Найдваргүй авлага нэмэгдсэн байв

2003 онд Улсын мэргэжлийн хяналтын газраас 2002, 2003 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар төлбөрийн акт тавигдаагүй байна.
Паркын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор түрээслэх өрөө тасалгааны тоо, үзэсгэлэн, хурлын заалны түрээсийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж ирснээр 2005 онд өөрийн үйл ажиллагаанд орох орлого 2004 оныхоос 46.0 сая төгрөгөөр илүү олсон байна.
2005 онд байгууллагаас авах авлага нь 2004 оныхтой харьцуулахад 29.4 хувиар буюу 7164.4 мянган төгрөгөөр өссөн бол хүмүүсээс авах авлага 12.0 хувиар буюу 714.1 мянган төгрөгөөр буурсан байна.
Гэвч нийт байгууллагаас авах авлагын 47.5 хувь буюу 15053.7 мянган төгрөг нь найдваргүй авлага байгаагийн дотор 1997-2000 онд үүссэн 10602.6 мянган төгрөгийн найдваргүй авлага байна.

Тухайлбал, Үүрэг трейд ХХК-аас авах 3596.7 мянган төгрөгийн, Израйл монголын нийгэмлэгээс авах 1484.9 мянган төгрөгийн, Эн Ба Ба ХХК-аас авах 1066.0 мянган төгрөгийн гэх мэт байна. Нэтком ХХК, Их бүтэц ХХК, Мон эс заяат зэрэг газруудаас авах 1988.2 мянган төгрөгийн авлагад барьцаалж уг газруудын эд хөрөнгийг барьцаалан авчээ. Тухайлбал, нярав байсан Ц.Амаржаргалын алдсан 1584.5 мянган төгрөгийн өр шүүхийн шийдвэр гарч тогтоосон боловч хэрэг хариуцагч нь төлбөрийн чадваргүй шоронд байдаг гэсэн шалтгаанаар найдваргүй авлагад байна.
МТҮП нь өөрийн орлогын төлөвлөгөө, үндсэн үйл ажиллагаа болон инкубаторын үндсэн ажлуудыг төлөвлөгөөгүй явуулж ирсэн байна. Паркын өөрийн үйл ажиллагааны орлого 2005 онд 213.6 сая төгрөг болж 2004 оноос 23.4 хувиар буюу 40.9 сая төгрөгөөр өссөн ба ажиллагчдын сарын дундаж цалин 2005 онд 2003 онтой харьцуулахад 38.7 хувь буюу 25.6 мянган төгрөгөөр өсч 91.6 мянган төгрөг болсон байхад ажилчдын тоо өсөөгүй байгаа нь сайшаалтаа ч төсвөөс жилд 80.0 сая төгрөгийн санхүүжилт авч байна.
Орлого нэмэгдэхийн хэрээр төсвийг илүү зарцуулдаг. Тухайлбал, 2005 онд үйл ажиллагааны бус зардалд 13799.8 мянган төгрөг зарцуулсан нь өмнөх онтой харьцуулахад 6631.8 мянган төгрөгөөр өсчээ.

Байгууллага хүмүүсээс авах авлагын хэмжээ 2005 онд өмнөх онтой харьцуулахад 29.4 хувиар буюу 7164.4 мянган төгрөгөөр өссөн байгаад анхаарч өр авлагыг барагдуулах талаар анхаарч ажиллах шаардлагатай гэж зөвлөсөн байна. Түүнчлэн өөрийн орон тооны бус Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэнгийн БНЭУ-д зохиогдсон Ази номхон далайн цахилгаан холбоо, мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн чуулганд оролцсон зардлын хэсэг болох ирж очих онгоцны зардал 923.2 мянган төгрөгийг төлж үргүй зардал гаргасан гэж үзжээ.
Үүрэн телефоныг хэрэглэх албан тушаалтны зардал нь хэмжээнээс илүү байсан аж. Үүрэн телефон хэрэглэгчдийн зардлын тооцоог шалгаж үзэхэд лимитээс 164 мянган төгрөгийн илүү зардал гаргасан байна. Мөн албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх албан тушаалтан 130 мянган төгрөгөөс илүүгүй үнэтэй гар утас хэрэглэх гэснийг зөрчиж 445.0 мянган төгрөгийн үнэтэй гар утсыг хэрэглэдэг байсан аж.
Түүнээс гадна сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа тухайн сэлбэг ашиглагдах боломжгүй болсон, зайлшгүй авах шаардлагатайг тодорхойлох техникийн комиссын акт гаргадаггүй, харин өмч хамгаалах байнгын комиссоор гаргадаг зэрэг зөрчил илэрсэн байна.

Тус паркын албан тушаалын болон албан ажлын автомашины замын тооцооны баримтыг шалгахад батлагдсан хэмжээнээс илүү хэмжээгээр шатахууныг олгодог байжээ. Тухайлбал, паркын Соната-3, Соната-5 маркийн машинд шатахууныг машины моторын хүчин чадлаас давсан хэмжээгээр буюу 100 км-т 16 литрээр бодож олгож байсан. Гэвч уг машинууд моторын багтаамжаараа 12.5-14 л түлш хэрэглэдэг аж. Шалгагдсан хугацаанд 529.7 мянган төгрөгийн шатахуун илүү зарцуулсныг барагдуулахаар акт тогтоожээ. Цаашид үйл ажиллагааны бус зардал өсч байгаад анхаарч, байгууллага хүмүүсээс авах авлагын хэмжээ 2005 онд өмнөх онтой харьцуулахад 29.4 хувиар буюу 7164.4 мянган төгрөгөөр өссөн өр авлагыг барагдуулах талаар ажиллах шаардлагатай байна. Мөн суудлын автомашины ашиглалтыг сайжруулах, тогтоосон лимитэд багтаан шатахууныг олгож үүрэн телефоны зардлыг тогтоосон хэмжээнд барьж зарцуулах хэрэгтэй гэсэн байна.
Шалгалтаар илэрсэн актын төлбөрийг шалгалтын хугацаанд барагдуулсан байна.

(Өнөөдрийн монгол 134/304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button