Гурвалжингийн гүүр ачааллаа дийлэхээ больжээ

Замын цагдаагийн газраас Гурвалжингийн гүүрээр хүнд даацын автомашин явуулахгүй гэж шийдвэрлэсэн нь цагдаа, жолооч нарын хооронд үл ойлголцол үүсгээд байна. Тэндэхийн Тэхийн зогсоол-ын жолооч нар ялангуяа энэ шийдвэрт ам муутай байгаа юм. Гурвалжингийн гүүрээр өдөрт 200-300 том оврын автомашин нааш цааш байнга зорчдог. Гэтэл зам хааснаас жолооч нар Сонсголонгийн гүүрээр гарахад арваад км тойрч байгаа нь бүтээгдэхүүний үнэд хүртэл сөргөөр нөлөөлж буй гэнэ.
Тухайлбал, 30-40 мянгаар зардаг элс хайрга 50 мянган төгрөгт хүрч байгаа аж. Тэглээ гээд ч Тэхийн зогсоол-ынход ашиггүй болжээ. Гүүрийг хааснаар цагдаа нарын торгох нь ч ихэссэн гэж тэд ам уралдан ярьж байлаа.
Гурвалжингийн гүүрний ойролцоохь Талст компанийн бетоны үйлдвэрийн захирал П.Хашбаттай уулзахад
– Түүгээр хүнд даацын автомашин явуулахгүй гэснээс хойш үйлдвэр маань үндсэндээ зогсч байна. Түүхий эдээ чухам л энэ гүүрээр дамжуулан татдаг юм шүү дээ. Биднийг шөнө материалаа зөө гэж байна. Цаад харилцагч маань шөнө ажиллахгүй болохоор яах вэ. Одоо байгаа нөөцөө дуусвал үйлдвэр зогсоно гэлээ. Тэгвэл замын цагдаа, ахлах ахлагч Б.Лхагвадорж,
-Энхтайвны гүүрийг хааснаас хойш Гурвалжингийн гүүрийн ачаалал маш их байгаа. Зохицуулах биш хэрэлдсээр л өдрийг барж байна.
Одоогоор аюулгүйн тойрог, Гурвалжингийн гүүр хавьд зургаан зохицуулагч ажиллаж байгаа ч хүч хүрэхгүй байна. Энхтайвны гүүрийг ашиглалтад хурдан оруулахгүй бол энэ хавьд өдрөөс өдөрт л ачаалал ихсэнэ. Уг нь 20-30 тоннын даацтай машиныг гүүрээр гарахыг хориглоод, бусдыг нь зөвшөөрчихвөл буруудах юмгүй гэж бодож байна гэв.

2006.07.19 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button