Ажлын байрны бэлгийн дарамтлал

Судалгаанаас харахад манай орны хувьд ажлын байран дахь бэлгийн дарамт нэлээд түгээмэл, газар авсан байдалтай байгаа нь харагдсан юм. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг ихэвчлэн эрэгтэйчүүд үйлддэг болохыг судалгаа харуулж байна. Харин эрэгтэй хүн эрэгтэй хүний зүгээс ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн гэсэн тохиолдол нэг гарч байжээ. Мөн эмэгтэй хүний зүгээс эрэгтэй хүн бэлгийн дарамтад өртсөн тохиолдол хоёр гарч байсан байна. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг удирдах ажлын хүмүүс мөн хамтран ажилладаг хүн илүү ихээр үйлддэг нь түгээмэл байдаг. Насны хувьд бүхий л насны хүмүүс дарамт үзүүлдэг байна. Дэлгэрэнгүй судалгаанд 533 хүний 280 нь ямар нэг хэлбэрийн дарамтад өртдөг гэсэн ба тэдгээрийн 277 нь буюу 97 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Ажлын байранд тулгарч байгаа бэлгийн дарамтыг хүчингийн хэрэг л болоогүй бол маазраад байна гэж ойлгодог байна. Олон улсын жишигт хааяа нэг маазраад, тоглоом шоглоом болгоод өнгөрөх гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй хүсээгүй байхад хүний халдашгүй эрх, тэр дунд бэлгийн халдашгүй эрхэнд халдах гэдгээр авч үзэж ойлгодог байна. Нийтлэг тохиолдолд үнэхээр тоглосон байхад би нэг их сүртэй асуудал болгоод байгаа юм биш биз хэмээн өөрийгөө буруутган буруутанд өршөөнгүй хандах тохиолдол их байдаг байна. Бэлгийн дайралт дарамт шахалтад өртөөд байна гэдгээ ухамсарласан хэдий ч нэг их ноцгой байдалд хүрэхгүй бол яах вэ хэмээн бэлгийн дарамт шахалтад өртсөөр яваа жишээ байна.

1986 оны Эрүүгийн хуульд албан тушаал, эд материалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг тулган хавчиж хувьцал үйлдсэн бол ял шийтгэх тухай заасан байдаг. Харамсалтай нь 2002 оны шинэ Эрүүгийн хуулиар энэ заалтыг хассан байлаа. Иймд нэн тэргүүнд ажлын айрны бэлгийн дарамт нь ажлын байранд болон боловсролын хүрээнд хууль бус хэмээн хуульчлах, ажил олгогчоос ажилтанууддаа ажлын аюулгүй болон сэтгэл санааны хохиролоос чөлөөтэй ажлын орчин бүрдүүлэх шаардлагатай. Улмаар Захиргааны хариуцлагын болон хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлтүүдийг хийх, цаашлаад бие даасан хууль гаргах шаардлагатай байгаа юм.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button