Японы тусламжаар Хар хорум музей байгуулна

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ичихаши Ясүёши, Гадаад хэргийн сайд Н.Энхболд нар өчигдөр солилцох нот бичигт гарын үсэг зурсан юм. Тусламжийн 297 сая иенийг Орхоны хөндийн соёлын дурсгалт газар-ыг хамгаалах, Хар хорум музей байгуулах ажилд зарцуулах аж.
Хархорин нь 1235 онд өгөөдэй хааны зарлигаар Монголын эзэнт гүрний нийслэл болон, 1267 онд Хубилай хаан Бээжинд шилжүүлэх хүртэл Монголын эзэнт гүрний төв болж цэцэглэн хөгжсөн хот байжээ. 2004 онд Хархориныг багтаасан Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн билээ. Хархорины түүх, соёлын өвийг хамгаалах, хадгалах, судлах, тогтолцоог бий болгохоор болж манай Улсын засгийн газраас Япон Улсын Засгийн газарт хандан, музей байгуулахад шаардлагатай хөрөнгийн туслалцаа авахаар хүсэлт гаргасан юм. Их
Монгол Улс байгууллагдсны 800 жилийн ой тохиож байгаа тэмдэглэлт энэ онд Хархорум музей барих төсөл-ийг хэрэгжүүлэхээр болсон нь цаг үеэ олсон шийдвэр боллоо гэж Гадаад хэргийн сайд Н.Энхболд цохон тэмдэглэв.

Япон Улсын Засгийн газар 1987 оноос хойш манай улсад соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд 17 төсөл хэрэгжүүлж, 713 сая 300 мянган иений тусламж үзүүлжээ.18 дахь төсөл болох энэ удаагийн соёлын буцалтгүй тусламж нь барилгын анхны төсөл бөгөөд өнөө хүртэлх төслүүдээс хамгийн их хэмжээний буюу 297 сая иенийг барилга байгууламж болон холбогдох тоног төхөөрөмжинд зориулан олгохоор боллоо. Хархорум музей нь Монгол үндэсний түүх, соёлын өвийг дэлхий дахинд түгээн дамжуулахад ихээхэн хувь нэмэр оруулж, Япон Монгол хоёр орны соёлын харилцааны бэлэг тэмдэг болох төсөл болно гэдэгт найдаж байгаагаа талууд илэрхийллээ.

Ардын эрх сонин 136 /414/

Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button