Yahoo гэж юу вэ

Жерри хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Стэнфордын их сургуульд дөрөвхөн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. Харин Дэвид Фило АНУ-ын Висконсин мужид 1966 онд төржээ. Бага насаа аав, ээжийн хамт Люзиана мужийн коммунд өнгөрөөсөн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерын мэргэжил эзэмшив. Дараа нь Стэнфордын их сургуульд орж магистрын зэрэг хамгаалж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байв. Чухам энэ хоёр залуугийн нөхөрлөлөөс л Yahoo-гийн түүх эхэлсэн хэрэг. Аз болоход түүний шавь нарын нэг нь Жерри Янг байсан юм. Жерри, Дэвид хоёр 1992 онд хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэхдээ улам дотно нөхөрлөх болжээ.
Уг нь 1993 онд Жерри Дэвид хоёр маань, Стэнфордод өөрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр computer-aided design сэдвээр ажиллаж байх ёстой байв. Харин оронд нь, тэд өөрсдийн хамаг цаг заваа тухайн үед шинэхэн нээгдээд байсан World Wide Web-ийн ертөнцөөр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны төсөл нь Вэбээс (интернэтээс) NBA-ын тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог программ байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн түүний спортын их дур сонирхлыг илэрхийлсэн сумо барилдааны тухай байв.
Ингээд удалгүй Жерри Дэвид хоёр маань, Вэв ертөнц дэх асар өргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол түлхүүр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудсын хаягийг ангилан цуглуулж, World Wide Web дэх Жерригийн лавлах гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагүй тул, YAHOO гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь бүдүүлэгдүү этгээд бөгөөд, хэлэхэд амьд аялгуу нь таалагдсан бөгөөд, дараа нь энэндээ тааруулсан дараахь албаны Yet Another Hierarchical Official Oracleдэлгэрэнгүй нэрийг бодож олжээ.
1994 он гэхэд хэдэн мянган хүн Yahoo!-ыг ашиглан вэб ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ олж байв. Энэ үед хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри Дэвид хоёр ч гэсэн өөрсдийн шинэ хобби-доо цаг заваа бүрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэглэгч дурын үг хэрэглэн хайлт хийх, өөрийн хүссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн үед хамгийн их хүн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай вэб сервер програм хангамж-ийг нь хүртэл өөрсдөө зохион хэрэглэж байв. Энэ үед тэд Стэнфордын их сургуулийнхаа интернэт холбоосыг хэрэглэж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд удалгүй сургуулийнх нь сүлжээ дэлхийн өнцөг булан бүрээс өдөр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхэлснээс сургуулийнх нь удирдлага Жерри, Дэвид хоёрт хандан үйл ажиллагаагаа явуулах өөр газар олохыг хүсчээ. Yahoo!-ын үйл ажиллагаанд өөрийнхөө компьютер, интернэт холболтыг үнэгүй хэрэглүүлэх хүсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE зэрэг олон том компанийн төлөөлөгчид хоёр залуутай ирж уулзсан бөгөөд, 1995 онд тэд Netscape-ын саналыг хүлээн авч үйл ажиллагаагаа тэднийх рүү нүүлгэжээ.
Эцэст нь 1995 оны гуравдугаар сард Жерри, Дэвид хоёр маань, өөрсдийнх нь вэб хайх хобби нь бизнесын нэлээдгүй ашиг олох үйл ажиллагаа болж болох юм гэдгийг бүрэн ухаарсан байна. Тэд хөрөнгө оруулалтын SEQUOIA пүүсээс дөрвөн сая доллар зээлж өөрсдийн гэсэн компанийг байгуулав. Өөрсдөд нь бизнесийн үйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, Стэнфордын их сургуулийн бас нэг төгсөгч болох Тим Күгл (Tom Koogle – тухайн үед 400 сая долларын high-tech компани ажиллуулж байсан)-ийг өөрсдийн дарга болгож хөлсөлсөн байна.
Ингээд 1995-1999 оны хугацаанд Yahoo!-ын жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 353 хувиар нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээрээ байрлуулсан баннер ад-төлбөртэй сурталчилгаанаас олж байлаа. Энэ их ашгийг олохын тулд вэб хуудсандаа айлчлах хэрэглэгчдийн тоог тогтмол нэмэгдүүлж иржээ. 1995 онд Yahoo! вэб хуудсанд өдөрт 250 мянган хэрэглэгч хоёр сая удаа ханддаг байсан бол, 2000 онд өдөрт дунджаар 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн аварга том үзүүлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь өнөөдөр интернэтэд хамгийн алдартай таних тэмдэг болж, Yahoo! вэб хуудас нь интернэт дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри Дэвид хоёр ч, өнөөдөр дэлхийн хамгийн баян залуучуудын жагсаалтад нэлээн дээгүүр ордог болсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button