Сэжигтнийг ар гэрт нь мэдэгдэлгүйгээр хорьдог журам тогтжээ

Энэ үеэр цагдан хорих байрны ахуй нөхцөл, хоригдогсдын эрүүл мэнд, хүнсний эрүүл ахуй, хоолны илчлэгийг тогтоолгон дүгнэлт гаргуулахаар УМХГ-ын болон Эрүүл мэндийн улсын байцаагчдыг давхар ажиллуулж, өдөр тутам өгдөг хоол цайны дээжинд шинжилгээ хийлгэсэн байна.
Цагдан хорих байранд саатуулагдаж байгаа хүмүүсийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тухай асуудал бишгүй л яригддаг. Энэ удаад ч өрөө дамжуулан хорьдог, сэжигтэн, яллагдагчдын эрх чөлөөнд нь халдан, сэтгэл санааны хүнд дарамтад оруулдаг гэх улиг болсон асуудлын үнэн мөнийг тодруулахаар хуулийнхан ажилласан байна. Энэ ч үүднээсээ 900 гаруй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй нэгбүрчлэн уулзаж биед нь нарийвчилсан үзлэг хийн, шарх сорви бий эсэх, дарамт шахалт байгаа эсэхийг асууж лавлан, хоригдогсдын хувийн хэрэг, карттай нэгбүрчлэн танилцжээ. Энэ үеэр мөрдөн байцаалтад удаан хугацаагаар шалгуулж байгаа болон үндэслэл муутай хоригдсон байж болзошгүй гэж үзсэн 51 хүний хэрэгтэй танилцаж, арван хүний цагдан хорих тогтоолыг өөрчлүүлж батлан даалтад гаргасан байна. Ямартай ч хоригдогсдын биед үзлэг хийхэд учирсан ил гэмтэл, шарх илрээгүй байна. Мөн энэ үеэр өлсгөлөн зарлаад байсан Идэрцог, Д.Хүрэлбаатар нарыг эмчид үзүүлэн эмнэлэгт хэвтүүлснээр өлсгөлөнг нь зогсоолгожээ.
Шалгалтын үеэр нийт 915 хүн тус цагдан хорих төвд байсны 26,5 хувь нь онц хүнд гэмт хэрэгтэн байсан бөгөөд хөнгөн гэмт хэрэгт нэг ч хүнийг цагдан хориогүй байсан аж.

ШYYхийн зӨвшӨӨрӨлгYйгээр саатуулдаг зӨрЧил арилахгYй нь

Хорих 461 дүгээр ангийн дэргэдэх баривчлах байранд нийт 724 хүнийг баривчлан саатуулсан байсан ба тэдний 681-ийг нь шүүхээр батлуулалгүй нэг үгээр хэлбэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр, мөн хоёр хүнийг прокурорт огт танилцуулалгүй саатуулсан байжээ. Цагдаа, хуулийнхан хойшлуулшгүй тохиолдол гэдэг үгийг урдаа барин хорьж цагдах нь элбэг. Энэ удаад ч энэ үндэслэлээр 82 хүнийг баривчилсан байжээ. Аливаа нэг сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьсон тохиолдолд 24 цагийн дотор ар гэрт нь мэдэгдэх ёстой. Тэгвэл 166 хүнийг саатуулсан атлаа хэнд ч дуулгаагүй ноцтой зөрчил ч гарчээ. Аанай л хар баасан гариг гэж нэрийдээд байгаа тав дахь болон амралтын бямба, ням гаригт 211 хүнийг саатуулсныг үндэслэлтэй эсэхийг шалгахад мөн л ар гэрт нь мэдэгдээгүй, сэжигтэнд тогтоолыг нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй байжээ. Тиймээс энэ хүмүүсийн 123-ийг нь ар гэр, асран халамжлагчийнх нь батлан даалтад өгч, хорих тогтоолын хугацаа дууссан хоёр хүнийг сулласан зэргээр шалгалтынхан хууль зөрчсөн аливаа асуудлыг дор бүрд нь шийдэж явсан байна.

ЭмэгтэйЧYYдийг богино хугацаагаар салхилуулдаг нь хуулийн заалтыг дур мэдэн зӨрЧсӨн Yйлдэл аж

Нийт хоригдогсдыг долоо хоногт хоёр удаа 15-20 минутын хугацаагаар салхилуулж байгаа нь заасан хугацаанаас 10 минутаар бага байж. Цаашлаад эмэгтэйчүүдийг долоо хоногт дөрвөн удаа тус бүр 30 минут орчим салхилуулах ёстой байтал эрчүүдтэй адилаар богино хугацаагаар салхилуулж байгаа нь хуулийн заалтыг дур мэдэн зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
Тус цагдан хорих төвд нэгнийгээ дарамталж, зоддог тухай гомдол байдаг бөгөөд энэ нь ортой бололтой. Учир нь шалгалтын үеэр 20 хүн бусдыг дарамталсан, 21 нь хоорондоо маргалдаж зодолдсон, 11 хүн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйн дээр хэл амаар доромжилсон байхад үлдсэн нь өрөөний хана, шал ухаж нүхэлсэн, хамгаалалтын тор тасдаж өрөөнөөс гарсан, доод давхрын хоригдолтой бохирын хоолойгоор ярьсан, гэрлийн утаснаас цахилгаан гарган кротик хийсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Энэ нь тус цагдан хорих ангийн дэг журам сул, салан задгай байдлыг харуулж байна гэж холбогдох хүмүүс дүгнэж байгаа аж.
Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч болоод хорих ангийн ажилтнууд хоригдогсдын камерыг дур мэдэн сольж байгаа шалтгааныг судалж үзэхэд дийлэнх хувийг Эрүүгийн цагдаагийн газрын хүсэлтээр, мөн телекамерын хяналтад байлгах зорилгоор өрөөг сольсон байжээ. Сүүлийн үед хорих ангиудын эмнэлэг, эмч нарын өмнө тулгараад байгаа шийдвэрлэхэд хүндрэлтэй гол асуудлын нэг нь сүрьеэтэй өвчтнүүд болоод байгаа. Энэ өвчин газар авснаар архагшин нэгэндээ халдварлах нь ихэсч цаашлаад амиа алдах нь ч ердийн үзэгдэл болсон. Yүнийг тухайн хорих ангийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг ч үнэн чанартаа бол энэ төрлийн өвчтэй 10 хүний долоо нь гаднаас сүрьеэ өвчтэй ирж хоригдсон байдаг аж. Мөн зарим нэг нь сэтгэл санааны хямралаас, эргэлт ирдэггүйгээс жингийн алдагдалд орж, энэ нь сүрьеэ өвчний эх үүсвэр болох нь ч бий аж.
Энэ удаагийн шалгалтыг прокурорын байгууллагаас хийсэн ч өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой нэлээдгүй зөрчил илэрчээ. Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хоригдон шалгуулж байгаа сэжигтэн, яллагдагчийн 121 нь прокуророо огт мэдэхгүй, нэг ч удаа уулзаагүй байдаг. Гэтэл сэжигтнүүд өөрийнх нь хэрэгт хяналт тавьж буй прокурортойгоо уулзах хүсэлтэй байдгаа ч энэ үеэр холбогдох хүмүүст дуулгаж амжжээ.
УЕПГ-ын орлогчийн баталсан удирдамжийн дагуу хорих 461 дүгээр ангид долоо хоногийн хугацаатай хийсэн шалгалтын дүнг тус ангийн удирдлага болоод цагдаагийн газрын удирдлагуудад танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button