Yнэт цаасны хяналтгүй арилжаанд ХЗХ-дын гашуун түүх давтагдаж болзошгүй нь ээ

Мөнгийг нь сараар биш өдрөөр өсгөөд өгнө гэсэн хэт гоёчилсон сурталчилгаанд итгэсэн хадгаламж эзэмшигчид бүх зүйл өнгөрсний дараа мөнгөө авах аргагүй болсноо мэдмэгц бүх зүйлд төрийг буруутган, хохирлоо төв талбай дээрээ өлсгөлөн зарлаж, ордноо гороолж байгаад ч болов гаргуулна даа хэмээн гүйлдэж байна.Yнэндээ бол төрд буруу ч бий. Гэхдээ өөрсдөө сайн дураараа эвлэлдэн мөнгөн хуримтлал бий болгож, түүнээсээ хэн нэгэн гишүүнийхээ амь амьжиргааг дээшлүүлнэ гэсэн зорилготой ашгийн бус олон нийтийн байгууллагын гишүүддээ учруулсан хохирлыг төр хариуцах нь юу л бол. Хэрвээ хохирсон иргэд буруутай этгээдийг хайж байгаа бол өөрөөсөө эхлээд хайх ёстой. Yгүй ядаж хоршооны гишүүн болж мөнгөө өсгөнө гэж бодож л байсан юм бол холбогдох хуулиа уншаад эрх, үүргээ мэдэж зохих хяналтаа тавьсан бол өнөөдөр ингэтэл хүнд байдалд орох байсан нь юу л бол.
Ямартай ч энэ хүмүүс хохирлоо аль нэгнээс нь барагдуулах л байх. Гэтэл нийгэмд үүнтэй эн зэрэгцэх хэмжээний хохирол учрахыг үгүйсгэх аргагүй нийгмийн харилцаа бий болж байна. Энэ бол үнэт цаас. Сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээлийг сонирхох хүн олон болсон. Бүр арилжааны банк гадаад, дотоодын компани, хувь хүмүүс үнэт цаасны зах зээлийг сонирхон хөрөнгө оруулалт хийхийг сонирхоод байгаа. Магадгүй энэ нь яваандаа багагүй эрсдэл дагуулахыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь ч тэгээд бидний үнэт цаасны тухай ойлголт муугаас болж цэнхэр, ягаан тасалбар, хувьцаат компанийн ногдол ашиг гээд ашиг тусыг нь хүртэж чадахгүй байсаар өдий хүрснийг нуух юун.
Цэнхэр, Ягаан тасалбарыг төрийн хишиг хэмээн хүлээн авсан, гэвч…
Yнэт цаас гэдэг зүйл 1990-ээд оны эхээр цэнхэр, ягаан тасалбар нэрээр олны танил болж байсан юм. Тухайн үедээ энэ тасалбарыг ямар ач тустайг нь гадарлах нэгнээс бусад нь төдийлөн ойшоож байгаагүй билээ. Харин сургийг нь хальт сонссон нэг нь төр үйлдвэрүүдээ хувьчилж бүх иргэдээ хувийн өмчтэй болгож буй нь энэ юм гэнэ, төрийн хишиг гэсээр хоёр гардан хүлээж авсан юм. Тухайн үед (1991-1995 он) нийт улсын 475 үйлдвэрийн газрыг хувьцаат компани болгож тэдгээрт 8,2 тэрбум төгрөгийн үнэлгээ хийн 96,1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд үнэ төлбөргүй өгч байсан юм билээ. Гэхдээ энэ олон тасалбар сүүлдээ юунд хэрэгтэйг нь мэдэхгүй байсаар үнэ цэнээ алдаж зарим нь хүүхдийн тоглоом болж дууссан юм.
Хувьцаат компаниуд хувьцаагаа цуглуулж эхлэв
1994 онд Yнэт цаасны, 1995 онд Нөхөрлөл, компанийн тухай хууль батлагдсанаар үнэт цаасны хоёрдогч зах зээл эхэлсэн юм. Иргэдийн гар дээр хог мэт үздэг байсан цэнхэр, ягаан тасалбар одоо л хэрэг болж мэдэхээр болов. Учир нь хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарах, худалдан авах, харин хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулж ногдол ашгийг нь иргэдэд хуваарилах ёстой байв. Гэхдээ энэ бүгд номын дагуу явагдаагүй юм. Иргэдийн гар дээр байсан хувьцааг компаниуд хямд үнээр зохион байгуулалттайгаар цуглуулж авсан. Ингэснээр төр бүх иргэнээ өмчтэй болголоо гэсэн нь талаар өнгөрч цөөн хүний гар дээр очсон юм. Тухайн үед төр хувьцаа гэж юу болохыг ойлгуулаад хууль эрх зүйн орчинг бүр тодорхой болгосон бол төрийн хишгийг иргэд хүртэж чадах байсан биз ээ.
Мөн хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ хувьцааны ногдол ашиг гэж одоо болтол дорвитой зүйл өгдөггүй. Уг нь хувьцаа эзэмшигч нь хувьцааны ногдол ашгийг жил бүр хүртэх ёстой ч энэ журам манайд үнэндээ үйлчилдэггүй юм.
Yнэт цаасны зах зээл юу дагуулах бол
Сүүлийн үед брокерын пүүсээр дамжуулан үнэт цаас худалдан авах сонирхолтой аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн тоо өссөн. Энэ хэрээр иргэдийн гар дээрээс их хэмжээний мөнгө цуглуулж бизнес хийх сонирхолтой хүмүүсийн тоо өсч байгаа юм. Тэд их ногдол ашиг өгнө гэж яг л хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдийг татсаар байна. Тухайлбал, банкны хадгаламжийн хүү бага, хадгаламж зээлийн хоршоодод итгэх хэрэггүй найдваргүй гээд. Уг нь үнэт цаасны зах зээл улс орны хөгжилд олон эерэг үр дагавартай ашигтай зүйл. Тэр тусмаа манайх шиг эдийн засгийн хоёр дахь хөшүүрэг нь хөгжөөгүй оронд. Тиймээс бид нэгд, эдийн засгийн хөгжлөө бодоод, хоёрт, хадгаламж зээлийн хоршоодын араас оруулж бас баахан иргэдийг хохироочихгүйн тулд одооноос нарийн хяналт зохицуулалт хийх шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Ер нь манайхан ямар нэг зүйлийг болохоос нь өмнө урьтаж арга хэмжээ авах биш, харин өнгөрсөн хойно нь бие бие рүүгээ буруугаа тохдог. Yнэт цаасны зах зээл дээр ч мөн адил олон брокерын пүүс бий болж тэр хэрээр иргэдийн гар дээрээс үнэт цаас, хувьцааны ногдол ашгийг их өгнө хэмээн авсан багагүй мөнгөн хуримтлал бий болгоод байна. Иймд брокерын пүүсийг ХЗХ-дын араас оруулахгүйн тулд хяналт, тэр дундаа иргэдийн (хувьцаа, үнэт цаас эзэмшигчдийн) хяналт чухал байна. Эс тэгвэл өмнө хохирсон иргэдээ яая гэж байж бас баахан хохирогчид нэмэгдчихвэл төр юу болох бол.
Брокерын пүүсүүд хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хувьцааг зарсан байсан
Монголын хөрөнгийн биржийн бүртгэл хяналтын албаны захирал Ц.Цэндмаагаас цөөн зүйлийг тодруулсан юм.
-Манайд одоогоор хэдэн брокерын пүүс үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт ямар байна вэ?
-Брокерын пүүсийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2003 онд шинэчилсэн. Yүнээс хойш 25 брокерын пүүс үйл ажиллагаа явуулж байна. Манайх өнгөрсөн онд шалгалт хийсэн. Шалгалтаар брокерын пүүсүүд хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчдын хувьцааг зөвшөөрөлгүйгээр зарсан, үрэгдүүлсэн асуудал гарсан. Уг нь хувьцаа гэдэг чинь тухайн хүний өөрийн хөрөнгө төдийгүй, тухайн компанид оруулсан хөрөнгө оруулалт шүү дээ. Гэхдээ дээрх зөрчил голчлон 1999 оноос өмнө гарсан байсан. 2000 оноос хойш ийм асуудал харьцангуй бага гарчээ.
-Хувьцааг зөвшөөрөлгүй зарж үрэгдүүлсэн байсан гэлээ. Yүнд танайх ямар арга хэмжээ авсан бэ?
-Yзлэг шалгалтын явцад хохирсон хувьцаа эзэмшигчдийн нэрсийг гаргаж мэдэгдсэний дагуу хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө ирж өргөдлөө бичиж өгсөн. Бид үүнийг баримтжуулаад Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлсэн. Шилжүүлсэн учир нь тус хороо хуулиар бол хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй юм. Дээрх асуудлыг одоо шалгаж байгаа.
-Энэ асуудал юунаас болж гараад байна. Хууль эрх зүйн орчин тааруу байна уу?
-Yүнд иргэдийн буруу маш их бий. Тэд хуулиа мэддэггүй. Yүнээсээ болж ямар хяналт тавихаа ч мэдэхгүй. Шалгалт хийж байхад 1995 онд хувьцааг нь зарчихсан асуудал байсан. Гэтэл үүнийг хувьцаа эзэмшигч өөрөө сая л мэдэх жишээтэй. Хууль эрх зүйн хувьд дутагдалтай зүйл бий. Одоогоор энэ асуудлыг Компанийн болон Yнэт цаасны тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар зохицуулж байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй байгаа. Бид холбогдох дээд байгууллагад нь өөрчлөх хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьдаг.
-ХЗХ-д олноор дампуурлаа. Магадгүй үнэт цаасан дээр энэ асуудал гарч ирэх юм биш биз?
-Хувьцаа эзэмшигчид өөрсдөө хяналт муу тавьдаг. ХЗХ-нд хадгаламж эзэмшигчид ч хяналтаа муу тавьдаг байсан юм билээ. Одоо мөнгөө алдсан иргэд яаж тэмцэж байна. Уг нь хуульд ямар эрх, үүрэгтэйг зааж өгсөн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн тухайд Компанийн тухай хуульд ямар эрх, үүрэгтэйг заасан, мөн хувьцаа эзэмшигчид жилд нэг удаа хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санхүүгийн тайлангаа хянах, зарим тодорхой асуудалд шийдвэр гаргахад оролцох хүртэл эрхтэй байдаг. Гэтэл манайхан өөрийнх нь хөрөнгө байхгүй болчихоод байхад таг чиг байгаа нь хачирхалтай. Уг нь хүмүүс өөрсдийн өмчийнхөө төлөө өөрсдөө л явах ёстой.
-Өөр ямар гомдол ирдэг вэ. Энэ талын мэдээллийг авчих өөр газар байдаггүй юм уу?
-Ноднин манайд Монгол шилтгээн-ий хувьцааны ногдол ашгаа бага өгч байна гэсэн гомдол ирсэн. Бид хянаж шалгаад одоо хэвийн байгаа. Иргэддээ хэлэхэд манайд Төлбөр тооцооны төвлөрсөн төв гэж байдаг. Энд бүх хувьцаа эзэмшигчид данс бүртгэлтэй байгаа учир таны хувьцааг зөвшөөрөлгүй зарж гүйлгээ хийсэн захиалга өгөөгүй байхад зарж үрсэн явдал байдаг эсэхийг утасдаад асууж болно. Ер нь тэгээд хувьцаа эзэмшигчид гэдэг чинь өөрөө л сонголтоо хийж их ногдол ашиг өгнө гэснээс нь үнэт цаас худалдан авч өөрийн ашиг орлогоо нэмэх гэж байгаа хүмүүс. Иймд хяналтаа сайжруулах хэрэгтэй.
