Сайн Удирдагч байх амаргүй

Тэгвэл юуны өмнө ажлын байрны орчныг бэл бэнчингийнхээ хэрээр ая тухтай тохижуулах хэрэгтэй. Yүнд хөшиг, ханын цаасны өнгө, дуу чимээ хүртэл хамаатай гэнэ. Жишээлбэл, цэнхэр, цайвар шаргал, ягаан өнгө нь сэргэлэн цовоо, ногоон өнгө нь тайван намуун байдлыг орчин тойрондоо бэлгэддэг. Харин улаан өнгө хүний сэтгэлийг хий хөөргөж, хар өнгө дарамт төрүүлдэг байна. Аядуу, нэгэн хэмнэлийн аялгуу эрч хүч хайрладаг байхад үсчиж, цовхочсон хэтэрхий чанга дуу чимээ тархи ядрааж, сульдаана. Ялангуяа анхаарал төвлөрүүлэх, эсвэл мэдээлэл боловсруулах ажил эрхэлдэг сэтгүүлч, нягтлан бодогч, инженер зэрэг мэргэжлийнхэнд чанга дуу чимээ алдаа гаргахын эх үндэс болдог.
Хүмүүсийн сэтгэл зүйг олон талаас нь нарийн судлахгүйгээр тэдний авьяас чадвар, нөөц чадамжийг бүрэн нээж, хамтран ажиллах аргагүй. Ажилтан, ажилчдынхаа зан чанар, ахуй амьдрал, авьяас билгийг бүрэн таньсан байх нь удирдагч хүний эрхэм зорилго юм. Тэгж гэмээ нь хэнтэй нь яаж харилцахаа мэдэж авна. Нэгэнд нь учирлаж, нөгөөд нь тулгаж, эсвэл зандарч байж ажлын бүтээмжийг дээшлүүлэх тохиолдол ч гардаг.

Ямар нэг шинэ санаачилга нэвтрүүллээ гэхэд тэр шийдвэрийг сонсоод ажилтнуудын зарим нь баярлаж, байгууллагаараа бахархаж байхад, нэг хэсэг нь бухимдан, айж эмээж болно. Энэ нь хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл. Хүн бүрийн сэтгэл хөдлөл харилцан адилгүй. Нэг хүнд баяр бахдал төрүүлсэн зүйл нөгөөд жигшил зэвүүцлийг төрүүлж болно. Тодруулж хэлбэл, энэ бүгдийг хэрхэн хүлээж авах нь тухайн хүний хүртэхүй, хэрэгцээ, сонирхол, хүсэл тэмүүлэл, зан байдлын онцлогтой холбоотой. Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний нүүрний хувирал, дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн, дохио зангаагаар илэрнэ. Зарим хүн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байхад нөгөө нь үүнийгээ ил гаргах дургүй байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнгүй хүн дотроо элдвийг санаж, хортой ажил хийхээс буцахгүй.

Аливаа хамт олон дотор бусдадаа нөлөөтэй хэрнээ хов жив хөөцөлддөг, удирдлагынхаа тухай эвгүй ойлголт төрүүлж явдаг нэгэн байх. Энэ хүн хэдийгээр хамт олныг эв түнжингүй болгодог ч зөв залбал бас ч хэрэгтэй. Түүнийг багахан албан тушаалд томилон, өөрийн итгэлт хүн мэтээр ойлгуул. Түүгээр дамжуулан ажилчдадаа нөлөөлж болох юм. Мөн хэнд ч гэм хоргүй хэрнээ ажлын бүтээмж муутай хүн байдаг. Энэ хүнийг идэвхжүүлэхийн тулд цалинг нь нэмж, тангүйгээр манай байгууллага яаж ажиллах билээ гээд хэлчихэд л хангалттай. Харин өөрийгөө аль ч талаараа бусдаас илүү гэж боддог хэрнээ хийсэн бүтээсэн зүйлгүй хүнийг яаж ч засч залаад нэмэргүй. Магтвал улам даварч, загнавал бухимдан олны толгойг эргүүлэх муу талтай. Тиймээс эвтэйхэн ойлгуулаад өөр тийш нь явуулсан нь дээр шүү.

Хэрвээ хэдэн зуугаар тоологдох ажилтантай бол аравтын хэлбэрээр хувааж, хариуцах дарга сонго. Тэднийгээ бусад ажилчдынхаа зан чанар, ааш араншинг танихыг даалгаад эргэж харилцах холбоо үүсгээрэй.

/Зууны мэдээ 2006-07-20/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button