Эмэнд хордсон охины яс өдөр өдрөөр хайлсаар байна

Анхны болзоонд зогсмоор, аяа миний арван найман нас… гээд л хүүхдүүд дуулж, гитарын дуу цангинана. Yүр цайтал дуулаасай гэж өвчиндөө шаналсан Баттазяа охин хүсэх ч цаг орой болоход дуулж байсан хүүхдүүд бүгд тарна. Энэ үеэс л охины бүх бие янгинан тэвчээр заахад ч бэрх болдог байна. Сүүлийн үед охины өвчин нь улам хүндэрснээс өвдөлтийг нь эм намдаахаа больжээ. Гэвч охин гэрийнхнийхээ сэтгэлийг чилээхгүйн тулд цамцныхаа захыг амандаа зуугаад, ёолохгүйг хичээдэг байна. Энэ байдлыг гадарлах болсон эгч нь хэсэг хугацаанд ч болов дүүгээ бүтэн нойртой хонуулахыг хусэвч өмнөөс нь өвдөж болдоггүй хатуу тавиланг яалтай билээ. Батзаяа айлын отгон тул гэрийнхэн нь бүгд амь. Охиноо өвчин ээрч эхэлсэн үеэс л яваагүй газар, үзүүлээгүй эмч байхгүй гэхэд хилсдэхгүй аж. Анх Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэхэд эмч Хоолойны ангина нь хүндрээд үе мөчиндөө орсон байна гэж оношлон эмчилгээг ч хангалттай хийж. Гэвч эмнэлэгт хэвтээд бие нь сайжирсангүй. Дахин хэд, хэдэн эмнэлгийн эмч нарт үзүүлвэл Цусны өвчин, үе мөчний, ясны үрэвсэл, булчирхайн үрэвсэл гэхчлэн олон зүйлийг хэлжээ. Аав, ээж нь үе мөчний өвчтэй хүнд хятад эмнэлэг сайн гэж сонсоод нийслэлд байдаг бүхий л хя­тад эмнэлгийг судалсан аж.

Ингээд Т.Ганди сайдын урилгаар ирсэн гэх Зуун айлд байрлах Мон инфини-тус эмнэлэгт очжээ. Тус эмнэлгийн хятад эмч Ян Жин Гуань, болон туслах эмч, орчуулагч Өлзий гэх мон­гол эмчид Батзаяа үзүүлэхэд хятад эмч Бид эдгээж чадна гээд эмчилгээгээ эхэлсэн байна. Эхний удаа таван удаа дусал хийж, уух шаардлагатай эмийн урт жагсаалтыг үзүүлжээ. Гэхдээ тэдгээр эмийг аптект байхгүй, ховор эм гэж өөрсдөө өгдөг байж. Охиноо эдгэнэ гэж сонссон эцэг, эх баярлаж, эмчийн өгсөн эм бүрийг мөнгө хайрлахгүй авч уулгасан байна. Тэр үед Батзаяагийн бие нэг хэсэгтээ сайжирчээ. Хоолонд дургүй байсан охин овоо хоолших болов. Шархны лентээр хаягийг нь дарж, өдөрт уух тунг нь бичсэн байдаг эмийг хараад гэ­рийнхэн нь эхэндээ гайхаж, бага зэргийн сэжиг төрж байсан хэдий ч Батзаяагийн бие илт сайжирч эхэлсэнд баярлаад эмний нэрийг мэдэхийг төвдсөнгүй. Cap орчмын дараа байдал биш болсон аж. 45 кг жинтэй байсан охин нь хамаг бие нь язартлаа таргалж, сарын тэмдэг нь ирэхээ больж, нүүр, биеэр нь үс ургаж, гэдэс нь томорч эхэлжээ. Энэ талаар эмчид нь хэлэхэд өөрөөсөө булзааруулж, баахан хэл ам хийж байснаа, эмчилгээний төлбөрийг нь буцааж өгсөн аж. Дахин уулзахаар очиход эмнэлэг нь нүүсэн байжээ. Охинд гормоны Преднизолон эмийг үе мөчний эм гэж уулгасан байх нь тэр. Тодорхой хуваарийн дагуу бага тунгаар уух ёстой эмийг өдөрт дөрвөн ширхгээр cap хага­сын дотор 170 ширхгийг уулгажээ.

Нэгдүгээр эмнэлгийн эмчид үзүүлэхэд Гормоны гүн хордлогонд орсон байна, яаралтай хордлого тайлах эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь аюултай гэжээ. Батзаяа Хордлогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, цусаа шүүлгэсэн ч эмийн хор түүний биеэс бүрэн гадагшлаагүй аж. Преднизолон маш хүчтэй антибиотек учраас одоо охинд ямар ч эм үйлчлэхгүй болжээ. Эм уухад тэр дорхноо амаар нь дүүрэн мөөгөнцөр гардаг болсон гэнэ. Эмийн хор үүгээр зогссонгүй. Ясанд нь нөлөөлсөн байна. Ясны зургийг авахуулахад Хүчтэй эм ууснаас болж, асуух нурууны яс хайлж, тахийсан. Сүүжний хажуугийн чөмөг ордог ясны зай алга болсон гэж оношлов. Yүний улмаас нэгдүгээрт хүүхэд гаргах, хоёрдугаарт бүсэлхийнээс доош хүндийн жин төвлөрүүлэх боломжгүй болдог аж. Тиймээс Батзаяаг зогсох, явахыг бүрэн хоригложээ. Босох үедээ суух таяг хэрэглэхийг зөвлөсөн байна. Суух таяг хэрэглэсээр гарны үе нь хэлбэрээ алдаж, хоног хоногоор бие нь сульдсаар… Батзаяа охин 18 нас­тай. Түүний гар суух таяг хэрэглэх нь битгий хэл, үзэг барих ч тэнхэлгүй болсон. Тиймээс байнга хэвтэрт байдаг. Эмнэлэгт хэвтээд ч эмчилгээгүй гэсэн тул аав, ээж нь түүнийг аваад зусланд гарсан байна.

Батзаяаг гадаа гаргах гэхээр үеийнхнээсээ ичээд гардаггүй гэсэн. Бат­заяагийн эгч Ариунзул Миний дүү хурдан эдгэж, их сургуульд орох юмсан гэж ярьдаг байснаа сүүлийн үед бие нь улам муудаж, гэрийнх­нээ зовоож байхаар хурдан үхэх юмсан гэдэг болсон гээд нулимсаа арчсан юм. Эмч Батзаяаг нэг жилийн дотор эмчилгээ хийлгэхгүй бол дахин хэзээ ч хөл дээрээ босохгүй гэжээ. Гадаадын өндөр хөгжилтэй улсад л гэхээс манайд эмчлэх боломжгүй гэнэ. Түүний эмчилгээ­ний зардалд 30-40 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Насаараа улсын байгууллагад ажилласан түүний аав, ээжид ийм их мөнгө хаанаас байх билээ. Тиймээс аав, ээж, ах, эгч нь манай сониноор дамжуулж, ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүссэн юм. Б.Батзаяа охинд туслах хандивын дансыг Зоос банк үнэгүй нээж өгчээ. Зоос банк төгрөгийн 2413197095, долла­рын 2413197108 дансны дугаараар, мөн 99253668 утсаар холбоо барьж тусламж үзүүлж болох нь.

Ардын эрх сонин 137 /415/

Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button