Бяцхан сургааль

Бөн бөн нулимсыг чинь эгшээ юү гэж
Бөрт манхан гунигийг чинь дэгдээ юү гэж
Бөлбөөн цоморлиг ирвэгнэхийн цэнгэл амталж үзээгүй
Бөжин танхил цээжийг чинь амирлуулъя гэж санах нь

Үргэлж түүнийг харцаараа ээрч
Үе үехэн хэнгэнтэл санаа алдахад чинь
Үд дундын нар шиг хөвүүн насны минь дурлал
Үлгэр домог амилах шиг цээжин балгасанд үүрсэх юм

Гэрэлт харцанд чинь горьдлогын зул сүүмийж
Гэнэ гэнэхэн авч уйтгарт автахад чинь
Мартагнахуйн маргад шилтгээн нурж зүүдэн гүнж сэрээд
Машид эрхэмсэгээр тольдох нь нүдний болорт үзэгдэх юм

Ах чинь тохуурхсан харцаар ширвүүлэхийн зовлонг мэднэ
Ангийнхаа охидтой доогтой зөрөхийн гашууныг мэднэ
Сэхүүн царайлж ганган шаавай алхаж одохын гунигийг мэднэ
Сэтгэл дээгүүр хань үрээ дагуулан жаргалтай өнгөрөхийн амтыг мэднэ

Би
Эрдүү зөөлөн догдлох зүрхнийхээ цохилтонд хууртан
Эглийн эгэл охины усгал харцанд живэн
Эцсийнхээ цусыг боловч түүнд юулэхэд бэлэн
Элэг зүрхнийхээ гунигийг ундарч оргитол дуулсан юм

Зүүд хүслийн хорвоод түүнийгээ тэвэрсэн хэдий ч
Шүлэг нойрны шөнөөр элгээ тэврэн хэвтсэн юм
Зүсэр бороотой үдшээр итгэл өвөртлөн очоод
Зүрх сэтгэлийнхээ угаас гуниг тээж буцсан юм

Өвөл намрын харз шиг тиим л харцтай охинд
Өр зүрхээ эмтлүүлсэн ч түүнийг л гэж дуулсан юм
Өнчин нулимстай явсан тэр хаерын саруудад
Өнгө өнгийн бодлоор гунигт сэтгэлээ сүлсэн юм

Өрөөл бусдын нүдэнд гээгдсэн мөнгө шиг харагдахгүй гэж
Өөрийн нүүрэнд дээрээ инээмсэглэлийг бичиж явсан ч
Өр л зүрхэнд дотор хайрын шарх бугласныг минь
Өрөвдөл хүүрнэсэн харцнаас минь анд нар минь л уншсан юм

Арван хэдхэн насандаа аавын охинд дасаж
Арай л эрт учирсан хайр гээчийг амсаж
Үйлийн ур гэдэдгтээ өвдөг шороодон унасан ч
Үлдээд хоцорсон дурсамж нь сургамжаар дүүрэн байсан юм

Цаг цагийн эрхээр он жил улирсаар
Царайлиг төрсен түүнийгээ харж явахаа больсон ч
Арванхан зургаатай охины уруулын янаг тамга нь
Алагхан зүрхэн дээр минь тодоос тод үлдсэн юм

Тийм ээ би дурлаж явсан юм
Тэгэхдээ бур ариунәас ариухан яг л чинийх шиг
Тэнэгхэн явсан би чинь зураг төөргөө сөрөлгүй
Тэвэр дүүрэн хайраа дааж ядаад алдсан юм

Хөөрхий дөө би гэдэг хүн чинь
Хөвүүн насны минь тэнгэрлэг хайр бүтээгүй болохоор
Бараан дүнсгэр хорвоогийн гашуун жамыг дагаад
Баяртай хэмээн шивнээд эргэж харсаар одсон юм

Чи
Дэндуү хатуу хорвоогийн дурлалын тэнэсэн суманд
Дэлгэрч цэцгэлдэг насандаа халуун зүрхээрээ шархдаж
Дэмий л түүнийгээ бараадан сэтгэлээ хууран байв чиг
Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг орчпонг чи яах юм бэ

Нулимсан болор хэлхээ дусал дуслаар одохдоо
Нууцхан хайрласан түүнийг чинь аваад ирэхсэн билүү дээ
Тэр их нулимс сувдран гарахын хирээр
Тэнгэрлэг их хайраа чамд зориулна гэж үү дээ

Үгүй дээ үгүй дүү минь үгүй
Үнэндээ түүнийг чинь түүх гэрчилнэ
Уйлсны тоогоор хүний сэтгэл Уярдагсан бол уйлаад л баймаар

Булингартай гашуун нулимсыг буруу хоолоидоо амталж
Бусдыг бодох завгүй түүнийгээ л чи санана
Буцаад ирэхгүй гэдгийг нь ухаарах тусмаа чи
Бузар хорвоо хэмээн харааж зүхмээр санагдана

Хүйтэн хорвоо тэгэхэд чамайг шоолон инээнэ
Хөвүүн түүнийгээ санаад чи дуулах мөртөө уйлна
Хөлдүү гэмээнэ сэтгэл ийм хатуу байдаг юм уу гэж
Хөөрхий чи тэгээд санаа алдан гансарна

Урсгал зөөлөн ус чулууг боловч элээнэ
Улаан галын дөл төмрийг боловч уяраана
Ухаангүй дурласан нулимс энгэр дэвтээн зөөллөвч
Уяраах эзнгэ олдоггүй орчлонг бодохоор гачлантай

Унаж буй нупимс буцаж ирэхгүйн адил
Урсаж яваа ус ундрагаа зорин эргэдэггүй ч
Уяхан хайлган зүрх чинь цагийн саалтанд эдгэрэвч
Урьдын дуртгал сэдрээж өер хөвүүнд тэмүүлнэ

Тэгэвч чи хайраа яагаад ч мартаж чадахгүй
Тэвэрч унсәж байсан тэр л хүүг мартахгүй
Анд л слон нөхдийн чинь эгшиг шингэсэн зусланд
Анхны хайртай учирсан гэгээн үдшийг мартахгүй ээ

Бүүдгэр бараан сэтгэлд наран гийгүүлж ирдэг
Бүтсэн л гэж дуулдаагүй анхны нандин хайраа чи
Хатан зүрхнийхээ угаас мартах эрх үгүй тул
Хайртай байснаа бодож сэтгэл битгий гуйгаарай

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button