Оросууд Буриад Монголыг залгиж эхэллээ

. Үүнд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Владислав Сурков, Сибир дэх Оросын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Квашнин, Эрхүү мужийн губернатор Александр Тишанин, Хурлын дарга Виктор Круглов, Үст Ордын Бурят тойргын удирдагч Валерий Малеев, Хурлын дарга Ирина Морохоева нар байлцав.
Тэд Эрхүү муж болон Уст Ордын Буриад автономит тойргыг Эрхүү мужид нийлүүлэх талаар санал солилцож санал асуулга явуулахаар шийдсэн байна.
Аль 2002 оноос Путин өөрийн хүч нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн үе шат бүхий ажлуудыг хийж байгаа билээ. Юуны түрүүнд тэрээр Оросын Холбооны улсыг бүрдүүлэгч автономит улсууд болон тойрог, хязгааруудын удирдагчдыг өөрөө томилдог болсон явдал бөгөөд энэ нь товчхондоо эдгээр холбооны нэгжүүдэд оршин суугчид өөрсдийнхөө удирдагчдыг сонгох эрхгүй болж байгаа гэсэн үг билээ.Үүний дараагаар тэрээр Оросын Холбооны улсыг бүрдүүлэгч дээрх 89 нэгжийг цөөлөн хооронд нь хүчээр нэгтгэх арга хэмжээ авч явуулж байгаа.
Оросын ерөнхийлөгч луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд хамаа үгүй гэж орхиж боломгүй болж эхэлж байх шиг байна.
Түүх сөхвөл Өвөрмонголыг Манж эзлэн авч, Галданбошигт халхыг довтолж байх үед Манж, Ойрд,
Халхын хэнийг дагахаа мэдэхээ больсон буриадууд Оросуудаас өөрсдийгөө хамгаалахыг хүсжээ.
Харамсалтай нь оросууд хойноос ирээд хот минийх гэгчийн үлгэрээр Буриадад Казак цэргийн анги суулган нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж орос сууринг байгуулан эзэрхийлсэн түүхтэй. Буриад Монголчууд эсэргүүцэн тэмцэж бослого олонтаа гарган дарагдаж байсан бөгөөд улмаар 1921 он гэхэд Унгерн Буриад Монголыг нэгтгэн Пан Монгол улсыг байгуулах гэсэн ч амжилт олоогүй аж. Үүний дараагаар Буриадад пан Монгол үзэл хүчтэй өрнөж байсан боловч амжил т ололгүй байсаар 1923 онд Буриад Монгол Автономит улс байгуулагдсан байна. 1937 онд Сталин Буриад Монголыг 3 хэсэг тасдан Буриад Монгол автономит улс , Агийн Буриад тойрог, Уст Ордын тойрог болгон хувааж улмаар нутгийн баялаг хэсгийг багтаасан одоогийн Эрхүү болон Чита мужийг байгуулжээ. 1958 оноос Буриад Монгол гэсэн нэрнээс Монгол гэдэг нэрийг ор тас авсан байдаг. Ийнхүү Оросуудын Хятад луу татах гэж буй хийн болон газрын тосны хоолойг тэжээх томоохон орд газар бүхий нутгууд Буриадын бус бусдын нутаг болжээ. Өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа дээрх хоолойн зарим хэсэг Байгал нуурт 500 метр өнгөрч байгаа нь газар хөдлөлт болон бусад ослын үед Байгаль нуурт хор нөлөөтэй бөгөөд Оросын олон нийт эсэргүүцэж байгаа боловч баригдах нь нэгэнт тодорхой болж байна.
Оросын ерөнхийлөгч дээрх уулзалт дээр Оросын хамгийн ядуу бүс нутагт Уст Ордын буриад тойрог багтаж байгааг сануулж Эрхүү мужтай нэгдэх нь Уст Ордын ядуу иргэдэд ихээхэн ашигтайг анхааруулжээ. Уст Орд 22 Мянган км кв нутаг дээр 135 мянган хүн амьдардаг бөгөөд дийлэнх нь буриадууд байдаг аж.
Мөн удахгүй Агийн буриад тойргыг Чита мужид нэгтгэх аж. Үнэхээр нэгтгэмээр байгаа бол 3 хуваагдчихаад байгаа Буриадуудыг хооронд нь нэгтгэж болмоор. Оросын мужуудтай нэгтгэх гэж зүтгээд байдаг нь юу билээ. Эхнэр нөхөр байтугай Эрүү толгой салдаг юм гэдгийн үлгэрээр Орос улс хэзээ нэгэн цагт задрахад Автономит байж байгаад тусгаар болох өдөр Буриадын ард зонд бидний насан дээр биш юмаа гэхэд хожим ирэх учиртай. Тийм учраас автономийг хэзээ ч устгаж болдоггүй юм. Өвөр Монголыг ар Монголтойгоо 1945 онд нэгдэх сайхан боломж гарахад 300 жилийн өмнө Манжтай хийсэн гэрээ саад болсоны жишээ бол түүх хэзээ ч хуучирдагүйн жишээ билээ.
Путин дээрх ажлыг хэд хэдэн шатаар хийжээ. Аль 2003 оноос тэрээр өөрийн хүмүүсийг Уст орд луу явуулан ятгуулсан боловч амжилт олоогүй ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Харин тэрээр нэгэнт саяхнаас бүс нутгийн удирдагчдынг өөрөө сонгож томилдог болсон тул өөрийн хүнийг Уст Ордын удирдлагад тавьж улмаар санаагаа хэрэгжүүлж амжжээ. Уст ордын болон Буриад зон энэ талаар ямар саналтай байгаа талаар мэдээлэл олох ямар ч боломж алга. Яг иймэрхүү аргаар Хятадууд Өвөрмонголын нутгаас тасдан авч Гансу, Чинхай өшөө хэд хэдэн мужуудыг 1960аад онд байгуулан Өвөрмонгол иргэдийн автономит эрхийг зөрчсөн билээ.
Путин үүний урьд Таймыр болон Эвэнкийн автономит тойргийг Красноярск мужид 2005 оны 4 сард санал асуулга явуулсан нэрийн дор нэгтгэсэн бөгөөд дээрх аргаа мөн хэрэглэх аж. Оросууд америкчуудыг Double Standart буюу 2 нүүртэй гэдэг мөртлөө, Чеченд дайн хийж, тусгаар тогтносон Гүрж улсын бүрэлдхүүнд багтдаг Абхаз болон Өмнөд Осетийн автономит улсуудыг тусгаар улс болохыг дэмжиж бас Молдов улсаас тасдаж авсан Приднестрийн бүс нутагт тусгаар тогтнол олгох санал гаргаад байгаа улс билээ.
/Surүalj/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button