Хоршооны хууль батласан гишүүдээс хохирлоо нэхэмжилнэ гэв

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулагдаж энэ сарын 7-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн. Тус холбоонд Бүтээн байгуулалт хөгжлийн сан, Глоб кредит, Гэр хорооллын барилгажилт, Си Эм Си, Төгс-Эрдэнэ, Нью Болор Оргил,Цэн-Алт,Улаан загалмай, Хөрөнгө оруулалт хөгжлийн сан, Бизнес кредит, Өсөх гурван мандал, ЗИБ, Нэмэгдэх ундарга, Европын хөгжил, Оюу-Алт, Бөөн цагаан нуур, Эрхэст Инвест, Монгол торго зэрэг 18 хоршооны 5000 гаруй хохирогч нэгдсэн байна. Тус холбооны тэргүүн Д.Туяатай ярилцлаа.

-Сүүлийн үед хадгаламж зээлийн хоршоодын асуудал их анхаарал татаж байгаа. Тийм ч учраас танай холбоо байгуулагдсан байх. Байгуулагдсанаасаа хойш ямар ажил амжуулав?


-Бид төрийн гурван өндөрлөгт хэд хэдэн удаа өргөх бичиг барьж, Монгол банкны үүдэнд жагсаал хийсний хүчинд төр, засаг бидний үгийг сонсч, хэргийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас байгуулсан ажлын хэсэгт манай холбооны гишүүн хоршоо бүрээс хоёр хүн оролцохоор болсон. Ингэснээр бид мөрдөн байцаалтын болон ажлын хэсгийн хийж буй ажилд хяналт тавьж, хамтарч ажиллах боломжтой боллоо. Бид Засгийн газар, УИХ-тай гурвалсан гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр хохирлоо богино хугацаанд барагдуулах хамгийн оновчтой арга замыг сонгож чадна гэж бодож байгаа. Бид долоо хоногийн мягмар, лхагва, баасан гариг бүрт жагсаал зохион байгуулиа. Маргаашнаас Сүхбаатарын талбайд гэр барих бодолтой байна.

-Та бүхний үгийг төр, засаг сонсч, ажлын хэсэг байгуулж, ажиллаж байхад гэр барьж, жагсах шаардлага байгаа юмуу?


-УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаад баярлаж байна. Гэхдээ манай улсад хууль алга. Эрүүгийн хуульд залилангийн гэмт хэргийг хохирлын хэмжээгээр нь ангилсан байдаг. Онц хүнд гэмт хэрэг гэхэд найман сая буюу түүнээс дээш төгрөг ашиглаж, залилсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай.
Гэтэл хадгаламж зээлийн хор­шооны эзэд сая, тэр бүү хэл, хэдэн тэрбум төгрөг нь ашигласан. Тэгсэн мөртлөө энэ хуулиар бол таван жил шоронд суугаад л гарах нь. Ийм байж болох уу? Би л гэхэд 16 сая төгрөгөө Төгс-Эрдэнэ хоршоонд хадгалуулж байсан. Би баяндаа 16 сая төгрөгтэй байсан юм биш. Солонгост арав орчим жил өдрийн 18 цагийн ажил хийж байж цуглуулсан мөнгө маань байсан. Гэтэл тэр луйварчид над шиг 5000 хүний дор хаяж арван жилийн хөдөлмөрлөж олсон мөнгийг завшаад, таван жил шоронд суу­гаад гарах нь хэр шударга вэ? Хууль ийм л байна. Эцсийн эцэст бид УИХ-ын батласан цоорхой хуулиас болж хохирсон шүү дээ. Хадгаламж зээлийн хоршоонд бүү итгээрэй гэж сэрэмжлүүлж байсан, та нарын хохь гэж хэлэх УИХ-ын гишүүн таарч байсан. Тэд яагаад иргэдийнхээ мөнгийг цөөн луйварчны халаасанд хийх боломж бүрдүүлсэн дутуу дулимаг, цоорхой хууль баталсан юм бэ? өчнөөн зар сурталчилгаа хийж, хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж, дайллага, цайллагад нь уригдаж, зээл авч бидний мөнгийг хамтарч идсэн гишүүн олон байгаа шүү дээ.

-Хоршооны тухай хуулийг баталсан гишүүдээс хохирлоо нэхэмжилнэ гэсэн яриа сонслоо. Энэ үнэн үү?


-Төр засагт хариуцлагын тогтолцоо алга. Тэд цоорхой хууль баталсныхаа төлөө ямар нэг хариуцлага хүлээх ёстой. Тиймээс тухайн үед хяналтын тогтолцоог тэр чигт нь хасч батласан гишүүдээс хо­хирлоо нэхэмжилнэ. Бид хадга­ламж зээлийн хоршоо цаашид байх шаардлагагүй гэж бодож байгаа. Заавал байх ёстой юм бол хуульд өөрчлөлт оруулж, хяналтын тогтолцоо бий болгох хэрэгтэй шүү дээ. Бид УИХ-д энэ шаардлагыг албан ёсоор тавьсан. Түүнээс гадна бидний амьдрал өдөр ирэх тутам дордож байна. Хоршоогоо дампуурсныг сонсоод дөрвөн хүн амиа алдсан. Олон гэр бүл маргалдаж, салж байна. Одоо ч гэсэн амь нас нь хутганы ирэн дээр байгаа хүн цөөнгүй бий. Бид эд хөрөнгөөр төдийгүй бие сэтгэлээрээ их хохирол амсч байна. Эхний ээлжинд эдгээр хүмүүстээ тусалж, эрх ашгийг нь хамгаалах ажил хийхээр төлөвлөсөн. Хууль зөрчиж, зар сурталчилгаа явуулсан болон шилдгээрээ тодруулсан газруудаас бид хохир­лоо нэхэмжлэхээр баримт цуглуулж байна. Бидний хохирлыг бүрэн барагдуулахгүй бол Монгол улсын иргэншлээс татгалзана гэсэн хүн цөөнгүй бий. Төр засаг ийм байдалд хүрэхээс нь өмнө арга хэмжээ авна гэж найдаж байна даа.

-Өөр ямар шаардлага тавьж байгаа вэ?


-Бидний мөнгийг луйвардаж, залилж авсан хоршооны эздийг бүх насаар нь хорих, эсвэл ялын дээд хэмжээгээр шийтгэх шаардлага тавьсан. Өршөөлийн хууль батлагдсан, ял маань хасагдана гэж тэд баярлаж байгаа биз. Ганц худаг дахь урьдчилан хорих төвд тэд нэрийн данс нээлгэж, дуртай зүйлээ авч идээд тансаг байдаг сураг сонссон. Хамгийн дээд зэрэглэлийн янхнууд тэдэнд үйлчилдэг гэх яриа чих дэлссэн. Олны үг ортой гэдэг. Тэдэнд бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял өгөхөөс нааш бид тэмцлээ зогсоохгүй.

– Мөрдөн байцаалтын тусгай хэлтэс байгуулагдсан. Энэ хэлтсийн талаар ямар бодолтой байгаа вэ?


-Тусгай хэлтэс сайн ажиллаж байгаа. Хоршоодын эзэд хэчнээн үрж, тансаглалаа гэхэд тэрбумаар нь үрж чадахгүй шүү дээ. Хохирогчдын мөнгөний нэлээд хэсгийг нууц хөрөнгө болгож хадгалсан байж таарна. Энэ бүхнийг түрүүчээс нь илрүүлж байгаа гэсэн. Ямар ч гэсэн бид оргүй хоосон хоцрохгүй гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс бүх хохирогчдыг мөрдөн байцалтад идэвхтэй оролцож, мэдүүлгээ дуудсан цагт нь очиж өгөөрэй гэж уриалж байна.

Ардын эрх сонин 136 /414/

Г.Буянхишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button