Монгол улс Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлжих эрх бүхий гишүүн орон

Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд болон Засгийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзах юм. Монгол дахь бизнесийн боломж бололцооны талаар үнэлгээ өгөх нь ноён Декампын айлчлалын нэг хэсэг байх аж.Ноён Декампын айлчлалтай зэрэгцээд ЕСБХБ-аас нэгэн таатай мэдээллийг монголчуудад хүргэж байна. Монгол Улсыг зээлжих эрх бүхий гишүүн орон болгох талаархи шийдвэрийг тус банкны хувь эзэмшигч гишүүн орнууд батламжилснаар үйл ажиллагааныхаа цар хүрээг анх удаа дорно зүгт тэлэх алхам хийж байна. Ийнхүү батламжилсан нь өргөн уудам нутагтай, далайд гарцгүй, 2,5 сая хүн амтай, Орос, Хятад улстай хил залгадаг Монголд төсөл санхүүжүүлж эхлэх боломжийг ЕСБХБ-нд бий болгож байгаа юм.
ЕСБХБ нь хувийн хэвшлийн санаачилгыг хөгжүүлэх болон өмч хувьчлалын үйл явцыг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг зорилгоо болгон хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Шилжилтийн үйл явцын эхний шатанд буй бусад орны (Early Transition Counines-ETC) адилаар Монголд ч мөн бичил ба жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт эн тэргүүнд тавигдах болно гэж тус банкнаас мэдээлжээ. Мөн банк, санхүүгийн салбарыг бэхжүүлэх нь үндсэн зорилгын нэг байхын зэрэгцээ Монголын дэд бүтцийг цаашид хөгжүүлэхэд санхүүжилт хийх арга замыг ч тус банк эрэлхийлэх юм байна. ЕСБХБ дахь Монгол Улсын зээлжих эрх бүхий гишүүнчлэлийг төв болон зүүн Европт 15 жилийн өмнө эхэлсэн тус банкны үйл ажиллагааны ердийн үргэлжлэл гэж үзэж буйгаа ЕСБХБ-ны ерөнхийлөгч Жан Лемьер тэмдэглэн хэлсэн байна. ЕСБХБ нь 60 улс орон, олон улсын хоёр байгууллагыг нэгтгэдэг. Төв болон зүүн Европ, мөн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд дахь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсад төсөл санхүүжүүлэх боломжтой болгохын тулд тус банкийг үүсгэн байгуулах тухай 1991 оны олон улсын гэрээнд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ЕСБХБ 2004 онд гаргаж байсан. Банкны үйл ажиллагаа явуулах газар нутгийн хүрээнээс Монгол Улс гадна байдаг учир дээрх өөрчлөлтийг хийх шаардлагатай байсан юм. Эдгээр нэмэлт өөрчлөлтийг ЕСБХБ-ны бүх гишүүн орнуудаас соёрхон батлах ажиллагаа энэ оны долдугаар сарын 6-ны өдөр дуусгавар болжээ.
Зээлжих эрх бүхий гишүүнчлэлийн угтвар болгон, Монгол Улс дахь зах зээлийн эдийн засагт шилжих явцыг дэмжих зорилгоор ЕСБХБ хандивлагч орнуудаасаа хөрөнгө дайчлан гаргуулж манайд нэлээд эртнээс ажиллаж байгаа билээ. Тухайлбал, Монголтой хамтран ажиллах санг (МХАС) 10.3 сая еврогийн хөрөнгөтэйгээр 2001 оны гуравдугаар сард байгуулсан юм. Бүр тодруулбал, Япон, Нидерланд, Люксембург болон Хятадын Тайванийн хандиваар энэ сан бүрджээ.
Өнөөг хүртэл МХАС-гийн хүрээнд банк нь санхүүгийн байгууллагууд, агаарын тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг салбарт 8.5 сая еврогийн өртөг бүхий техникийн туслалцааны 45 төслийг хэрэгжүүлээд байна.
Менежментийг үндсээр нь өөрчлөх хөтөлбөрөөр (Turn Around Management-TAM) дамжуулан ЕСБХБ нь янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад өөрчлөн байгуулалт хийх, техникийн болон санхүүгийн үйл ажиллагааг нь сайжруулахад менежментийн зөвлөгөө өгчээ. Тухайлбал, газрын тос боловсруулах салбарыг судалсны үндсэн дээр тус салбарын хөгжлийн хувилбар ажлын төлөвлөгөөг гаргасан байна.
ЕСБХБ нь Улаанбаатар хотноо МХАС-ийн төлөөлөгчийн газрыг ажиллуулдаг ба энэ онд багтаан бүрэн хэмжээний суурин төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button