Найман хүний цогцсыг аврагчид олжээ

Хэдийгээр сүүлийн дөрөв хоногт Онцгой байдлын ерөнхий газарт үер усны гамшгийн дуудлага ирж, хүний амь нас хохироогүй ч зарим газраар усны төвшин нэмэгдэж байна. Сэлэнгэ мөрний адгаар буюу Сүхбаатар хот орчмоор усны төвшин өмнөх өдрөөс 59 см-ээр доошилсон ч үерийн аюултай төвшингөөс 88 см давж онц хүчтэй үерлэж, Сэлэнгэ-Орхоны бэлчрээр болон ихэнх нам эрэгтэй газраар ус хальж, мөн Ерөө голын адаг буюу Дулаанхаан сумын орчмоор усны төвшин өмнөх өдрөөс 23 см нэмэгдэж үерийн аюултай төвшинг 38 см давж байгаа аж.
Уржигдрын байдлаар Булган аймгийн Хялганат тосгонд үер буусны уршгаар 530 метр урттай далан хоёр газраараа 30,30 метр орчим сэтэрсэн байна. Мөн Тэшиг сумын Эгийн голын гүүрний далан сэтэрч урьдчилсан байдлаар 140 гаруй сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Түүнчилэн Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын дунд Цэнхэрийн голын гүүрний орчим бороо орсноос Өндөрхаанаас Улаанбаатар орох замын 20-иод км замын далан нурж, дөрвөн хоолой бөглөрсний улмаас 51,6 сая төгрөгийн хохирол учраад байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь Эгийн голын усны төвшин нэмэгдсэнээс 12 айлын 50-иад хүн, 1400-аад мал усанд боогдсоныг сум, багийн удирдлага, иргэд, хилчид хамтран гаргасан ч бог, бод нийлсэн 340-өөд мал усанд урсан одсон байна. Энэ хавьд гурван айлын 120-иод адуу алга болсон нь олдоогүй байна. Завханы Тосонцэнгэлийн Идэрийн гол үерлэж усан цахилгаан станцын далангийн усны хоёр хаалт бөглөрсөн, Сэлэнгийн Зүүнбүрэн сумын бетонон гүүр усанд автаж, зүүн талаараа далангаа сэтэлжээ. Уг сумын хойд талд усанд боогдсон нэг өрхийн 11 хүн, гүүрний усанд боогдсон 21 хүн, 200 орчим малыг зөөвөрлөн гаргасан байна. Цаашид төвийн нутгийн хойд хэсэг, баруун болон зүүн зүгийн зарим аймгуудын нутаг, нутгийн зүүн хагаст дуу, цахилгаантай бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүрнэ. Тиймээс Сэлэнгэ, Ерөө гол дагуух хот суурин газар, голын эрэг хавиар нутагладаг ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар болон Улсын онцгой байдлын комисс анхааруулж байна. Зөвхөн уг голууд төдийгүй бусад голуудын усны төвшин олон жилийн дунджаас их байгаа тул гол усанд орох, ойр буухаас татгалзах хэрэгтэйг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button