Японы хаан ширээ үе залгамжлагчгүй үлдэх нь бараг тодорхой болов

Энэ оны эхээр эзэн хааны хоёр дахь ханхүүгийн гэргий Кико гүнж хөл хүнд болж найдвар төрүүлсэн ч ирэх наймдугаар сарын сүүлээр охин мэндлэх нь бараг тодорхой болжээ. Кико гүнж 14 настай Мако, 11 настай Како гэдэг хоёр охины ээж юм. Одоо гурав дахь охин төрвөл хаан ширээ залгамжлуулах уламжлалд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй гарна. Учир нь Японд одоо мөрдөж байгаа хуулиар хаан ширээг зөвхөн ханхүү залгах зрхтэй. Эзэн хааны гэр бүлд үе залгамжлах хүү төрүүлэх боломж олгодог байсан татвар эм авах уламжлалыг мөрдөхөө больсноос асуудал үүсээд байна гэж бий болоод байгаа засаглалын хямралын шалтгааныг ажиглагчид таилбарлаж байна. Кико гүнж гурав дахь охиноо төрүүлбэл япончууд үнд­сэн хуульдаа өөрчлөлт оруулж хатан хаантай болох эрх зүйн орчин бүрдэх юм.
Хэрэв ингэвэл хунтайж Нарухитогийн дөрвөн настай охин Аиког хатан хаанаар өргөмжилнө. Тэрээр ХҮIII зуунд заларч байсан хатан хаан Го Сакураматигаас хойших анхны хатан хаан болох аж. Гэвч энэ байдал сөрөг хүчин болох Консерваторчуудын эсэргүүцэлтэй тулгарч байна. Тэд Япончууд хоёр мянга илүү жил хааны удмын эрэгтэй талыг барьж хаан ширээгээ залгамжлуулж байсан. Тиймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа билээ. Харин социологичдын судалгаагаар Японы иргэдийн 88 хувь нь хатан хаантай болохыг дэмжжээ.

Ардын эрх сонин 137 /415/

Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button