Монгол Дэлхийн банк улс болох боломжтой

Төрийн тэргүүнээс Гавьяат багш гэсэн хүндтэй цолыг хүртээд удаагүй байгаа шинэхэн гавьяатын яриаг уншигчдадаа хүргэе.

МОНГОЛД ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО АЛГА

Юуны өмнө Монгол түмэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын халуун дотно мэндчилгээг дэвшүүлье. Их ойг тэмдэглэх ажилд манай сургуулийнхан идэвхитэй оролцож 2002 онд Чингис хааны төрийн тахилгыг Хэрлэнгийн Хөдөө аралд төр засагтайгаа хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Буурал түүхийн жимээр аяллынхаа гарааг Их засаг их сургуулиас эхэлсэнд бид ихэд бэлэгшээж байна. Горхи Тэрэлжийн бүс нутагт Чингис хааны онгон шүтээний төвийг байгуулж, их ойд зориулсан тахилгыг амжилттай зохион байгууллаа. Манай сургуулийн амжилтын эх сурвалж Чингис хааны нэр алдрыг мөнхжүүлж, үндэсний түүх, соёлоо сэргээх үйлс гэж би боддог юм. Дэлхийн алдартай сургуулиудын амжилтын нууц гуравхан шалтгаантай.
Өөрийн гэсэн үзэл номлолтой, багш нар нь ёс суртахуунтай, оюутнууд нь хүмүүжил төлөвшилтэй байж чадвал тэр сургууль амжилтад хүрдэг. Манай сургуулийн үзэл номлол бол үндэс язгуураа дээдлэх явдал билээ. Багш, ажилтны ёс суртахууны дүрэмтэй. Хэн нэг багш ном товхимол бичээд шахах маягаар оюутны хөдөлмөрийг дүгнэнэ гэж байхгүй. Хөдөлмөрийн хуулинд ажилтнуудын гурван сарын цалинг 20 хувь хүртэл хасах заалт байгаа шүү дээ. Хуулийн хүрээнд багш нартаа сахилгын хариуцлага хүлээлгэдэг. Зөрчил гаргасан л бол хэлээд өнгөрнө гэж юу байхав.
Дутагдал гаргасан юм чинь зохих шийтгэлээ хүлээх л ёстой. Зөрчил гаргаагүй хүнтэй яриад байх ямар ч асуудал байхгүй. Багш нар ёс зүйн дүрэмтэй болсноор хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчим хэрэгжиж байгаа юм. Хүн гүтгэх, худлаа үнэн хов жив ярих асуудал ч байхгүй болсон. Ийм Ёс зүйн дүрмийг бий болгосон нь манай хамт олны амжилтын нэг үндэс бөлгөө. Олон хүн цугласан газар бие биеийнхээ тав тухыг алдагдуулахаас эхлээд асуудал мундахгүй. Оюутан, сурагчдын дотоод дүрэм хатуу мөрдөгддөг болохоор энэ талаар нэг их асуудал дэгддэггүй. Товчхон хэлэхэд манай сургууль хариуцлагын тогтолцоотой боловсролын байгууллага. Харин Монголд маань хариуцлагын тогтолцоо дутагдаад байна. Хариуцлагын тогтолцоо байхгүйгээсээ болж бид их алдаж байна.
Сайн үйлс бүтээсэн хүн амжилт шагнал урамшлаа авдаг, хариуцлагагүй байсан хүн хариуцлагаа хүлээдэг л байх ёстой. 1990-ээд оноос хойш төрийн ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй бол манай сургууль зөрчил гаргасан зуугаад хүндээ зохих хариуцлагыг хүлээлгэсэн. Хариуцлага хүлээснээрээ манай хүмүүсийн амьдрал ахуй хохироогүй. Дутагдлаа засаад хамт олонтойгоо сайхан л явж байна. Хамгийн гол нь дутагдлаа дахиж давтахгүй явж байгаа нь бахархалтай байдаг. Хамт олны эрх ашигт нөлөөлж байгаа зөрчил доголдлыг бага зүйл гэж үзэж болохгүй. Ямар ч зөрчил дутагдлыг тухай бүрд нь засаад явах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоо сайн байгаа болохоор манай сургуулийн ажил үйлс сайн байдаг.
Манай сургууль 5000 гаруй оюутантай. Нэг хүүхдийн цаана гэр бүл, ойр дотных нь хориод хүн бий гэж бодохоор Их засаг их сургуулийн талаарх мэдээлэл ямар ч реклам сурталчилгаагүйгээр 120 мянган хүнд хүрч байна гэсэн үг. Иймээс өөрсдийгөө хоосон магтах арга байхгүй. Сургууль гэдэг байгууллага энэ онцлогоороо их нээлттэй газар. Yйл ажиллагаа нь муу л бол муу, сайн л бол сайн байдаг. Энэ утгаараа хариуцлагын тогтолцоо чанга байхаас аргагүй. Хоёрдугаарт энэ ёс зүйн дүрэм маань үндсэндээ Чингис хааны Их засаг хууль манайд үйлчилж байна гэж үзэж болно. Бид Их засаг хуулиа орчин үеийн нөхцөлд боловсруулан Ёс зүйн дүрэм болгож амжилттай хэрэгжүүлж байна. Их засаг хуулийнхаа үзэл санаагаар амьдрахгүй юм бол энэ эрхэм нэрийг зүүгээд яах юм бэ. Монголчууд Их Монгол улсынхаа ойг тэмдэглэж байна. Хамгийн гол нь Их Монгол улсынхаа төрт ёсны үзэл санаагаар улс гэрээ өөд татах учиртай .
Чингис хаанд ямар арга ухаан байсан юм, нийгмээ яаж боловсронгуй болгож, улсаа яаж өөд нь татав? гэдгийг судлах хэрэгтэй.
Өнгөрсөн түүхээ эргэн харж, судалж чадвал Монголыг өөд нь татах бэлэн жор бидэнд байна. Монголчуудын хувьд хувиа бодох үзэл нь давамгайлчихаж. Улс орноо өөд татах сэтгэл нь дутаад байна. Дахиад хэлье, бидэнд сэтгэл л дутаж байна.
Манай сургууль монгол хүн, монгол албан байгууллага ямар байдгийг илтгэн харуулах үлгэр загвар болсон хамт олон болно гэсэн зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэхэд энэ зорилтоо хэлсэн. Их л дэмжиж сайшааж байсан.

ТӨР АЖ АХУЙН АЖЛЫГ ХИЙНЭ ГЭДЭГ УГААСАА БУРУУ

Гадаад улс орнуудад ямар ч шинэчлэлийг заавал нэг газар туршиж байж хийдэг. Манайх шиг туршилгүйгээр хийдэггүй. Жишээлбэл ерөнхий шалгалтыг гэхэд нэг хот, нэг аймагт туршиж байгаад үр дүнтэй болсон тохиолдолд хэрэгжүүлдэг. Гэтэл манайх гаднаас хуулаад шууд хэрэгжүүлдэг алдаатай бодлого явуулж байна.
Монголчууд өөрсдийгөө жижиг, бага буурай үндэстэн гэж ярьдаг. Бага буурай үндэстэн гэж ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь бид ёс суртахуун, хүмүүжил, төлөвшил, өндөр соёлтой байж чадвал Монгол зах зээлийн харилцааны энэ үед хамгийн том улс ч болж болно. Өнөөдөр Монголыг дэмждэг өчнөөн хүн байна. Чингисийн цустай гэж ярьж буй 16 сая хүн бий. Миний мэдэхээр 200-300 сая хүн Монголыг дэмждэг. Америк, Япон, Хятадад байна. Буруу үзэлтэй хүмүүс ч бас байдаг. Тэднээс болгоомжлох хэрэгтэй. Хатуухан хэлэхэд, Монгол гэж цээжээ дэлддэг хэрнээ буруу санаатай муу хүмүүсээс Монголд элэгтэй, зөв бодолтой харийн улс ч дээр байж болно шүү дээ. Монголын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмээр Монгол хөгжих учиртай. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэсэн мэргэн үг бий. Манай сургууль гадаад дотоодтой их өргөн харилцаатай. Гадны хүмүүстэй уулзаж учирч явахад Монголын төлөө гэсэн сэтгэлтэй том судлаач, эрдэмтэд өчнөөнөөрөө байна. Монголд элэгтэй том эрдэмтэн, судлаачдыг дэмжих учиртай. Уулзаж учрах хэрэгтэй. Ганцхан Найрамдал медаль өгөөд байх биш, одон гаргахад ч буруудах юм байхгүй. Богд хаан Эрдэнийн очир гэдэг одон гаргаж гадаадын хүмүүсийг шагнадаг байсан. Ийм маягийн шагнал урамшлын тогтолцоо бий болгоход буруудахгүй. Манай сургууль Чингис хааны алдрын одон бий болгосон. Өвөр Монголын алдарт морин хуурч, Бүх Хятадын Ардын жүжигчин Чибулаг гуайг энэ одонгоор шагнасан юм. Чибулаг гуай Японд болсон том концертод Чингис хааны алдрын одонг зүүчихээд тоглож байгааг зурагтаар хараад сэтгэл хөдөлж л суулаа. Энэ эрхэм хүн манай сургуулийн өгсөн одонг л зүүсэн байсан.
Би Монгол түмний эрүүл саруул ухаанд итгэдэг. Монголыг өөд нь татах чадалтай боловсон хүчин байна. Буянт-Ухаа хүртэлх замыг яагаад засч чаддаггүй юм. Монголчууд муудаа биш. Зөв зохион байгуулаад өгвөл компаниуд өрсөлдөнө. Бүр гуйгаад засна. Зассаных нь төлөө төр татвар авна. Буянт-Ухаа хүртэл тавих замыг хувийн компаниар хийлгэх хэрэгтэй. Төрийн өмч гэдэг чинь эзэнгүйдлийн хариуцлаггүйн үүд хаалга болчихоод байна шүү дээ. Монголын газар шороо, ард иргэд төрдөө харьяалагдахаас биш, аж ахуйн ажлыг төр хийнэ гэдэг угаасаа буруу. Өөрийнхөө хөрөнгөөр зам тавьж байгаа учраас хажуугаас нь идэхгүй, эд материалыг нь завшихгүй. Хамгийн чанартай сайн зам тавина. Хувийн компани чанаргүй зам тавьж өөрсдөө хохирохоо бодохгүй. Ийм аргаар дэлхийн стандартад нийцсэн замтай болох боломж байна. Харин тэр замаар явах машинаас зам тавьсан компани нь татвар авна. Машины татварыг нэмж л байдаг шүү дээ. Нисэх онгоцны буудал хүрэх замдаа нэг удаа мөнгө төлж яагаад болохгүй билээ. Жолооч нар машин унах л гэж байгаа юм бол зам ашигласны мөнгөө төлөх л хэрэгтэй. Тэрэлж рүү явдаг гүүр энэ тэрийг бүгдийг нь хурдны замтай болгоод өгөх хэрэгтэй. Улаанбаатар хотын эргэн тойронд кольцо байгуулах хэрэгтэй. Кольцоноос салсан замуудыг дандаа хувийн байгууллагаар хийлгэхэд болохгүй юмгүй. Монголын бизнесменүүдээс гадна гадаадын улсаар хийлгэх боломжтой шүү дээ. Монголын хөрөнгийг гадагш нь зөөдөг хөрөнгө оруулалтаар хэт хөөцөлдөөд яах юм вэ. Зам тавих ч юм уу, Монголд үлдэхээр ашигтай юмыг гадаадынхнаар хийлгэмээр санагддаг.
Ер нь төрийн мэдэлд тун бага зүйлийг үлдээх нь зүйтэй. Аймаг, сумын төвийн бүх барилга, байшинг хувийн компаниудад өгье.
Улсын тодорхой хувь байна биз. Менежментийнх нь асуудлыг хувь хүн хариуцдаг тогтолцоогоор бүгдийг нь хувь хүнд өгвөл аймгийн төвд байгаа ноорхой байшингууд огт өөр болно. Улс тэр байшинг жил бүр засна гэж өчнөөн сая төгрөг төсөвлөхгүй. Харин ч хувьчлуулснаараа татвар авна. Тэрнийхээ хэмжээгээр төрийн албан хаагчийн цалин хөлс нэмэгдэнэ. 500 доллараас доошгүй цалин хөлстэй болгох боломж бий.

ЧИНГИС ХААНЫ БОДОЛ, ИХ ЗАСАГ ХУУЛИЙН YЗЭЛ САНААГААР УЛСАА ЗАСАХ БОЛОМЖ БАЙНА

Төрийн албаны банктай болмоор санагддаг. Төрд алба хашиж байгаа хүмүүсдээ энэ банкаараа дамжуулж хүүгүй зээл өгөх хэрэгтэй. Хориод настай залуу орон сууцтай болохыг мөрөөдсөөр байгаад үхэж болохгүй.
Сургуулиа төгсөөд л дуртай байшиндаа амьдарч, хүссэн машинаа унах боломжоор нь төр хангах ёстой. Төрийн албанд тэнцэж ажиллахаар болсон хүнд ийм дэмжлэг хэрэгтэй шүү. Ингэж чадвал хээл хахууль, авилга гэсэн асуудал гарахгүй. Ядах юм байхгүй.Энэ санааг ажил болгох нөөц, мөнгө Монголд байна. Мөнгөө мөнгө болгох хэрэгтэй. Түүнээс биш хэчнээн цагдаагийн хэсэг, Авилгатай тэмцэх газар байгуулаад нэмэргүй. Зөв бодлого л чухал. Тэр банкны алдагдлыг төр нөхөж өгөөд явбал хэзээ ч дампуурахгүй.
Бүх юмыг хувьд шилжүүлчихээр төсөв хэлэлцэнэ гэсэн сүртэй зүйл бараг байхгүй болно. Цалин хөлсөө л ярина биз. Зам барих улсад хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ярихаас биш ямар нэг хөшөө, цогцолборт хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулах асуудлыг ярихгүй. Улсын мөнгө хөрөнгө арвижаад ирвэл төрийн албан хаагчдын цалин хөлс улам л өндөр болчихно. Төрийн мэдлийн эд хөрөнгийг хувьд шилжүүлчихээр ажлын шинэ шинэ байрууд аяндаа бий болно. Солонгос явахаа болино.
Монгол Улсыг Их засаг хуулийн үзэл санаагаар засах бүрэн бололцоо бий. Чингис хааны үед, ер нь дээр үед орон нутаг өөрөө бүхнээ хариуцдаг шийддэг байсан. Дээрээс нь бүх юмыг нь зохицуулдаггүй байлаа.
Улсын хувьд татварын нэгдсэн бодлого гэж ч байгаагүй. Одоо л татварын нэгдсэн бодлого гэж яриад байгаа. Аймгийн хошуу ноён болох хүн улсад ард иргэдийнхээ өмнөөс өөрөө татвар төлдөг байж. Улс ард иргэдээс татвар хурааж нүүрээ барах шаардлагагүй. Ноён болсон хүнээс л татвар авдаг байсан. Жишээ нь Хэнтий аймгийн Засаг даргаар Жаргалсайхан томилогдлоо гэхэд төрөөс Хэнтий аймгийн төлөх нэг тэрбум төгрө­гийг чи төл, ард иргэдээсээ хэр татвар авч, орон нутагтаа эдийн засгийн ямар бодлого явуулахаа чи мэд гэх чигийг өгнө гэсэн үг. Аймаг орон нутгаа түрээсээр өгчихдөг байхгүй юу.Төр бодлогоо л ярих ёстой. Багийн төвийн жижиг асуудлыг ярих шаардлага огтхон ч байхгүй.
Хэрвээ ийм тогтолцоонд шилжвэл хүн УИХ-ын гишүүн болно гэж тэмүүлэхээс илүү орон нутгийн даргын суудлын төлөө өрсөлдөнө. Хөвсгөл аймагт ажил ямар байгааг Засаг дарга нь өөрийнхөөрөө толгойгоор хариуцна. Засаг дарга нь муу ажиллаад байвал ард иргэд нь тэр хүнийг буцаагаад татчихна. Тэгэхээр Засаг дарга ард түмэндээ тал алдахгүй, улсдаа өгөхөө өгөөд амьдраад байна. Тэндээ өөрөө татварын бодлого явуулна. Ингэж чадвал Монгол Улс төвөггүй хөгжиж чадна. Монголыг өөд татах чадал, авьяастай улс хаа сайгүй байна. Улс зөвхөн түрээсийн журмаар хувь хүмүүсээ ажиллуулж, авдаг мөнгөө аваад явах хэрэгтэй.
Ард түмэн нь ашигт малтмал энэ тэр гээд Төрийн ордон руу дайрах ямар ч шалтгаан алга болно. Ашигт малтмалаа өгөх асуудал чинь аймаг орон нутгийн өөрийнх нь шийдэх хэрэг. Аймаг орон нутгийн ард иргэд өөрийнхөө юмыг ашигтай зарцуулахаа бодно шүү дээ. Ашигт малтмалын газар, Кадастрын алба суманд байгаа баялгийг дээрээс нь мэддэг бүдүүлэг тогтолцоо байж болохгүй. Төр засаг орон нутагт эрх мэдлээ шилжүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал орон нутгийн эрх мэдэлтнүүд цалин авдаг, дээр нь байгаа юмыг нь завшдаг үзэгдэл байхгүй болно. Орон нутагтаа ямар бодлого явуулах нь тухайн аймгийн Засаг даргын л асуудал. Буруу бодлого явуулбал хөөгдөнө. Гэхдээ тэр хүн алдаатай бодлого явуулахыг хүсэхгүй. Суудалдаа олон жил байхыг бодно. Сэцэн хан, Сайн ноён хан шиг аймаг орон нутагтаа эзэн байхыг бодно. Ямар ч тэнэг хүн гурван жил болоод хөөгдөхийг хүсэхгүй. Өөрийнх нь толгой дээр хариуцлага ирчихээр юмаа сайн хийж таарна. Хувийнхаа юман дээр муу ажилладаг хүн гэж байхгүй шүү дээ. Хувийн сэтгэлгээ, нийгмийн сэтгэлгээ хоёрыг зөв хослуулбал улс орон маань мөн ч амархан өөдөө гарна даа. Чингис хааны бодол, Их засаг хуулийн үзэл санаа, гадаадын өндөр хөгжилтэй орны туршлагаар явбал Монгол Улс амархан хөгжинө.

МӨНГИЙГ ЖАМЦ БАЯН ШИГ СЭГСЭРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Монгол хөгжихөд хамгийн боломжтой улс. Олон хүнтэй улс бол хурдан хөгжихөд хэцүү л дээ. Хоёрхон сая иргэнтэй улс маш амархан өөдөө гарна. Нэрт соён гийгүүлэгч Ж.Цэвээн гуай Монгол Швейцарь лугаа адил улс болох ёстой гэж хэлсэн байдаг. Энэ хүн алдарт Б.Ренчин, Л.Гумилевийн багш шүү дээ. Швейцарь Ж.Цэвээн гуайн амьдарч байсан 1910 оноос өнөөдрийг хүртэл тогтвортой хөгжиж байна. Дэлхийн хамгийн хөгжилтэй, найдвартай, зөв хуультай улс болсон. Дэлхийн II дайны үед хэчнээн сая хүн үхэж байхад тэр жижигхэн Швейцарь дээр ганц ч бөмбөг хаяагүй. Швейцарь дэлхийн банк улс. Тэнд өчнөөн банк байгаа. Өөрийнхөө мөнгөн дээр бөмбөг хаядаг тэнэг хүн хаана ч байдаггүй юм байна. Монгол дэлхийн банк улс болох боломжтой. Орос, Хятадын мөнгийг хадгалах хэрэгтэй.
Тайваньд дэлхийн валютын нөөц их байна. Монголд Тайваниас илүү мөнгө хадгалах боломж бий. Тайвань далайн эргийн улс. Монгол бол галт уулын дэлбэрэлт, үер усны аюулгүй төв Азийн өндөрлөгт оршдог. Байгаль цаг агаарын хамгийн таатай нөхцөлд амьдардаг улс байхгүй юу, бид чинь. Монгол дэлхийн банк улс болбол монголчууд жаргалтай сайхан амьдарна. Монгол ер нь л банк улс. Газар доороо өчнөөн баялагтай. Газар доорх баялгийн 20 орчим хувь нь л нээгдсэн. Нефтийн нөөц байна. Газрын баялгаараа барьцаалаад 30 жилийн хугацаатай зээл авч болно. 30 жилийн дараа газрын баялгийн үнэ 30, 40 дахин нэмэгдэнэ. Тэр үнэ ханшийн зөрүүгээр авсан зээлээ төлчихнө. Монголоос нэг ч төгрөг гаргалгүй бас газар ухахгүйгээр сайхан амьдрах боломж байна. Бид газар ухаж амьдрах улс биш. Байгалийн тэнцвэрт байдлаа хадгалаад хөгжөөд явах боломжтой. Газар доор маань банк байна шүү дээ. Чингис хаан бидэнд банк улсыг үлдээсэн. Бидэнд алтан дээр сандайлсан гуйлгачин маягаар амьдрах шаардлага огтхон ч байхгүй. Улс орноо өөд татах бололцоо бий. Монгол гэж цээжээ дэлдэлгүй бусад улстай хамтарч хөгжье. Хүн төрөлхтний хөгжлийн төлөө явах хэрэгтэй. Монгол орон ганцаараа амьдрахгүй шүү дээ. Европын холбоотой бид хамтарч ажиллана. Японтой хамтарна. Нэгэнт л зах зээлийн харилцааны үед амьдарч байгаа учраас наймаагаа хийнэ. Монголын сайн сайхан байдал Япон, Америк, Орос, Хятадын эрх ашигт хохирол учруулахгүй, хүн төрөлхтний сайн сайханд үйлчлэх тийм бодлогыг боловсруулвал Монгол Улс төвөггүй хөгжинө.
Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсолгүй, хэдхэн албан тушаалтан асуудлыг шийддэг нь асар буруу. Ямар ч том хаан байсан бодол санаагаа ард түмнээрээ хүлээн зөвшөөрүүлдэг. Чингис хаан хэнээс ч юу ч асуухгүй байж чадах л хүн. Гэтэл өнчин хүүгээс хүртэл үг сонсдог байсан. Их хурал­дай хуралдуулж, хууль тогтоомжоо баталдаг байсан. Парламентыг Чингис хаан өөрөө байгуулсан. Олон ургалч үзлийг уралдуулах хэрэгтэй. Тэндээс гарсан санаануудаас зөвийг нь авахад болохгүй юмгүй.
Манайд ухаантай улс зөндөө байна. Тэд санаа оноогоо сонин хэвлэлд бичиж, радио телевизээр ярьж байна. Гадаад дотоодын ном товхимол орчуулагдан гарч байна. Уншаад өөрийнхөө амьдралд хэрэглээ болгох хэрэгтэй. Сургалтыг мэдлэгээс чадварт шилжүүлье гэж бид өнөөдөр ярьж байна. Манай малчид мэддэг зүйлээ шууд хэрэгжүүлдэг. Малчдын мэдлэг бол шууд хэрэглээ болдог. Мэдлэг нь амьдрал дээр хэрэгждэг. Хими гэдэг нэр томьёо мэдэхгүй мөртлөө химийн аргаар арьс ширээ боловсруулдаг. Геометрийн ухааныг судлаагүй байж геометрийн аргаар байшин барилгаа барьдаг.
Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололтыг амьдрал практик дээр бодитой хэрэгжүүлж буй улс малчдаас өөр байхгүй. Малчид онолын мэдлэгийг практиктай хослуулаад явж байгаа улс. Хоосон онолдох биш, мэдсэнээ амьдралд хэрэгжүүлдэг байх ёстой. Өвөр Монголын нэг эрдэмтэн Бодож сэтгэхгүй ажил гэж байхаас бүтээж хийж чадахгүй ажил гэж байдаггүй гэсэн нь бий.
Мөнгийг хэзээ ч нэгдүгээрт тавьж болохгүй. Би энэ сургуулийг байгуулаад явж байхдаа мөнгө бодож байсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Хүнд яаж тус болох вэ, яаж чанартай үйлчлэх вэ гэж бодож, хүний төлөө сэтгэлтэй явсан. Хүний төлөө сэтгэлтэй явахад хүн мөнгөө авчраад өгчихдөг. Мөнгө тоолох шаардлага байхгүй, тоолоод яах юм. Тэр мөнгийг өгсөн хүнд нь эргээд зарах хэрэгтэй. Хүнээс авсан мөнгөө өөртөө зарчихаад байвал хүн дахиад мөнгө өгөхөө байчихна шүү дээ. Өөрт нь зарвал тэр хүн дахиад мөнгөө өгнө. Бизнес ийм зарчмаар хөгждөг. Төрд гарахаараа хувийн юмаа хөөцөлдөж, бизнес хийхээрээ хувиа бодоод хаалгаа барьдагийг бизнес гэдэггүй юм. Хүнээс авахаа авч, өгөхөө өгч сурах хэрэгтэй. Жамц баян шиг мөнгийг сэгсэрч байх хэрэгтэй л дээ. Авдрынхаа ёроолд хадгалаад яах юм. Хүнээс авсан юм чинь эргүүлж өгөх л хэрэгтэй. Банкныхан хүний мөнгө гэж ойлгохгүй байна. Энэ сургуулийн мөнгө хүнийх. Yр хүүхдийг минь сургаад өг гээд өгсөн мөнгийг эргүүлээд өөрт нь зарах хэрэгтэй. Тэр мөнгөөр нь баярхаад явж болохгүй.
Сэтгэл, үзэл бодлоороо л баян байх хэрэгтэй. Сэтгэлгээний ядууралд орж болохгүй. Монгол ажилгүй л гээд байна. Тийм биш. Yнэндээ ажил хийдэг хүн гэж байхгүй болж дээ. Хөнгөн хялбар аргаар амьдрахыг хүсдэг хүн олон байна. Биеэ үнэлнэ, хулгай хийнэ, хуурч мэхэлнэ, албан тушаалын үнэ цэнээр амьдралаа залгуулахыг бодно. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, мөнгийг нэгдүгээрт тавихгүй байж чадвал монгол хүн ажилгүй байх учиргүй билээ.
Ядуу гээд яриад байгаа маань ердөө л сэтгэлгээнийх. Монголыг өөд татахын тулд иргэдийнхээ сэтгэлгээг өөд татах хэрэгтэй. Ард түмэндээ ухуулга сурталчилгаа хийх хэрэгтэй. Хувиа хичээсэн үзлийг нь таягдан хаях ёстой. Нийгмийнхээ төлөө явъя. Япон, Солонгосын хөгжил бол баг, хамт олноор ажиллах чадварыг бэхжүүлэхэд төрийн бодлогоо чиглүүлсэнд байгаа юм. Япон, Солонгост хүүхдэд дүн тавихдаа хүртэл ганцааранд нь тавьдаггүй. Аравтаар нь тавина. Ганц хүнд онц тавиад яах юм. Хувиа хичээгээд л явна биз дээ. Хувиа хичээх явдлыг ингэж дээрээс нь шахдаг байхгүй юу.
Чингис хааны үед ч тийм байсан. Хувиа хичээсэн улсыг давраачихаад байна шүү дээ, манайхан. Нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй улсыг дэмжиж байж бид цаашаа явна. Би нийгмийн төлөө сэтгэл, ухамсар бол Монголын хөгжлийн түлхүүр юм гэсэн өгүүлэл бичсэн юм. Нийгмийн үзэл бол эх оронч үзлийн илрэл билээ. Хувиа хичээгээд яваад байх юм бол бид хэзээ ч өөдөө гарахгүй. Монголын ард түмэнд үүнийг амархан ойлгуулж болно. Ухаантай улс зөндөө байгаа. Yүнийг автобусаар зорчиж яваа таван хүний нэг нь ярьж байна. Би ухаантайдаа ганцаараа яриад байгаа юм биш.
Монголд хөдөлмөрийг үнэлэх үнэлгээ алга. Зах зээлийн харилцаанд хөлөө бүрэн олохгүй байгаагийн гол шалтгаан энэ. Цалин хөлсийг албан тушаалынх нь зэрэглэлээр тогтоочихсон. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн өндөр цалин авах ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ.
Гадаад улс орны хүмүүс яагаад үнэнч ажиллаад байдаг юм, ямар шалтгаанаар ажил голдоггүй юм бол гэсэн асуултын хариу маш энгийн. Цэвэрлэгч нь захирлаасаа илүү өндөр цалин авдаг байхгүй юу. Байгууллагадаа олон жил, итгэлийг нь дааж ажилласан жижүүр өндөр албан тушаалтнаас нь илүү цалинтай байдаг. Цэвэрлэгчийн цалин бага байх ёстой гэдэг үзэл социализмын үеийн сэтгэлгээ. Социализмийн үеийн тэгшитгэлийн систем ийм болгосон юм. Энэ сэтгэлгээг халах хэрэгтэй. Байгууллагад асар их хувь нэмэр оруулж байгаа улс өндөр цалинтай байх ёстой. 1000 долларын цалинтай цэвэрлэгч байж болно шүү дээ.
Захирал нь ажил хийж чадахгүй бол 100 долларын цалинтай байж болно. Хүнийг албан тушаалаар нь цалинжуулдаг байж таарахгүй. Манайхан гадаадад очоод яагаад өндөр цалин аваад байгаа юм? Гол шалтгаан нь хөдөлмөрийн зөв үнэлэмж. Хөдөлмөрийг зөв үнэлж чадвал жорлонгийн цэвэрлэгчийн ажлыг хүн голохоо болино. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Бид хүнийг цалинжуулах талаараа зах зээлийн харилцаанд шилжиж чадаагүй. Төрийн байгууллагын ачааллыг хувийн хэвшилд, төрийн бус байгууллагуудад зоригтой шилжүүлмээр байна.
Засгийн газрын дэргэд хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага байгаад яах юм. Тэр байгууллагын ажлыг тухайн холбоод нь хийх хэрэгтэй. Улсаас төсөв өгч болно. Гэхдээ орон тоонд нь биш хийх ажилд нь өгөх хэрэгтэй.
Улс гэрээ ийм бодлогоор өөд татмаар санагддаг юм. Би нийгмийнхээ л төлөө явсан. Миний амжилтын эх сурвалж бол энэ. Зарим хүмүүс Танд улс орон ямар хамаа байна аа. Сургуулиа л өөд нь татаад хувийн амьдралаа бодоод явахгүй юу. Та ямар сонин хүн бэ гэдэг юм. Нийгмийн сайн сайхан байдал эргэж бидэнд нөлөөлнө. Монгол улс муу хөгжвөл бид яаж сайн сайхан амьдрах юм бэ?

ЧИНГИС ХААНЫГ ӨМЧЛӨӨД ЯАХ БИЛЭЭ

Чингис хаан тэртэй тэргүй дэлхийн хүн. Монгол хүн байсан нь үнэн. Гэхдээ тухайн үедээ дэлхийн хүн болж чадсан. Өнөөдөр ч дэлхийн хүн. Дэлхийн мянганы хүн. Америк, Орос, Хятадын хүн гэж үзэж болохгүй. Чингисийг бид өмчлөөд яах юм билээ. Харин Чингис хааныхаа үзэл санаагаар л амьдрах учиртай. Чингисийн Монгол гэж овоглох эрхтэй болсны хувьд их хааныхаа үзэл санаагаар амьдарч, улс гэрээ өөд татах учиртай. Гадаадын улс орнууд өөртөө хэрэггүй юманд мөнгө цацдаггүй.
Америк Чингис хааныг судалж байна. Олон улс Чингис хааныг судалж байгаа. Хэрэгтэй учраас л судалж байгаа хэрэг. Чингис судлал Америк, Япон, Солонгост хэрэгтэй байна. Солонгосчууд Чингис цустай гэдгээрээ бахархаж байна.
Чингис хааны төрийн бодлого, Их засаг хуулийнх нь үзэл санаа хэрэгтэй болохоор дэлхий Чингис судлалд анхаарч байна. Америкийн эдийн засгийн бүх их, дээд сургууль К.Марксын Капитал-ыг жил бүр 9 сая доллар зарж, хэвлэн судалдаг. Гэтэл манайх К.Марксыг хаячихсан. В.И.Лениний зохиолыг судлах хэрэгтэй. Би судална гэж бодож байгаа. Бас К.Марксын зохиолыг гүйцээж судална. Коммунист намын түүхийг судална. Хүн уламжлалаасаа л сурах хэрэгтэй. Болоод өнгөрсөн түүхийг бид яах юм. Хэн уламжлалаасаа сурна, тэр улс ирээдүйд амьдарч чадна. Тэрний төлөө л хүн төрөлхтөн Чингис хаан, Карл Марксыг анхаарч байна.

Ярилцлагыг хөтөлсөн Улаанбаатар таймс сонины сурвалжлагч сэтгүүлч Ц.БААСАНСYРЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button