
Үнэн мөрөөрөө зүтгэнэ ээ
Ер нь та нар бодооч, эрүүл ухаантай л юм бол
Юу ч бүтээгээгүй хүн яаж тэгж зүрхлэх юм
Бүтээж босгох нь байтугай
Бүрэлгэж сүйрүүлсэн хүн
Бүдүүн зүрх гаргалаа ч жүжиглэж чадна гэж үү
Харийн тэжээвэр дагуулж газар усаа сэндийлчихээд
Хмаг баялагийн нь зөөж, хайрга шаврыг нь үлдээчихээд
Харав уу би цадсан гэж гэдсээ үзүүлдэггүй л юм бол
Хайртай гэж сүүлд нь юугаа бодож донгосох юм
Хатаж шургасан горхи, шатаж уугисан ой
Хавханд бүлтийсэн зээр
Сүхэнд ёрдойсон мөчрүүдийг нь
Хайрлаагүй мөртлөө би ямар нүүрээрээ хэлэх юм бэ
Ямар нүүрээрээ ичихгүй гартаа хутга барьчихаад л
Ясыг нь мөлжиж суухдаа арьсыг нь үнсэх ёс байна аа
Яасан ч хамаагүй бушуухан ёроолыг нь гартал цөлмөчихөөд
Ядуу хоосноо гайхуулан алгаа тосох цаг юм уу
Сайхан монгол орондоо даанч дэндүү хайртай гэнэ ээ
Санаа нь зовдоггүй бэртэгчин хоолой зангируулж үхэх нь ээ
Сая доллар үзүүлсэн ч би лав ингэж чадахгүй ээ
Сагсуу ч гэлээ өөрийгөө улаан тэгж гөрдөхгүй ээ
Эх нутгаа хармагц үнсэн таалмаар болдог гэнэ
Энэ ч бүр засрахгүй муухай өвчин тусчихжээ
Ямар ч согтуу хүн нэрэлхээд ингэж тэнэглэхгүй ээ
Яслийн нусгай жаал ч ичээд ингэж зүрхлэхгүй ээ
Ганц мөчир хугалбал шоронд хатаах юм гэнэ ээ
Гажигтай ийм улс цагдаа болчихвол ч магадгүй ээ
Ганц мөчир хугалж нэг ч амьтан үргээхгүй
Гараа ч ойрхон хүргэхгүй хайрлаж явсаар байгаад
Галт тэрэг зөрөлдүүлж орд харш ярайсан
Гадаад далайн Японоос ч баян болох юм гэнэ
Төр засгийнхаа мөнгийг урдаа барин андгайлья
Түүн шиг худлаа юм энэн зах зээлд байхгүй ээ
Түлээгүй болчихвол би лав модыг нь хайрлаж чадахгүй ээ
Төмөр сүх хангинуулаад
Туулын тохой руу алхчихна аа
Хөлдөж үхэх вий гэж өвөг дээдэс минь
Хөрзөн шавхай аргал хомоолхон хормойлсоор
Хөвч тайгаа тэр чигээр нь үлдээснийг
Хөрөөдөж суухдаа би ямар шүлэг унших юм бэ
Хүнс хоолгүй үедээ амьтныг нь бас хайрлахгүй
Хөхүүл шаргачин таарсан ч эргэцүүлж шаналж маяглахгүй ээ
Хүүхдээ тэжээхийн төлөө ханцуй шамлаад л дайрчихна
Хоосон хонох вий гэж эцэг дээдэс минь
Хоормог цагаа айраг тарагхан эргүүлсээр
Хороолгүй үлдээсэн шороон түмэн тарваганаас
Хорхог хийхдээ баригдвал юу гэж худлаа зохиох юм
Хэний ч өмнө хулчийхгүй
Хийсэн гэмээ хүлээнэ ээ
Хэрэгт татсан ч багадам Номхон зогсож ёсолно оо
Худлаа инээж долигносон зусар бялдууч уянгалал
Хулхинд сарнай ургуулсан сохор зоосны шүлгүүд минь
Хулгана жоомонд мэрүүлж хог дээр шатах болтугай
Хувиа хичээсэн нэгэн нэрд гарах санаатай
Хуруу гараа гозойлгон бархирч Сүртэй орилсноос биш
Хумсын төдий ч магтаалаар эх орон дутаагүй ээ
Дуу шүлэгнээс илүү домог болсон нутгаа
Дутуугүй ганц зүйлээр залхааж байгаа юм шиг
Дунд нь навсагнаж яваад мөнгө л тонших гэж чарлахдаа
Дуслын төдий ч нулимс миний нүдэнд гялалзаагүй ээ
Хайртай гэж ер нь юуг чухам хэлдэг юм бэ
Харуусах, магтах, хашгирах, сонсохын аль нь юм
Яагаад тэр үгийг эх орондоо хэлдэг юм
Ямар зүйл бодохоор тийм мэдрэмж төрдөг юм
Ухуулж хичнээн ятгасан ч миний сэтгэл хөдлөхгүй ээ
Унасан газраа хөрвөөж угаасан усаа долоосон ч
Уран зохиолын номонд сэнтэглэж бичсэн үгээр
Улс амьтныг дуурайж худлаа орилж чадахгүй ээ
Ганцхан чадах зудп маань гал тусгаар тогтнол
Гадаадын иргэнээс харамлавал
Газраа шүүрсэн чулуугаар
Гавалыг нь цөмлөх санаа юм
Газар нутгаа бусдад алдахгүйн төлөө
Ганц гоёлын цамцаа хүү татахаас буцахгүй шүү
Зулайг нь гишгиж төрсөн зургаан дүүгээ харамлахгүй ээ
Зузаан гуяа огтлуулсан ч ёолохгүй ээ
Эх оронгүй тэнэх вий гэж Эзэн Чингис минь
Илд гараасаа салгаж, мориноосоо буулгалгүй
Ийм арвин уудам газраа үлдээснийг
Эзэмшиж чадахгүй Харийнханд алдчихвал
Энэ муу ясаа хаанахын шоронд булах гээд л
Энэтхэг, Япон, Америк, Оросоор чинь цагаачлах юм
Эрээн, Бээжин, Шанхай, Гонгконгд биш ээ
Эх орондоо хаана ч зоримог,

(Утга зохиол урлаг)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button