Бүсгүй таны эрхэмсэг оршихуйн нууц дотуур хувцсанд ч бий

Харин одоо үед энэ нь урлаг болтлоо хөгжин гоёмсог хийц загвар нь өдрөөс өдөрт өөрчлөгдөн бүсгүйчүүдийн биеийнх нь дутагдалтай хэсгийг халхлах, өмсөхөд биед эвтэйхэн болж өөрчлөгдсөөр байна.Дээд зэргийн торго, даавуугаар хийсэн, өөрийн хүссэн өнгө загвар, биеийн хэмжээнд тохирох сонголт өргөнтэй дотуур хувцсыг аль ч их дэлгүүрээс авч болно. Бүсгүйчүүдийн эрхэмсэг оршихуйн нууц ч үүнтэй салшгүй холбоотой. Тиймээс дотуур хувцасны үүсэл, түүхээс сонирхуулж байна.
Бүсгүй та дотуур хувцсыг хэдэн оноос үүсэлтэй гэж бодно. Хоёр сая жилийн өмнөөс үүссэн байна. Тэр үед нүцгэн биеэ халхлах зорилгоор халхавч хийж өмсч байсан нь одоогийн дотуур хувцасны үүсэл аж. Харин дундад зууны үед хүүхнүүд гуалиг харагдахын тулд даашинзны дотуур хөх өргөж, бие барьсан корсет буюу баривчийг өмсч эхлэв. XҮIII зууны үеэс тухайн үеийн нийгмийн амьдрал соёлжиж бүсгүйчүүд ч өөрсдөө дотуур хувцсаа урлан бие хэт барьсан, бэлхүүсээрээ нарийхан корсетыг хэрэглэх болж. Уг өмсгөл нь өвдгөвч, камисол, бэлхүүсэвчээс бүрддэг байна.
Тэр үеийн бүсгүйчүүдийн хэрэглэдэг байсан корсет нь хатуулгатай, бэлхүүс барьсан элсэн цаг хэлбэртэй эмэгтэй хүний биеийг хэт нарийхан, үнэмшилгүй харагдуулдаг байж. Хэтэрхий нарийн корсет амьсгал давчдуулж дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг байсныг тэр үеийн эмч, гүн ухаантнууд болон зохиолчид шүүмжилдэг байжээ. Ялангуяа төмөртэй корсетийн эсрэг байв. Гэвч энэхүү эрдэмтдийн шүүмжлэл бүсгүйчүүдийн хэрэглээг зогсоож чадаагүй бөгөөд эмэгтэйчүүд өөрсдийгөө корсетгүй төсөөлж чадахгүй байсан юм.
Тэд ихэвчлэн сатин, торго, зарим нэг торгоны төрлийн материал болон савхи, үдээс, резин, хатгамлаар чимэглэсэн корсет хэрэглэдэг байснаас гадна үүнийг даган хийц загвар нь ч төрөлжиж эхэлжээ. Тухайлбал, усанд сэлэхдээ, морь, дугуй унахдаа өмсдөг корсетийг хэрэглэх болж. Нийгэм хөгжихийн хэрээр корсетыг эрүүл ахуйн талаас нь илүү анхаарах болж, зарим эрдэмтэн корсет хүний биед их муу нөлөөтэй гэж байхад, нөгөө нэг хэсэг нь дотор эрхтэнд ямар ч сөрөг нөлөөгүй гэж үздэг байжээ. Гэвч бүсгүйчүүд ХХ зууны төгсгөл хүртэл богино өмдтэй, өвдгөө хүртэл үдээстэй корсетыг өмссөөр байсан ч дахиад эсэргүүцэлтэй тулгарсан байна. Гэхдээ энэ удаад олон нийт үүнд дургүйцэж.
Нийгмээ даган хийц загвар нь хувьсч байсан корсет дараагийн загварт халаагаа өгөв. Энэ нь 1913 оны дотуур хувцасны дэвшил юм. Энэхүү дэвшлийг нээгч нь мэдээж эмэгтэй хүн байсан бөгөөд Мария Феблес Яков хэмээх бүсгүй шинэ төрлийн маш зөөлөн, биед эвтэйхэн, хөхийг жинхэнэ өөрийн мэт харагдуулахуйц дотуур хувцсыг бүтээжээ. Тиймээс дэлхийн нэгдүгээр дайн гэхэд эмэгтэйчүүд корсетыг хэрэглэхээ бүр больжээ.
Гэхдээ уг нээлт тийм ч удаан ноёрхсонгүй. Түүний шинэчилж, сайжруулсан загварыг 1951 онд Варнер компани Марри Видов брэндийн сунадаг сатин бэлхүүсэвч, дугуй аяга болон жийргэвчтэй, өргөгч нумтай, ар талдаа дэгээ түгжээтэй хөхөвчийг үдшийн гоёлын хувцсанд зориулан бүтээж энэ нь ч тухайн үедээ хамгийн их гүйлгээтэй барааны нэг байжээ. Хэтэрхий том хөхтэй бүсгүйчүүдээ ч мартсангүй. Мөн бэлхүүс, хэлбэр галбиргүй сул чөлөөтэй болсон. 1930 оноос эхлэн эмэгтэйлиг төрхдөө орсон дугуй сайтай, оймс тогтоогч резинтэй оймс моодонд оров.
Сонирхуулахад, 1960-аад оны эхээр эмэгтэй хиппи нар хөхөвчийг эсэргүүцэн маш олон дотуур хувцасны үйлдвэрийг шатаасан байна. Харин одоо үед эмэгтэйчүүд төрөл бүрийн хийц загвар, өнгө, сонголт арвинтай дотуур хувцсыг өмсөх болсон. XXI зуун гэхэд дотуур хувцас эрчүүдийн сонирхлыг татахаар загвартай болж түүнийг эмэгтэй хүний хоёр дахь арьс хэмээн нэрлэх болов.
Биеийн галбирыг даган унасан, агаар нэвтрүүлдэг материалтай, хатуулгагүй, эсвэл шинэ нэмэгдэл хатуулгатай, дур хүсэл бадраасан тачаангуй тусгай нөхцөлд өмсөхөөр зохицсон дотуур хувцсыг та хүссэн их дэлгүүрээс авч болохоор болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button