Эх орноороо бахархаж ирээдүйдээ итгэлтэй ажиллаж амьдарцгаая!

Иймээс өнөө үед манай нийгмийн харилцааны бүхий л тал зүйлийг хамаарсан эрс өөрчлөлтүүд гаднаас хүч түрэн орж ирж байгаа даяарчилалын давалгаа, дэлхийн нэгдсэн зах зээлийн гүнзгийрэлт нь нийгмийн бүх салбарт өөрийн нөлөөгөө үзүүлж байгаа.

Өнөөдөр бид үндэсний үйлдвэрлэлээ техник технологи хоцрогдсон гэж үзээд түүхий эдийг нь хил давуулан гаргаж элгээр нь хэвтүүлчихээд эргээд сэргээнэ гэж ярьсаар байгаа ч эдийн засаг маань ганзгын наймаанд тулгуурласан хэвээр л байна. Ганзагын наймаагаар дэлхий дээр хөгжсөн ганц ч орон байхгүй.Үндэсний язгуур эрх ашгийн жинхэнэ тулгуур хөдөлгөгч хүч нь эдийн засгийн хөгжил мөн.Нэгэн цаг үед бусдыг чичрүүлэн нүднийхээ харцаар хөдөлгөж явсан Монголын ард түмэн өнөөдөр бусдыг царайчлан гуйлга гуйх нь холгүй тэрбум тэрбумаар нь зээл авч байгаа мөртлөө улс эх орон хөгжиж ард түмний аж амьдрал дээшилсэн зүйлгүй бахь байдгаараа эргэлдээд байна.

Эдийн засгийн хямрал, мөнгөний ханш уналт улс орныг, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаад нөлөөлж байна. Тиймээс манай өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл эдийн засгийн байдлын хувьд эх орондоо хүн шиг амьдрах боломж хязгаарлагдмал гэж боддог нийгмийн давхарга бий болжээ. Эдгээр хүмүүс одоо айдас хүйдэс горьдлого, итгэлийн аль алийг нь дагуулан алс холыг зорьж байна. Гадны оронд очиж чадвал баян чинээлэг амьдрана гэдэг бодол байж болох ч өнөөгийн нийгмийн сэтгэл зүйд бий болсон мөнгөний энэ шунал нь Монгол угсаатныг глобалчилалын хөлд дарагдуулж болзошгүй. Цаг уурын бэрхшээл гачаал дутагдлын эрхээр харийн нутагт цагаачлах явдал дэлхийн аль ч улсад тохиолдоно. Гэвч эдгээр гадаадад гарч амьдарлаа сайжруулахаар явсан иргэдийн маань ихэнх нь нутаг руугаа буцах маш дургүй түүгээр ч барахгүй Монгол орноо муучилж үглэх хүмүүс ч тааралддаг болсон байна. Тэдний гоморхолыг эх орондоо биш төр засгийн байгууллага удирдлагуудад гомдол бухимдлаа тайлж буй хэмээн ойлговол зохилтой.

Бидэнд бахархах юм зөндөө бий. Бид одоо өөрсдөө Монгол орноо ядуу буурайгаар нь цоллохоо больё. Өнөөдөр бид үндэсний нийт бүтээгдэхүүний хүн ам тутамд оногдох хэмжээгээр дэлхийн орнуудын дунд сүүл барьдаг нь үнэн. Өрнөдийн хөгжилтэй орнуудын түвшинтэй зэрэгцүүлбэл манай орон мэдээж баян чинээлэг улс биш. Миний бодлоор бол, манай улсын өрх бүрийн орлого, зарлагыг бүрэн тооцох гайхамшигтай хэмжүүр одоохондоо бий болоогүй байна. Манай Монгол өрхийн мал аж ахуйгаас олох орлого нь өрхийн зарлагыг засгийн газрын аль ч алба нарийн хэмжиж тооцож чадахгүй. Тийм бололцоо ч алга. Гэтэл бүх Монголчуудын амьжиргаа Мал аж ахуйтай холбоотой. Хотод алба хашиж тохилог орон сууцанд амьдардаг төрийн албан хаагчид хүртэл өвлийн идэш зуны айраг цагаагаа үнэ төлбөргүйгээр хөдөөнөөс зөөсөөр байгаа.

Манай статистикийн алба малчин өрх бүрийн далд орлого, нэргүй зардал байтугай хотын албан хаагчдын орлого зарлагыг бүрэн тооцох арга зам аргачлалыг олохгүй зөвхөн цалин тэтгэвэрээр бүх зүйлийг хэмжсээр байна. Гудамжны гутал тослогч, сонин зарагч, цэцэрлэг талбайд мэрэглэгч, олны хөлд дарагдсан их бага бууз, халуун цай худалдагч гээд жижиг бизнесээс эхлээд улс дамнан наймаа хийдэг наймаачид, гадаадын банканд мөнгөө нуусан төрөөс төрсөн тэрбумтанууд, банкны гадуур эргэж буй мөнгө, валют зэрэг нуугдмал далд орлогыг тооцоолсон хүн байсан гэж үү. Ер нь бидэнд ядуу буурай гэдэг харьцангуй ойлголт.

Орчин үеийн техник технологи суурин амьдралын соёл энэ тэрийг эс тооцвол идэх хоол өмсөх хувцас унах мориор дутаагүй хүнийг Монголчууд угаасаа ядууд тооцохүй. Сүүлийн үед гадаадын зээл тусламж хүртэх гэсэн бэлэнчлэх сэтгэлгээний үүднээс өөрсдийгөө ядуу буурай хэмээн тунхаглах явдал гарах болсон байна. Өөрийгөө голох бусдыг сохроор дууриалан бишрэх дадлаасаа салж төрийн сүлдээ дээдлэн, улс орноороо бахархаж өөрийн хүчинд итгэе.

/bod/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button