Д.Ганбаяр 24 цагийн ажилтай хүмүүс байдаг болохоор амрана гэж хэлэхэд хэцүү л дээ

Өнөөдрийн хугацаанд танай хамтлагийн байр суурийг хүн бүр тодорхойлно. Харин та бүхэн өөрсдийгөө хэрхэн тодорхойлох вэ? Өөрсдөөрөө ер нь хэр бахархдаг вэ?
-Бид өөрсдөөрөө бахархалгүй яахав. Yнэхээр бахархахгүй байхын аргагүй байна. Яагаад гэвэл бид амьдаар дуулдаг. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд ямар нэг тоглолтыг понаграммтай хийж ард түмнийг хуурч байгааг болимоор байна. Болиулахын тулд энд ямар нэг хэмжээгээр шаардлага тавьдаг болмоор байна. Рок попынхондоо хэлэхэд албан ёсны тоглолтыг амьдаар тоглож байгаач. Чаддаг юм бол чаддагаа ард түмэндээ үзүүлээч гэж уриалмаар байна. Yүнээс гадна урлагийг үзээд тодорхой үнэлэлт дүгнэлт өгч чаддаг, хооронд нь ялгаад салгаад биччихдэг мэргэжлийн сэтгүүлчтэй байхгүй болохоор өнөөдөр дуртай сэтгүүлч тоглолт үзээд өөрсдийнхөө таалагдсан таалагдаагүйгээр бичиж байна. Эсвэл чанга дуугарч байвал рок, аяархан дуугарахаар нь рок биш болчихлоо гэх зэргээр сонин дээр хамаагүй бичдэг. Өөрсдийнхөө санаанд бууснаар ингэж бичснээр будлиан гаргаад байдаг.

Ер нь бол Урлагийн мэргэжлийн сэтгүүлч байдаггүй ээ гэсэн үг үү?
-Байхгүй. Тэгэхлээр бид энэ тал дээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх талаар төсөл бичих, шинэ гарч ирж байгаа сэтгүүлчийг яг энэ урлагийн чиглэлээр мэргэшүүлж, гадаадад сургаж бэлдүүлмээр санагдаад байгаа. Мэргэшсэн урлагийн сэтгүүлч байх л ёстой. Улс төрийн сэтгүүлч, спортын сэтгүүлч гэж байдаг үүнтэй л нэгэн адил урлагийн сэтгүүлч гэж байлгамаар байна. Болсон болоогүй юм өөрийнхөө үзэмжээр бичдэг. Ангилж ялгаж чаддаггүй бичсэн зүйлийг нь ард түмэн уншиж байгаа болохоор буруу ойлголтыг авдаг.

Урлагийн төрлийг ангилж ялгаж чаддагүй гэсэн таны энэ үгтэй холбогдуулан асуухад, рок хөгжим бусад урсгалаас юугаараа ялгагдах вэ? Ямар давуу талтай байдаг юм бэ? Яг юуг нь сак гэж хэлж болох вэ?
-Амьд тоглож байна. Нэг ч понаграмм, дижитал комьпютерийн дуу шум хэрэглэдэггүй, тоглолт л бол тоглолт байдаг. Би түрүүн хэлсэн хамтлаг дуучид маань цэвэр амьдаар дуулж байгаачээ. Сайхан сайхан дуунууд зөндөө л дуулж байна л даа гэхдээ амьдаар дуулж өөрсдийгөө чанаржуулаачээ гэж хэлмээр байна..

Хурд хамтлагийг клипнүүдийн талаар ярилцъя л даа. Танай клипүүд ард түмэнд хүрсэн, таатай сэтгэгдэл үлдээхээр хийгдсэн байдаг. Тэгэхээр клипнийхээ санааг хэн нь гаргадаг вэ?

-Хамтлагаараа ярилцаж байгаад клипнийхээ санааг гаргадаг.

Клипэнд тоглоно гэдэг нилээд жүжиглэлт шаарддаг. Танайхан энэ тал дээр хэр мэргэшиж байна даа?
-Урлагийн хүмүүс гэсэндээ бас арай өөр байдаг шүү. Тэгээд ч клипэнд багахан хэмжээний жүжиглэлт ордог. Мэргэжлийн жүжиг, кино шиг тийм хүнд нүсэр биш болохоор гайгүй.

Эх орны сэдэвтэй дуу дуулдаг хамтлагийн хувьд эх орныхоо хөгжлийн талаар та нар ямар бодолтой явдаг вэ?
-Гадаадын орнуудад урлагийн гудамж гэж байдаг. Гудамжинд нь зураг зураад, дуу хөгжимтэй гудамжтай л болмоор санагддаг. Миний бодлоор дөрвөн замаас дээшээ өгсдөг Сөүлийн гудамжийг л тийм болгомоор байна. Ямар ч автомашин явдаггүй зөвхөн явган хүмүүс явдаг. Гадаадын жуулчид ирээд үзэж сонирхдог тийм нэг гудамжийг манай рок попынхон нийлж байгаад тал талаасаа дэмжиж туслаад урлагийн гудамжтай болох юмсан гэж их боддог доо.

Нийгмийн халамжийг талаар таны бодол…
-Бидний хувьд бол ажилтай хирнээ ажилгүй хүмүүс байдаг. Ажилгүй юм болов уу гэхээр нийгэмдээ тодоос тод ажиллаж байгаа. Гэхдээ аль нэг байгууллага, улсаас хамаараагүйгээр ажиллаж байгаа хүмүүс байдаг.
Нийгмийн янз бүрийн халамж үйлчилгээг ерөөсөө авдаггүй. Хөгширөөд тэтгэвэрт гарах насанд хүрлээ гэхэд бидэнд төрөөс өгөх үйлчилгээ байхгүй л байна гэсэн үг. Цөөн үгээр хэлбэл, үүрд мөнх байх юм шиг өөрсдийгөө санаж л явна даа.

Өөрсдийгөө үүрд юм шиг санаж яваа залуус маань энэ зуны төлөвлөгөө, амралтаа хэрхэн өнгөрүүлэх вэ? Амралтаа хэр үр бүтээлтэй өнгөрөөж чаддаг вэ?
Ер нь бол хөдөө гэр бүлээрээ аав, ээжтэйгээ хэд хэдэн газар очихоор төлөвлөчихсөн байгаа л даа. Бас олон аймгуудын ой тохиож байгаа болохоор энд тэнд урилгаар очиж дуулах болж байгаа. Тийм болохоор төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Урлагийнхан гэдэг маань байнгын завгүй, 24 цагийн ажилтай хүмүүс байдаг болохоор амрана гэж хэлэхэд хэцүү л дээ.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button