АН саналаасаа татгалзаж эхэллээ

Учир нь АН-ын зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлийн зарим гишүүний хамт өчигдөр хуралдсан ч огцруулъя гэх зоригтон цөөрчээ.
АН-ын гишүүд огцруулах бичгээ боловсруулж байхдаа өргөн барих цаг хугацааны гурван хувилбарыг тооцож байсан ч өчигдрийн хуралдаанаар хамгийн оновчгүйг нь сонголоо. Энэ нь огцруулах бичгээ намар өргөн барих хувилбар юм. Ингэснээр цаг хугацааны хувьд ч үр дүнгийн хувьд ч Засгийн газрыг огцруулах нь үнэгүйдэж буй хэрэг юм. Нөгөө хоёр хувилбар нь хаврын чуулган завсарлахаас өмнө, эсвэл нөхөн сонгуулийн үеэр өргөн барих байв. Эдгээрээс АН-ынханд хамгийн ашигтай нь хаврын чуулган завсарлахаас өмнө өргөх бичгээ барих гээд энэ хувилбар дээр тохирсон байсан билээ.
Гэхдээ эцсийн хувилбарыг өнөө орой (өчигдөр орой) болох Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар гаргах юм.

Зарим гишүүн Засгийн газрыг огцруулах нь АН-ын санаа биш. Угаасаа захиалагч нь МАХН. Харин тэд саналаасаа буцаж биднийг дэмжихгүй бол бид тэдний лайг нь үүрэх хэрэг байна уу гэх зэргээр хойш сууж байгаа бололтой. Yүнийгээ ч өчигдрийн хуралдаанаар илэрхийлцгээсэн ажээ. Мөн Засгийн газрыг огцруулж чадахгүй бол УИХ-ыг тараах хувилбарыг сонгоё гэсэн санал ч гаргацгаасан байна. Харин Н.Батбаяр нарын гишүүд Маргаашийн (өнөөдрийн) чуулганы хуралдаан дээр томоохон юм болох мэдээлэл байна. МАХН-аас дэмжих хүмүүс ч гарах бололтой. Төлөвлөсөн ёсоор маргааш бичгээ өргөн барья гэсэн байр суурьтай байжээ.
Мөн Гүйцэтгэх зөвлөлийг дүрэм ёсор хуралдуулж, саналыг нь сонсъё гэж санал гаргасныг дэмжицгээжээ. Харин намын дарга Ц.Элбэгдорж Архангайгаас ирж амжаагүй учир Гүйцэтгэх зөвлөл хуралдах боломжгүй байсан юм. Учир нь АН-ын дүрэмд зааснаар Гүйцэтгэх зөвлөлийг намын дарга зарлаж хуралдуулах ёстой байдаг. Ингээд ямар ч байсан Ц.Элбэгдоржийг иртэл хүлээхээр болж Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг бэлэн байдалд байхыг даалгалаа. Хэрвээ даргыгаа ирвэл шөнө ч хамаагүй хуралдана гэж тохирсон юм байна.

/Зууны мэдээ 2006-07-20/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button