Манай улс Европын сэргээн босголт банкны жинхэнэ гишүүн боллоо

Учир нь Европын Сэргээн босголтын банкны хувь эзэмшигч орнууд манай улсыг зээлжих эрхтэй жинхэнэ гишүүн болгох шийдвэрийг батламжилсныг тус банкны Зүүн Азийг хариуцсан Бизнесийн бүлгийн захирал, ноён Оливье Декамп Ерөнхий сайдтай уулзахдаа албан ёсоор мэдэгдэв. Таван хоногийн өмнө ОХУ-ын Төрийн Дум дээрх шийдвэрийг батламжилснаар банкны хувь эзэмшигч орнууд бүгдээрээ хүлээн зөвшөөрч гүйцээд байгаа юм. Манай улсыг жинхэнэ гишүүнээр элсүүлэн авсан нь тус банкны үйл ажиллагааны хүрээг дорно зүгт тэлэх эхний алхам болж буй юм.

Ерөнхий сайд таатай мэдээ авчирч тус банк болон Монгол Улсын хамтын ажиллагааны шанг татаж буй ноён О.Декампд талархал илэрхийлж, хувийн хэвшлийг дэмжиж буй тус банкны үйл ажиллагааны бодлогыг сайшаав. Ноён О.Декамп шийдвэр баталгаажсаныг хэлэхээр яаран ирснээ дуулгаад, манай улсад ажиллахаар томилогдоод байгаа суурин төлөөлөгч, ноён Жон Шомел-Доуг танилцууллаа. Банкны суурин төлөөлөгчийн газар Улаанбаатарт ирэх есдүгээр сард албан ёсоор нээгдэх бөгөөд манай улсад ажиллахаар томилогдсон Жон Шомел-Доу одоо Болгар Улсад ажиллаж байгаа аж.

Ардын эрх сонин 137 /415/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button