Микроавтобус хурд хэтрүүлснээс болж хоёр настай хүүхэд газар дээрээ нас барлаа

20 гаруй хүнийг бэртээж орхилоо. Осол өчигдөр 12.30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Улаанбаатар Импекс компанийн урд талын замд гарсан бөгөөд хурд хэтрүүлж явсан УБК 18-12 дугаарын микроавтобус УБК 85-15 маркийн ЗИЛ-130 машинтай мөргөлджээ. Микроавтобус 20 гаруй хүнтэй явсан ба ослын үеэр хоёр настай хүүхэд газар дээрээ нас барж, зорчигчдын олонх нь тархи, нуруу нугасандаа бэртэл аван Гэмтэл согогийн сэргээн засах клиникт хүргэгдсэн байна. Өчигдөр орой дээрх эмнэлгээс авсан мэдээллээр 20-иод хохирогч эмчийн анхан шатны тусламж авснаас хүнд бэртэлтэй таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдний гурав нь тархи, нуруу нугасны тасагт эмчлүүлж байгаа бол хамгийн бага нь болох хоёр сартай бяцхан хүүхэд болон өчигдөр хагалгаанд орсон 15 настай хүү нарт эмч нар санаа зовж байна. Цагдаагийнхан одоогоор хоёр жолоочийн хэн буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд ЗИЛ-130 машины жолооч ямар нэгэн бэртэлгүй, харин микроавтобусны жолооч гэмтлийн эмнэлгийн цээж, хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Ардын эрх сонин 137 /415/

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button