Өсвөр насныханд дээдэлж мөрдөх 7 зуршил

Танд энэ ном яаж хүрснийг би мэдэхгүй. Магадгүй ээж тань таныг төлөвшүүлэх гэж өгсөн байж болох юм. Эсвэл танд энэ номны нүүр таалагдаж та худалдаж авсан байж ч болох юм. Ямар ч байсан энэ ном таны гарт хүрсэнд зохиогч миний бие маш их баяртай байна. Танд унших л үлдлээ.


Мянга мянган хүүхэд залуус хэдэн арван ном уншдаг, гэвч би тэдний нэг байсангүй (гэхдээ цөөн хэдэн ном уншсан). Хэрэв та надтай адил бол энэхүү номыг шүүгээндээ хийх байх. Харин тэгэхээсээ өмнө миний хэлэхийг сонсоно уу. Хэрэв та надад энэ номыг уншина гэж амлавал, би энэ номыг адал явдлаар дүүрэн, маш сонирхолтой байлгана гэдгээ амлая. Yнэн хэрэгтээ би энэ номыг хөгжилтэй байлгахын тулд олон шог зураг, ухаалаг санаа, агуу ишлэлүүд, мөн дэлхийн олон орны хүүхэд залуусын ер бусын сонин хачин түүх паянгуудаар дүүргэж өгсөн. Тэгэхээр та уншаад үзэх юм уу?

За? За!
Одоо ном руугаа эргэн орцгооё. Би энэ номыг аав Стэфен Р.Ковигийнхоо (Stephen R.Coүey) The 7 habits of Highly Effectiүe People номон дээр тулгуурлан бичсэн. Гайхалтай нь тэр ном бүх үеийн турш дах хамгийн гүйлгээтэй ном болсон. Гэхдээ түүний энэ амжилт надаас болон миний ах эгч нараас их хамаарсан. Бид түүний туршилтын туулай байлаа. Тэрээр бүхий л сэтгэлзүйн туршилтыг бидэн дээр хийсэн учир ах эгч нар маань жаахан юмтай болсон (хаа ха ха, тоглосон шүү). Аз дайрч, би яагаа ч үгүй-Ингээд би энэ номыг яагаад бичсэн бэ гэвэл, хүүхэд залуусын амьдрал тоглоомын талбай байхаа больж, харин ширэнгэн ой мэт болсон. Таныг тэрхүү ширэнгэн ойгоос гарахад туслах луужин нь миний ном байгаасай гэж хүссэн юм. Нэмж хэлэхэд энэ бол жирийн нэг ном биш харин хүүхэд залууст зориулсан сонирхол татам ном болно.

ӨСВӨР НАСНЫХНЫ ДЭЭДЭЛЖ МӨРДӨХ 7 ЗУРШИЛ

Залуу үеийнхний 7 сөрөг зуршлууд

Зуршил 1 Риактив байх

Та өөрийнхөө бүхий л бурууг эцэг эх, багш, хөрш, найз эсвэл засгийн газар гээд заавал хэн нэгэнд тохдог. Мөн та өөрийн амьдралдаа ямар ч хариуцлагагүй ханддаг. Яг л араатан шиг авирладаг. Өлсвөл идчихээд л, хэрэв хэн нэгэн таны өөдөөс хашгирч зандарвал өөдөөс нь хашгирчихаад л, буруу зүйл хийж байгаагаа мэдсээр байж хийгээд л байдаг.

Зуршил 2 Төлөвлөгөөгүй эхлэх
Та ямар ч төлөвлөгөөгүй амьдардаг бөгөөд зорилго тавихаас ямар нэгэн байдлаар зугтдаг. Та хэзээ ч маргаашаа боддоггүй. Өөрийн хийж буй үйлдлийнхээ үр дагаварт яагаад санаа зовох хэрэгтэй юм бэ? гэж бодон зөвхөн тухайн цаг мөчийнхөө төлөө л амьдардаг. Маргааш л бид үхчихнэ гэсэн шиг их унтаж, цагаа дэмий өнгөрөөж, зугаа цэнгэл хөөдөг.

Зуршил 3 Чухал зүйлээ хойш тавих
Амьдралд чинь ямар ч чухал зүйл байсан тасралтгүй зурагт үзэж, утсаар их ярьж, залхууран хэвтэж, интернэтэд орох зэрэгт л хангалттай цаг зарцуулахаас нааш та ер хийдэгггүй. Гэрийнхээ даалгаврыг маргааш гэж байнга хойш тавьдаг. Шаардлагагүй зүйлсийг чухал зүйлийнхээ өмнө үргэлж тавьчихна.

Зуршил 4 Хожил-Хожигдол бодох
Амьдралыг харгис өрсөлдөөн мэт төсөөлдөг. Танай ангийн нэг хүүхэд чамаас илүү бол та хамгийн түрүүнд түүнд атаархдаг. Хэнийг ч амжилттай байлгахыг хүсдэггүй, учир нь хэрэв тэд хожиж байвал та хожигдож байна гэж боддог. Хэрэв та яах ч аргагүй хожигдож байгаа мэт санагдвал та шууд л тэднийг доош нь чирдэг.

Зуршил 5 Эхлээд өөрөө ярихыг хичээж. дараа нь сонсож буй дүр эсгэх
Танд ярих л гэж ам заяасан гэж боддог тул та аль болох их ярихыг эрмэлздэг. Аливаа зүйлсийн тухай ярихдаа өөрийн үзэл бодлыг бусдад тулгахыг хичээнэ. Нэгэнт та өөрийн үзэл бодлыг бусдад ойлгуулсан бол сэтгэл амарч, бусдын ярихыг үл ойшоон толгой дохих эсвэл зүгээр аан гэж хэлээд сонсож буй дүр эсгэдэг.

Зуршил 6 Бусадтай үл хамтрах
Бусад хүмүүс танаас өөр тул танд тэдэнтэй хамтрах, тэднийг дагах шаардлага байхгүй гэж бодно. Та үргэлж хамгийн шилдэг санааг гаргадаг. Тиймээс та түүнийгээ өөрөө хийсэн нь дээр гэж боддог. Зэлүүдхэн арал мэт.

Зуршил 7 Өөрийгөө элээх
Та амьдралд өөрийгөө шинэчлэж, хөгжүүлэх цаг гаргадаггүй бөгөөд хэзээ ч суралцдаггүй, шинээр ямар нэгэн зүйл сурахаасаа үргэлж татгалздаг. Та өөртөө хэрэгтэй байж болох бүхий л саналуудаас зайлсхийдэг. Жишээ нь, биеийн тамираар хичээллэдэггүй. Бас тэгээд үзэсгэлэнт байгаль, сайн ном гээд таныг урам онгодоор тэтгэх бүхнээс зайгаа барьдаг.

Дээр жагсаасан зуршлууд нь таныг зовлонд унагах гүүр. Гэсэн ч бид эдгээр зуршлуудыг дагасаар байдаг. Тиймээс амьдрал тань болж бүтэхгүй зүйлсээр дүүрэн мэт санагдаж байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш ээ.

Yнэ 5000 төг /Номын худалдааны бүх төвүүдээр зарагдаж байгаа/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button