Өлсгөлөн зарласан хөл хүнд бүсгүй эмнэлэгт хүргэгдлээ

Төрийн ордны гадаа хөл хүнд бүсгүй өлсгөлөн зарлаж байна гэсэн мэдээллийн дагуу очиход үнэхээр л тулгар биетэй залуухан бүсгүй ордны ёслолын хаалганы өмнөх цементэн шалан дээр, гудас дэвсч хэвтсэн байлаа. Тэрээр Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны хохирогч аж. Түүнийг А.Гантулга гэдэг бөгөөд ШУТИС-ийн оюутан, одоо 23 настай, найман сартай жирэмсэн гэнэ. Хашаа байшингаа зарж, тус хоршоонд 6.5 сая төгрөг хадгалуулсан бөгөөд мөнгөнийхөө хүүгээр сургалтын төлбөрөө төлж, айлын байшин түрээсэлж амьдардаг байжээ. Амьдрал залгуулдаг байсан хоршоо нь дампуурснаар сургал­тын төлбөрөө төлж чадахаа больж, түрээсийг нь төлж дийлэхгүй, амьдарч байсан байшингаасаа хөөгджээ.

Айлын амбаарт толгой хоргодож, идэх хоолгүй байж байгаад хоёр хоногийн өмнөөс хөнжил, гудсаа авчирч тус хоршооны байранд хоносон аж. Тэрээр хаа ч өлсөх адилхан хэмээн Төрийн ордны ёслолын хаалганы өмнө өлсөхөөр шийдсэн байна. Тус хоршооны хэд хэдэн хохирогч түүний санааг дэмжиж, өлсгөлөн зарлахаар болоод байсан юм. Гэвч өчигдөр 19 цагийн үед түүний бие гэнэт өвдөж Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хүргэгдсэн. Түүнийг дэмжиж тойрсон хохирогчид Дутуу төрөх нь гэж сандарч байсан. Өчигдөр орой 20 цагийн үед А.Гантулга бүсгүйтэй утсаар холбогдож биеийн байдлыг нь асуухад Дутуу тэрөлт биш, цементэн шалан дээр удаан сууснаас цистит хөдөлсөн байна. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт хэвт гэсэн гэв.

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид долоо хоног бүрийн мягмар, лхагва, баасан гаригт Мон­гол банк-ны гаднах талбай, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар тохиролцсон талаар манай сонин мэдээлж байсан. Ээлжит жагсаалын үймээнээр ХЗХ-ны асуудлыг яаралтай шийдвэрлэхээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг хохирогчидтой уулзсан юм. Тэрээр хохирогчдод хандаж, ажлын хэсгийнхэнд ажлаа хийх хугацаа өгөхийг хүсч, Хаврын чуулганыг завсарлуулахыг хэд хоногоор сунгах шаардлагыг УИХ-ын дарга Ц.Нямдоржид тавихаа амласан байна. Өнөөдөр УМБГ-ын дэд дарга, Хоршоог шалгах тусгай хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Эрдэнэбат хохирогчидтой уулзаж, ажлын явцаа танилцуулахаар болжээ.

Ардын эрх сонин 137 /415/

Г. Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button