Т.ГАНТӨМӨР Албан тушаалаас хамааралтай зохион байгуулалттай бүлэг манай намд байна

Энэ дагуу МАХН-ын нийслэлийн намын хороо наадмын өмнөхөн хуралдаж дүүргүүдийн дүнг харгалзан 2008 оны сонгуульд нийслэлд нэр дэвших боломжтой хүмүүсийн сунгааг хийсэн юм.Нийслэлийн 20 мандат тус бүрт гурав буюу 60 хүний нэрийг үүгээр сугалж гаргав. Ингэхдээ намын анхан шатны байгууллагуудаас буюу намын жирийн гишүүдээс итгэл үзүүлсэн хүмүүсийг тоглоомын тойргоос гаргах зохион байгуулалттай ажил хийсэн гэсэн яриа гараад буй. Хэрүүл маргаан үүсч нэлээн халуухан болсон уг хурлын талаар нийслэлийн намын хорооны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч, Уламжлал шинэчлэл-ардчилал шударга ёс жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн, Онц их хурлын төлөө хөдөлгөөн-ий зохицуулагч Т.Гантөмөртэй ярилцлаа.

-Нийслэлийн МАХН-ын хорооны хуралдааныг зохион байгуулалттай жүжиг болсон гэж хэлэх хүн цөөнгүй байна. Ер нь нийслэлийн намын хороо яагаад гэнэт наадмын өмнө хуралдах болов?
-Нийслэлийн МАХН-ын хороо хуралддагийн урд өдөр НИТХ дахь намын бүлэг хуралдаж НИТХ-ын Тэргүүлэгчдэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцсэн юм. НИТХ дээр хэлэлцэх алив асуудалтай холбогдуулж намын бүлэг ямар байр суурь бодлого баримтлах вэ, магадгүй зарим нэг боловсон хүчин, агентлагийг удирдаж буй хүмүүсийн тухай асуудлыг намын бүлэг дээр эхлээд ярьж байя гэсэн санал гарсан. Гэвч хуралдана, хуралдахгүй гэж маргасаар арай гэж хуралдахаар болсон. Хуралдаан шөнийн 1.30 цаг хүртэл үргэлжилсэн юм. Ингээд л маргааш нь нийслэлийн намын хорооны Ү хуралдааныг хуралдуулсан нь сонин тохиолдол. Ирэх сонгуульд нэр дэвших боломжтой гэж намын анхан шатны байгуулагаас нэр дэвшиж олонхийн санал авсан хүмүүсийг дүүргийн намын хорооны хурлаар хэлэлцээд дүнгээ нийслэлийн намын хороонд явуулаад бараг сар шахам болсон юм. Гэтэл гэнэт наадмын өмнө яаруу сандруу хуралдсан нь хэний ч сонирхол татаж байгаа. Дээрх НИТХ-ын хурлын намын бүлэг дээр шүүмжлэлтэй хандаж үг хэлж байсан хүмүүс 60-д багтаагүй. Тухайлбал, НЗДТГ-ын үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга М.Ганбаатар, Нийслэлийн татварын газрын хэлтсийн дарга Я.Аюушжав, миний бие гэх мэт. Харин намын анхан шатны байгуулагаас нэр дэвшиж, олонхийн санал авч, эхний гуравт ч орж чадаагүй хүмүүс дээрх жагсаалтын эхэнд багтсан юм. НИТХ-ын намын бүлэг хуралдах үед нийслэлийн намын хорооны дарга, намын дарга нар утасдаж юу хэлэлцэж буй талаар мэдээлэл авч байсан юм билээ. Тэд над руу утасдахгүй нь ойлгомжтой.

-Та хурлын үеэр та нар санал будлиантуулах зорилгоор компьютерийн тусгай программ зохиосон байна гэж шүүмжилсэн гэсэн. Яагаад ингэж бодох болов?
-Бодъё л доо. 79 хүн санал өгснөөс 11 нь хүчингүй болсон юм. Мөн 10-аад хүн М.Энхболдын төлөө саналаа өгөөгүй. Ингэхээр 58 орчим хүн М.Энхболд даргыг дэмжсэн байх магадлалтай. Гэтэл яагаад тэрээр 65 хүний санал авав. Олонхийн санал авсан гэгч хүмүүсийн нэрс, саналаа өгсөн хүмүүсийн тоо, байршил, дүүргийн болон намын анхан шатны байгууллагуудаас нэр дэвшүүлсэн төлөөлөл, УИХ-ын сонгуулийн тойргийн байршил зэргээс харахад цэвэр компьютерийн программ дотор ажилласан гэх үндэслэлтэй юм.

-Тооллогын комиссыг өөрчилье гэсэн санал гаргаад дэмжлэг аваагүй юу?
-Тооллогын комиссыг их сонин байгуулсан. Ер нь нийслэлийн намын хорооны хурлаар ямар нэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхэд тооллогыг будлиантуулдаг, дүнг хэн нэгний сонирхолд нийцүүлэн гаргадаг, энэ тал дээр мэргэшсэн хүмүүсийг тооллогын комисст оруулдаг. Хуралдааны үеэр Э.Мөнх-Очир нарын хүмүүс горимын санал гаргаж жилийн жилд тооллогыг будлиантуулдагаа больё. Тооллогын комисст Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Энхбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Гантөмөр нарыг оруулъя гэсэн санал гаргасныг хүлээж аваагүй. Энэ хоёр хүн нэр дэвшиж буй болохоор тооллогын комисст оруулж болохгүй гэсэн тайлбарыг өмнөөс тавьсан. Yнэхээр л программдаа өөрчлөлт оруулж, элдэв булхай хийгээгүй л юм бол юунаас нь айсан юм бэ. Yнэндээ бол би өөрийгөө 60-д багтахгүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ нэрээ татаж болохгүй байв. Э.Мөнх-Очир Та нар Т.Гантөмөрийг угаас сонгохгүй шүү дээ. Тиймээс Т.Гантөмөр тооллогын комисст байхад юу нь болохгүй байгаа юм гэж хэлж ч үзсэн. Ингээд тооллогын комиссоос Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа хоёрыг гаргаад оронд нь бас л намын хорооны гишүүдээсээ сонгосон. Тэр хоёр нь ямар хүн байсан нь ойлгомжтой. Тооллогын комисс тусгай өрөөнд, хуудсаа тоолж, дүнгээ гаргасан. Яагаад хурлын зааланд гишүүдийн өмнө дүнг нь гаргаж болдоггүй юм бэ. Гэтэл дүн нь ийм гарав. Хоёр үүр дээр нэрийг нь дэвшүүлж, 29 хүний санал авсан Батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбат гэхэд дүүрэг болон нийслэлийн намын хорооны хурлаар хоёуланд нь эхний тавд орсон байх юм. Ер нь намын гишүүдийн хурлаар намын одоогийн намын удирдлага, УИХ-ын гишүүдийг намын гишүүд үнэлээгүй юм. Гэтэл нийслэлийн намын хорооны хуралдаанаас бүгд толгой дарааллаад гараад ирлээ. Тэгэхээр хэлэлцүүлгээр намын гишүүдийн санал, үзэл бодлыг тусгасангүй. Зохион байгуулалттай бүлгийн илэрхий шинжтэй, хурал боллоо.

-Ингэхээр МАХН хэлэлцүүлэг явуулсны үр дүн гэж байхгүй болох нь ээ?
-Хэлэлцүүлгийн сайн талыг харъя л даа. Манай намын Удирдах зөвлөлөөс намын гишүүдийнхээ санал бодлыг сонсъё гэж хэлэлцүүлэг явуулсан. Намын өнөөгийн удирдлага, тэдний зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга барилыг намын гишүүд юу гэж бодож буйг харуулсан том арга хэмжээ боллоо. Бидний яриад шүүмжлээд буй зүйл хаанаа байна вэ, намын дарга, Удирдах зөвлөлдөө юу, эсвэл орон нутгийн намын байгууллага, гишүүдэд байна уу гэдгийг харуулав. Намын гишүүдийн олонхи нь чөлөөтэйгээр санал бодлоо илэрхийлсэн. Гэтэл дүүрэг дээр хөөрхөн зохион байгуулж эсрэгээр нь эргүүлж, нийслэлийн намын хороон дээр үүнийгээ бүрэн баталгаажуулаад авлаа. Би гэхэд л намын анхан шатны байгууллагын 19 үүрийн хурлаас нэр дэвшиж, чансаагаараа хоёрт байсан бол дүүргийн намын хорооны хуралд дээр 11-т жагсч, нийслэлийн намын үүрийн хурал дээр хасагдчихаж байгаа юм. Ингэхээр ганц нийслэлийн намын хороо биш орон нутгийн төвшинд асуудал байна. Хорооны Засаг дарга бөгөөд намын үүрийн дарга хүн дүүргээс тэрийг гаргаж ирнэ шүү гэдэг бодлогыг хийж л байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл хэнээр, хэний нэрийг дэвшүүлэх вэ, хэнийг тооллогын комист оруулах вэ гээд бүх зүйлийг намын анхан шатны байгууллагаас авахуулаад дүүрэг, нийслэлийн намын хорооны хурал дээр цэвэр, зохион байгуулалттайгаар хийж чадаж байна. МАХН нэг хүнээс, албан тушаалаас хамааралтай байгаа учраас тэр. Намын анхан шатны байгуулагын санал бодлыг дээш нь намын удирдлагад хүргэдэггүй, хүргэхийг хүсдэггүй зохион байгуулалттай бүтэц, үүнийг удирддаг бүлэглэл байгааг энэ явдал тодорхой харууллаа.

-Намын анхан шатны байгууллагын даргаас эхэлсэн зохион байгуулалттай бүлэглэл, сүлжээ байна гэлээ. Тэгэхээр энэ байдлаас яаж ангижрах вэ?
-Манай нам 160 мянган гишүүнтэй гэдэг ч тийм биш. Хэлэлцүүлгээр намын үүр, хороодын хурлын ирцийг 50+1 болгох гэж зовсон. Баянзүрх дүүрэг гэхэд МАХН-ын 4300 гишүүнтэй гэдэг ч шинэчилсэн бүртгэлээр 2587 байв. Yүнээс 1310 нь хэлэлцүүлэгт оролцсон. Нэг дүүрэгт л гэхэд ийм байна. Их хурал эсвэл, ээлжит бус их хурал ч юм уу ямар нэг байдлаар хуралдахгүй бол болохоо байж ээ. Намын бүх шатны удирдлагыг өөрчилж, намын даргыг, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаас салгаж, орон тооны болгож намын ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна.

-Тантай нэгэнт уулзсаных МАХН-ын Онц их хурлын төлөө хөдөлгөөнөөс намын ээлжит бус их хурлыг хуралдуулахаар намын гишүүдийн гарын үсэг цуглуулах ажлын явцыг сонирхмоор байна. Мөн нам доторх жигүүр хөдөлгөөнүүд хамтарч ажиллахаар тохиролцоод байгаа. Энэ талаар?
-Бид 75 мянган гишүүний гарын үсэг цуглуулахаар хуудсыг 19 аймгийн бүх сум, нийслэлийн есөн дүүрэгт тараасан. Хөвсгөл, Увс аймгийн хоёрын зэрэг сумаас бусдад нь хүрч чадаагүй байна. 42 мянган гишүүний гарын үсэг цуглуулж, компьютерийн тусгай программд шивэн байршуулж, гарын үсэг зурсан эх хувийг Yнэт цаасны газар хадгалуулсан. Гарын үсэг зурах ажил зогсоогүй, үргэлжилж байна. Манай хөдөлгөөнөөс МАХН-ын жигүүр болон Шинэ эргэлт хөдөлгөөн, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудад хандаж, намын шинэчлэлийн талаар хамтран ажиллах санал дэвшүүлсэн. Бид үндсэндээ санал нэгдэж, зарим тодорхой асуудлаар хамтран ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button